Хоёр хөрш ирэв, хоёр “УЦС” ярив

Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүд Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалаар эхэлсэн. Монголд 24 цаг саатсан Оросын ерөнхийлөгч Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглээд буцав.

Айлчлалын үеэр “ДЦС-3”-ын өргөтгөл, зураг төсөл боловсруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай, Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт холбогдох сайд нар гарын үсэг зурсан.

Эдгээрээс Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурсан “ДЦС-3”-ын өргөтгөл, зураг төсөл боловсруулах тухай хэлэлцээр олон нийтийн анхаарлын төвд байлаа. Уг хэлэлцээрийн утга нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг “ДЦС-3”-ын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийх тухай юм. Өртөг нь 1.3 тэрбум евро болно. Мэдээж энэ бол зээл бөгөөд “…Талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ” гэсэн албаны мэдээлэлтэй байна. Монгол Улс хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай авч буй зээлээр Оросын “Интер РАО экспорт” компани тус ажлыг гүйцэтгэнэ. Олон нийт үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Үүнээс гадна, Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Оросын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурж, байгуулав. Үүгээр Эгийн голын УЦС байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэхээр нэгдсэн шийдэлд хүрснийг албаныхан зарласан. “…Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо” гэснийг “…Эгийн голын УЦС дахиад л улиг боллоо. В.Путин ирээд манайхныг Байгал нуурын хамгаалагчаар томилоод буцлаа” гэж шүүмжлэх хүмүүс байна. Үнэхээр ч манай улсын төр, засгийн зүгээс энэ УЦС-ыг яриад, бодит ажил хийхээр зүтгэж эхлээд 60 дахь жилийнхээ нүүрийг үзсэн. 1995 оноос хойш хэд хэдэн удаагийн оролдлогоор Эгийн голын УЦС-ыг барих ТЭЗҮ-ээ хүртэл хийгээд тендер зарласан ч бүтэлтэй болоогүй. Лав 1995 онд Малайзын санхүүжилт, гүйцэтгэлээр, 2006, 2015 онд Хятадын санхүүжилт, гүйцэтгэлээр барихаар зориглоод чадаагүй. “Эгийн голын УЦС” нэртэй төслийн нэгж байгуулж, өдгөө компани хүртэл өргөжүүлээд 11 жил болчихлоо. Төслийн нэгж төсөв зардал өндөртэй. Ажил нь байдаггүй, амьдраад л байдаг. Гэвч энэ бүхэнд “…Байгаль орчны нөлөөлөл” нөлөөлсөн гэдэг. Учир нь манай санаачилгаар 1992, 2014, 2019 онуудад гадаадын байгууллагууд байгаль орчны нөлөөллийн судалгааг хийсэн. Хариу нь “…Зүгээр ээ, асуудалгүй” гэж гардаг.  Харин Оросын тал эргэлздэг. Улмаар 2021 онд Дэлхийн өвийн хороонд хандсан. Дэлхийн өвийн хороо дахин судалгааны баг ажиллуулсан. Дүгнэлт нь “…Байгал нуурт нөлөөлөхгүй” гэж гарсан. Дэлхийн өвийн хороо өнгөрсөн зун долдугаар сард Энэтхэгт хуралдаж, дээрх судалгааны дүгнэлтийн дагуу шийдвэр гаргасан. Гэсэн ч Оросын тал манайхтай хамтарсан ажлын хэсэг гаргаж, дахин дүгнэхээр болж байна. Гэхдээ энэ нь Эгийн голын УЦС яригдаад 60 жил, ажил болгох гэж зүтгээд 32 жилд болж буй Оросын талын анхны “нааштай үг” болж байгаа юм. Тиймээс энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Олон жил яригдсан Эгийн голын УЦС-ын төслийг онцгойлон анхаарч, Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг  байгууллаа. Ийнхүү Эгийн голын УЦС-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна”, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын УЦС-ын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Ингээд В.Путины айлчлалаар хэлэлцсэн хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлын хэсэг хэзээ байгуулагдаж, Эгийн голын УЦС байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээг хэдийд хийж дуусах вэ гэдгийг хүлээх үлдэж байна. Хамгийн гол нь ямар дүгнэлт гаргах нь сонин байгаа юм.

В.Путин яваад удалгүй, өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятадын дэд дарга Хань Жөн манай улсад айлчиллаа.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, зэргийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа хоёр улсын боомтуудыг төмөр замаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, газрын тос, тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай бодис нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чиглэлд анхаарал хандуулж буйгаа хэлсэн. Тэрбээр “…Ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал юм. Мөн Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэх зорилготой байна. Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдын зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байна” гэв. Түүнчлэн “…Эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байна” гэсэн. Үндсэндээ Засгийн газар дээр онцгой ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн байна. Учир нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл  Эгийн голыг бодвол аль хэдийнэ ажил хэрэг болоод эхэлчихсэн. Тус төслийн 95 хувийн санхүүжилт болох 266,457,328.55 ам.долларыг

Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр шийдэж, үлдэх таван хувийн санхүүжилтийг Засгийн газар гаргахаар болсон. 61 сарын хугацаанд баригдаж дуусах уг төслийн ажил одоо тусгайлсан зээлийн хэлэлцээр гэрээнд гарын үсэг зурах шатандаа явж байгаа аж. Төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна”, “Пауэр Чайна Ченгду” түншлэл өөрийн хөрөнгөөр 2023 онд эхлүүлжээ.

Эрчим хүчний яамтай 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ЭХА-14/2021 дугаартай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан. Тус түншлэл барилга угсралтын ажлыг шинээр усан сан үүсгэж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийн асуудал хоёр жилийн өмнө яригдаж, нэлээд хэл ам болж байв. Уг асуудлыг Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болж, 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэсэн. Нөлөөлөлд өртөж буй Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 145 өрхөд 2022-2024 онуудад иргэн бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 36 сараар тооцсонтой тэнцүү хэмжээний нөхөн олговор олгох асуудлыг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Ер нь бол баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчирах Эрдэнэбүрэнгийн УЦС бас л 60 жил яригдсан. Ховд голыг түшиж барих энэ усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг аль 1960 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу “Гидро энерго проект” институт боловсруулж байжээ. Ингээд 1968 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажил яригдаж эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт хоёр хөрш Монголд ирэв. Тэдэнтэй Монголын төр хоёр УЦС-ын асуудал ярив.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-09-09

    Монгол улс хоёр хөршөөсөө 100 хувь хараат. АНУ-ын ноход болж, амьдралаа залгуулдаг АН-ынхны машинуудыг нь хурааж авцгаа, тэд хаанахын бензинээр явж байгаа ойлгохгүй байна. Мөн АН-ынхныг бараа авахыг нь хориглоцгоо, тэд Хятадын импортын барааг дорд үзэж байна.