ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг шалгаж байна
- 2024-09-16
- Нийгэм
- 0
Цагдаагийн байгууллагаас, энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Нарангийн гол хэмээх газарт байрлах нэр бүхий алт олборлох аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх гэрээг зөрчиж, хүнд даацын 16 техник хэрэгсэл ашиглан, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэргийг илрүүлсэн байна.
Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, техник хэрэгслийг битүүмжилжээ. Хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (0)