Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог

Улс төрийн намуудын нийгэм дэх үүрэг, оролцоо, зорилго нь маш тодорхой байдаг. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг хүмүүсийг улс төрийн нам гэж нэрлэдгийг бид мэднэ. Нэг ёсондоо сонгуульд оролцох хүсэлтэй хэсэг хүн улс төрийн нам гэдэг малгай дор бөөгнөрөхийг нам гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Тэдний сонгуульд оролцох шалтгаан болоод эцсийн зорилго нь ганцхан зүйл дээр фокуслагддаг. Тэр нь нь эрх мэдэлд хүрэх. Хамгийн энгийн хар бор үгээр илэрхийлбэл, улс төрийн намууд зөвхөн дарга болох гэж сонгуульд идэвхтэй оролцдог. Хэрэв сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулбал мэдээж дээшээ албан тушаалд очино. Тэгээд дороос намынхаа бусад улсуудыг татаж ажилд авдаг. Хамаг чимэг гоёог нь тайлаад нүцгэн үнэнээр нь харвал ардчилсан сонгууль гэдэг яг л ийм юм. Энэ нь ганцхан манай улсад ч биш, дэлхийн улс орнуудад байдаг л үзэгдэл. Тэртээх дайны үед ч байсан. Жишээлбэл, Английн түүхэнд гурван удаа улиран сонгогдож, 60 жил төр барьсан Ерөнхий сайд У.Черчиллийн тухай өгүүлэх кинонд энэ тухай маш тодорхой харуулдаг. Тэрбээр “Дайны цаг бишсэн бол мөн ч сайхан эрх ямба байх байлаа. Гэтэл энэ дайны цөвүүн цагт улс орноо сөхрүүлж, ялагдуулчихгүйхэн шиг бүрэн бүтэн авч гарах талаар л толгой гашилгаж сууна даа” гэсэн агуулгатай зүйлийг гэр бүлийнхэнтэйгээ барьсан зоогийн ширээний ард хэлдэг хэсэг гардаг даа. Үнэхээр улс төрийн тоглоомын дүрэм хатуу. Нэг хазгай гишгэж, бодлогогүй алхам хийвэл дахиж хөл тавих эрхгүй тийм л талбар.

Наад захын жишээ гэвэл дарга болсныхоо дараа намынхаа бусад гишүүдийг ажилд авахгүй байвал тэр хүн улс төрөөс арчигдана. Түүний карьер дуусч, улс төрийн хувьд үхдэл болдог. Энэ бол улс төрийн амьдралд байдаг гашуун үнэн. Бодит кэйсүүд ч өчнөөн бий. Ардчиллын 34 жилийн хугацаанд явагдсан сонгууль болгоны дараа бишгүй л харцгаалаа. Урьд нь энэ тухай бид хэлж л байсан.

Өнөөдрийн өндөр албан тушаалд очихдоо тулж түшсэн журмын нөхдөө бодохгүй бол түүнд маргаашийн сонгууль гэж байхгүй. Яагаад гэвэл дараагийн сонгуульд түүний төлөө зүтгэх хүн яасан ч олдохгүй. Албан тушаал, алт эрдэнэс амлалаа ч итгэхгүй. Ганцхан түүнийг л дарга болгох гэж бид үйлээ үзсэн юм уу гэж хэлнэ. Ер нь сонгуульд ялалт байгуулна гэдэг чинь багийн хүч байдаг биз дээ. Өөрийнхөө мундаг сайндаа ч гараад ирдэг юм биш. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах нь нүсэр ажил. Мөрийн хөтөлбөр боловсруулна, штаб байгуулна, санхүүжилт босгоно, ухуулагч хөлсөлнө, иргэдийг цуглуулж уулзалт хийнэ.

Хамгийн чухал нь улс төрийн зөв тактик амжилтын хөтөч болдог. Энэ бүх ажлыг ганцхан хүн яагаад ч барахгүй.

Тэгэхээр тэр нөхрийг сонгуульд ялуулж, эрх мэдэлд хүргэхийн төлөө олон хүн цаг нартай уралдан хүч хөдөлмөрөө шавхаж байдаг. Харин эрх мэдэлд хүрснийхээ дараа намын нөхдөө дарга болгох нь ардчилсан сонгуулийн нэг хэлбэр. Магадгүй намынхаа гишүүдийг дарга болгохгүй, шийдвэр гаргаж чадахгүй шийрэгнээд зөөлөн суудалдаа шигдээд байвал сүйрдэг. Тэр хүн хэзээ ч дээшилж, дэвшиж, хөгжиж чаддаггүй. Мөлийж байгаад л дуусдаг.

Монгол Улс ардчиллын замыг сонгож орсноос хойших ихэнх сонгуульд коммунист угшилтай Ардын нам төрийн эрх барилаа. Тэгвэл ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг барууны үзэлтэй улс төрийн хүчин яагаад өдий хүртэл хүчээ авдаггүй юм бэ гэж ард түмэн гайхдаг. Түүхэндээ АН парламентад хоёрхон удаа олонхийн суудал авч засаглаж байв. Анх 1996 онд АН-ыг ялахад М.Энхсайхан Ерөнхий сайд болж байсан. Тэр үед мань эр Ардчилсан холбооныхныг ажилд тоож авдаггүй байсан гэдэг. Тэднийг ажилд орох гэлээ гэж шоолоод Ардын намынхнаас хүмүүс авдаг байсан тухай улс төрийн хүрээнийхэн одоо ч ярьцгаадаг. Тэрнээс хойш албан тушаалд очсон АН-ынхан бүгд “Ардчилсан холбооны тэнэгүүд ажилд орох гэлээ” гээд ад үздэг болсон. Энэ байдал Хотын даргаас Засгийн газрын тэргүүн болсон Ж.Наранцацралтын үед ч ажиглагдаж байв. Сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хүмүүс ажилд оруулаад өг гээд утасдаад суулгахгүй байна” гэж ярьсан нь илүүц санагдаж байлаа. Яг “Ардын намынхан халагдчих гээд байхад та нар болилдоо” гэж байгаа юм шиг тэр хуучин сэтгэлгээ үнэртэж байв. Ер нь зөвхөн түүнийг сайд болгох гэж АН зүтгээгүй байх. Бусад нь ч гэсэн хоолоо олж идэх ёстой биз дээ.

М.Энхсайханы эхлүүлсэн иймэрхүү хандлагаас болоод АН хүчээ авдаггүй юм уу. Улс төрийн хүчний хувьд мөхмөл. Ард түмэн тэдэнд саналаа өгч сонгуульд ялуулдаг. Гэвч нөгөөдүүл нь ялж гарч ирчихээд өөрийнхөө намынхныг ажилд авдаггүй муухай зантай. Ардын намын хуучин элитүүд болон тэдгээр дарга нарын хүүхдүүдийг л хамгийн түрүүнд ажилд авах гээд гүйлддэг. Нийслэлд АН ялж байсан Э.Бат-Үүлийн үед бас л ялгаагүй. Ардын намын адресстай нөхдүүд л нийслэлээр нэг гүйлдэж байв. Сүүлд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар хүртэл Засгийн газрыг тэргүүлж байхдаа яг адилхан. Өнөөх намынхаа улсуудыг ажилд авахаас төвөгшөөж, Ардын нам руу хэт налж байгаад ойчицгоосон. Ер нь АН-ынхан бүгд л намынхаа хүмүүсийг ажилд авна гэхээр хөдөлдөггүй. Аль эсвэл өөрийнх нь суудлыг булаачихна гэж айдаг юм уу. Ерөөсөө нэгнийгээ дэмжиж, дээш нь татах дургүй улс юм. Тэгэхээр одоо энэ хачин хандлагаасаа салцгаавал яасан юм бэ, АН-ынхаан. Саяын сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газарт орсон та бүхэн л намдаа гэрэл оруулах ёстой. Ардчилсан намын найман сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байгаа. Тэд ядаж л дэд сайдтай болох хэрэгтэй байна. Ингэж байж намынхаа энэ хэдэн ядарсан улсуудыг ажилтай болгоно шүү дээ. Та бүхнийг дарга болгохын төлөө тэд насаараа ардчиллын төлөө зүтгэсэн улс. АН-ын туган дор багтацгаасан л бол ингэж нэгдэж, нэг цул болж, бие биеэ дээш нь татаад улс төрийн намын сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад сонгуульд ялах, эрх барих тухай бодоод ч хэрэггүй биз.

М.МӨНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)