Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 17 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд холбогдох эхний шүүх хурал даваа гарагт болж, түүнийг холбооны галт зэвсгийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ.

 

Райан Р гэх уг этгээдийг ял шийтгэл эдэлж байсан хэдий ч галт зэвсэг эзэмшсэн, серийн дугаарыг нь “балласан” галт зэвсэг эзэмшсэн хэргээр буруутгасан байна. 

 

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаргийн 13:30 цагийн орчимд АНУ-ын Нууц албаны ажилтан Флорида муж улсын Уэст-Палм-Бич хот дахь “Trump International” гольфын талбайн бутнаас бууны ам цухуйж байгааг анзаарчээ. Нууц албаны ажилтныг гал нээсний дараа сэжигтэн буугаа хаяж, машиндаа суугаад зугтсан бөгөөд түүний байрлаж байсан газраас галт зэвсэг, үүргэвч, дуран, GoPro камер олджээ. Хууль сахиулагчид түүнийг Палм-Бич хотын зэргэлдээх зам дээр саатуулсан байна.

 

Цагдаа нар сэжигтэн этгээдийг Райан Р гэдэг эрэгтэй болохыг тогтоожээ. Тэрбээр Хавайд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд боломжийн үнэтэй орон сууц барьдаг гэж хэвлэлүүдэд бичсэн байна. 

 

Сэжигтэн Украиныг тууштай дэмжигч байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд улс төр, цаг үеийн үйл явдлын талаар байнга бичвэр нийтэлдэг, тэр дундаа Д.Трампыг шүүмжилдэг байсан гэдгийг хэвлэлүүдэд онцолжээ. АНУ-ын Нууц албанд илүү олон бие бүрэлдэхүүн хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч Жо Байден Д.Трампын амийг хөнөөх оролдлогын дараа мэдэгджээ.

 

“Нууц албанд илүү их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд Конгресс тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж би бодож байна” гэж Ж.Байден Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

 

Хоёр сарын өмнө Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг гарч, улмаар Нууц албаны дарга Кимберли Читлийг огцруулахад хүргэсний дараа тус албыг шалгаж эхэлжээ. Тус алба долоодугаар сарын 13-нд болсон халдлагын дараа Д.Трампын аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг чангатгасан байна. Уг халдлагын үеэр зэвсэгт этгээдийг Нууц албаны ажилтнууд буудан хөнөөсөн юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)