УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ 126 гишүүнтэй болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар ажиллаж, ардчилсан засаглал хангагдаж байна
- 2024-09-24
- Улс төр
- 0
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжлэв.
Улсын Их Хурлын дарга (2024.09.24) Завхан аймгийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоо танилцууллаа.
Уулзалтын эхэнд, 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 126 гишүүн УИХ-д сонгогддог болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар шийдвэр гаргадаг болж, ардчилсан засаглалыг бүрэн хангаж буйг онцоллоо. Түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд энэ удаагийн парламент хууль санаачилж, хэлэлцэн баталж, хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, иргэдийнхээ өдөр тутмын хуулийн харилцаанд анхааран ажиллана гэлээ. Тийм ч учраас хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг явуулахаар “Гурван төгөлдөршил” бодлогыг зарлаад байна. Тус бодлогын хүрээнд хүн төвтэй хуулийн үзэл баримтлал бий болж, хууль нарийн тодорхой бөгөөд цаг үеэ даган шинэчлэгддэг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн 2 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байгаагийн хувьд тус бүс нутагт ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын талаар танилцуулав. Баруун бүсийн иргэдийн хувьд Улаанбаатар хот, Замын-Үүд гээд томоохон зах зээлээс даруй 1000-2500 км хол оршдог учраас эдийн засгийн өсөлт, амьдралын чанар зэрэг нь төвийн бүс, зах зээлтэй ойр бусад орон нутгуудтай харьцуулахад хангалтгүй байна. Тиймээс эрчим хүч, авто зам, аялал жуулчлалын салбараар дамжуулан тус бүс нутгийг өөрсдийн зах зээлтэй болох боломжийг бүрдүүлж буйг онцоллоо. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн аймгуудын төв хооронд, аймгийн төвөөс боомт хүртэл, аймгийн төвөөс сумд хооронд авто зам барих ажлуудыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, боомтууддаа түшиглэсэн эдийн засгийн өсөлт бий болгоно гэв. Ингэснээр баруун бүсийн аймгууд өөрсдийн бүс нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, заавал Улаанбаатар хот руу чиглэх шаардлагагүй болно.
Завхан аймгийн иргэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)