Хангайн бүс: Аймгуудын сонгуулийн штабыг хэн удирдаж байна вэ

Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт УИХ-ын сонгууль долоон мандаттай зохион байгуулагдаж,  АН ялалт байгуулсан.  Тодруулбал, АН таван мандат сугалж,  МАН хоёрхон суудалтай үлдсэн юм.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар ч хангайн бүс цэнхэртэх боломжтой гэсэн үг.  Архангай, Өвөрхангай, Баянхонгор  аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдан орж байгаа тухай тоймлон хүргэе.

Архангай аймгийн ИТХ-д 41 гишүүн сонгогдоно.  МАН-аас одоогийн аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сонгуулийн штабаа удирдан оролцож байна.  Тэрээр энэ жил нэр дэвших ажиллагаанд нэлээд өөрчлөлт шинэчлэл хийж, 41 нэр дэвшигчийн 50-аас дээш хувьд шинэ хүн оруулсан гэдгээ онцолсон байна.  Б.Цэрэннадмид нь 2022 оноос тус аймгийн Засаг даргаар ажиллаж 2023 онд аймгийн 100 жилийн ойг чамгүй сайн удирдан зохион байгуулж, олонд танигдсан юм. 

Архангай аймгийн АН-ыг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга тэргүүлж байна.  Тэрээр гишүүнээр сонгогдсоныхоо дараахан аймгийн АН-ын даргаар томилогдсон байдаг.  Энэ удаагийн орон нутгийн сонгууль түүний багт цоо шинэ сорилт болох учиртай. Архангай ер нь цэнхэртэх дуртай тойрог.  Өмнөх орон нутгийн сонгуулиар  АН нэг төлөөлөгчийн зөрүүтэйгээр ялалт байгуулж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг 2-3 удаа авч байсан ч амжилттай удирдаж чадаагүй. Тэгэхээр архангайчууд итгэл хүлээлгэх эсэх нь бас л эргэлзээтэй.

Өвөрхангай аймаг 41 төлөөлөгч сонгоно. Өвөрхангай аймгийн АН-ыг Б.Ихбаяр удирдаж байна. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард аймгийн намын даргаар сонгогдож байв.  Улмаар УИХ-ын сонгуулиар тун амжилттай ажиллаж, улаан байсан аймгаа цэнхэртүүлж чадсан билээ.  Одоо түүний баг амжилтаа баталгаажуулахаар орон нутгийн сонгуульд орж байна.

Аймгийн МАН-ын даргаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж ажилладаг.  Тэрээр мөн энэ удаагийн орон нутгийн сонгуульд намын нэр дэвшигчдээ удирдан орж байна.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн тойрог МАН-ын гишүүдэд тун халгаатай байв.  Харин удаа яах бол...

Баянхонгор аймгийн МАН-ыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан удирдаж байна. Тэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  Санхүү газрын дарга,  “Их богд зам” ХХК-ийн захирал байсан намтартай. Ямартай ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүнтэй холбоотой асуудал нэлээд ундарч, чамгүй чимээ шуугиантай Засаг дарга байв.  Баянхонгор айм­гийн ИТХ 40 төлөөлөгч сонгох юм.

Баянхонгор аймагт намынхаа орон нутгийн сонгуулийг УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан удирдаж байгаа юм.  Тэрээр Хангайн бүсээс олонхын санал авч гишүүн болсон.   Өмнө нь төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн хэмээн Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нэгэн билээ. 

Орон нутгийн сонгуулиар Хангайн бүсэд АН нэлээд хүч хаяж буй бололтой.  Хоёр ч УИХ-ын гишүүн нь аймгийн намын төлөөлөгчдөө удирдан сонгуульд оролцож байна.  

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)