АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 879 хэрэг шалгагдаж байна
- 2024-09-30
- Нийгэм
- 0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 879 хэрэг шалгагдаж байна.
Төрийн банкны албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусадад хахууль өгсөн гэх, “ДЦС-4” ТӨХК-ийн албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн гэх, Эрүүл мэнд, спортын яамны Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдах албан тушаалтан “Д” бусдад хахууль өгсөн хэрэг гэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвийн албан тушаалтан “Н” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн гэх, иргэн “М”, “С” нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан “Б”-д хахууль өгсөн гэх, Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн удирдах албан тушаалтан “У” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, байгууллагын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх, Багануур дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн удирдах албан тушаалтан “М” нь бусдад хууль бус давуу байдал олгосон гэх, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх, Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан тушаалтан “Э”, “Б” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийгээгүйн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэх, Баянгол дүүргийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “Б” нь бусадтай бүлэглэн төсвийн болон төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь нэр бүхий компаниудтай хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх, иргэн “Б” нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдах албан тушаалтан “С”, “Э” нарт 14 удаагийн үйлдлээр нийт 560,0 сая төгрөгийн хахууль өгсөн гэх, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ойн ангийн удирдах албан тушаалтан “Э” нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах алба тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, ХААИС-ийн удирдах албан тушаалтнууд нь тендер шалгаруулалт явуулалгүйгээр тээврийн хэрэгслүүд худалдан авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)