Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно
- 2024-10-01
- Нийгэм
- 0
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.
-Ажил олгогч, ажилтан хоёрт тулгамддаг хамгийн том асуудал нь Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний хувьд татварын чиглэлээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан хүн. Татварт системийн өөрчлөлтүүдийг бол хийсэн. Гэхдээ татвар маань 1992-1996 онд аж ахуйн нэгж 40 хүртэл татварын дөрвөн шатлалтай байлаа. Хувь хүн мөн 40 хүртэл хувийн таван шатлалтай байсан. Тэр үед технологи байхгүй, социализм нурчихсан. Нийтдээ 1856 аж ахуйн нэгж байсан ч бүгд дампуурсан. Нэг ёсондоо хүнийг өмчгүй байлгах, аж ахуй эрхлэхгүй байлгахын төлөө байсан татварын систем нь үргэлжлээд үйлчилсэн. Энэ үеэс хойш 4/10-ын бодлого гээд татваруудаа багасгалаа. Татварын системээ өөрчиллөө.
Сүүлд НӨаТ гээд бүртгэлийн систем орж ирсэн. Танхимын ерөнхийлөгч байхдаа бид 2019 онд Татварын багц хуулийг батлуулсан. Цар тахлын үеэр ч татварын дарамт байхгүй болсон.
Өнөөдөр татварын төлөвлөгөө бүх төрлөөрөө биелээд байгаа нь татварын байгууллага сайн, нам, төр нь ухаалаг бодлого гаргасандаа биш. Бид шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ирснээр татвар ийм болсон. Гэтэл өнөөдөр даатгалын систем, философи нь яг коммунизмаараа байгаа. Даатгалыг авч байгаа аргачлал, үйлчилгээ ч тэр л хэвээрээ байна. Тэр үед л байсан сурталчилгааг бид өнөөдөр хийгээд явж байгаа. Түрүүн хэлсэн татвартай адилхан өөрчлөлтүүдийг даатгалд хийж чадаагүй. Тийм болохоор одоо дампуурчихсан. Жишээлбэл, цар тахал болоод бид улсаараа зогссон. Ажилгүйдлийн даатгалыг тэр үед төрөөс өгөх байсан ч өгөөгүй. Энэ чинь л дампуурчихсан байгааг нь харуулж буй юм. Даатгал гэдэг нийтийн мөнгө. Цугласан мөнгөний хүч маш ихтэй. Гэтэл саяхан болтол энэ мөнгийг хэн ч тоодоггүй байсан. Салбарын сайдынх нь бараг дур зоргын асуудал байлаа. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд энэ мөнгийг шууд хувьцаат компани гэдэг шиг компани болгосон байхгүй юу. Тэгээд цуглаж байгаа мөнгийг нь өөр оновчтой зүйлд хөрөнгө оруулалт хийж өсгөх процессыг 1990 онтой цуг хийсэн. Манайх болохоор яг коммунизмаар нь орхичихсон.
-Тэгвэл энэ даатгалын системээ сайжруулахын тулд бид яах ёстой юм бэ?
-Эхлээд философийг нь өөрчил. Зах зээлийн системд үйлчилдэг, нийтийн төлөө мөнгө нь үйлчилдэг байдлыг бий болгох хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 онд гарсан. Гэтэл үүнд хамгийн их садаа болсон зүйл нь нийгмийн даатгалын систем. Яагаад гэхээр сүлжээнд ороогүй байсан. Эндээс даатгал маань хуучин хэвээрээ байгааг би харж байсан. Миний хувьд гурван талт хэлэлцээрт 10 гаруй жил орж байлаа. Харамсалтай нь хамтрач байгаагууллагуудын барьж байгаа философи нь яг л коммунизмаараа байдаг. Манай Үйлдвэрчний эвлэл чинь 1988 оны хуультай хэвээрээ, Ж.Батмөнх гуайн гарын үсэгтэй, БНМАУ-ын хууль үйлчилж байгаа газар.
-Ерөнхийлөгч нь сая сонгуулиар намын жагсаалтаар гишүүн болчихсон биз дээ?
-Сая бол бүр хошин юм болсон. Манай МАН чинь бүгдийг “Азаргалана” гээд танимыг хүртэл булаагаад авчихсан шүү дээ. Үүний гор нь удахгүй гарна. Тийм болохоор л би уг үндсээр нь хурдан янзлах ёстой гэж хэлээд байгаа юм. Үүн дээр Л.ЭнхАмгалан сайд философийн таолаас нь хандвал их өөр хандлага гарч ирнэ. Даатгалаа зөв, эрүүл болгочих юм бол хөрөнгө оруулалтын асар том сантай болно. Манай Оюу Толгойн анхны хөрөнгө оруулагч нь Английн тэтгэврийн сан шүү дээ. Тэгээд яг Монголын говьд хөрөнгө оруулж байна уу, үгүй юу гэдгийг ханхүү нь ирж үзэж байсан. Энэ чинь нийтийн мөнгөө зөв юманд хийж үү гэдгийг харж байгаа юм. Тэгэхээр нийтийн санхүү гэдэг чинь төрийн албаныхан идэж уухаасаа илүү арвижуулах уу, ашигтай байлгах уу гэдэг дээр л ухаан гаргаж байна. Үүний чинь ард цугласан мөнгөний хүч гэж маш том зүйл байдаг. Мөн өнөөдөр та эмнэлэгт хэвтлээ гэхэд тав хоногийн мөнгийг танай компани буюу “Өдрийн сонин” төлдөг. Энэ бол луйвар. Анх 1997 оноос эхэлсэн зүйл. Даатгалын үндсэн философийг нь өөрчилсөн. Уг нь та өвдлөө л бол тэндээс эхлэн танд даатгал үйлчлэх ёстой. Гэтэл эхний тав хоногт нь танай компани төлж байна. Жилдээ ийм байдлаар бараг 20иод тэрбум төгрөг авчихаж байгаа. Өнгөрсөн жил хууль дээр нь үүнийг хассан ч яг УИХ дээр орохдоо буцаагаад хийчихсэн. Тиймээс үүнийг удахгүй ҮХЦ-д өгөх бодолтой байгаа. Даатгалыг даатгалаар нь ажиллуулахгүй, дундаас нь ажил олгогчийг хохироогоод байгаа юм.
-Нийсгмийн даатгалд өртэй компаниуд маш их байна. Ажилтнаасаа суутгаад авчихсан хэрнээ өгөөгүй. Ингээд ажилтан хохирдог. Энэ асуудлыг ер нь яах ёстой юм бэ?
-Өнгөрсөн 2007 оны хоёрдугаар сарын 15-нд Нийгмийн даатгалын болон Татварын хуулийг хэрэгжүүлэх хууль гэж гарсан. Тухайн үедээ 2200 компани ашиглаад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөө ил гаргасан байдаг. Харин 2000 орчим иргэн л ашигласан байдаг юм. Уг нь энэ хууль тавхан заалттай. Түүний нэг нь даатгалын асуудал байсан. Одоо бол тухайн компани нь төлөөгүй бол иргэн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Даанч системийнхээ флиософийн алдааг нь засах ажил даатгалын хуульд ороогүй. Гэтэл одоо татвар бол 30 жилийн өмнөхөө бодоход маш иргэнлэг болсон. Татварын байцаагчийн харилцаа хүртэл шал өөр болсон. Өнөөдөр даатгал ийм болоогүй. Яагаад гэвэл коммунист маягаараа байгаа. Энэ мөнгийг хэн ч авдаггүй. Зөвхөн хэдэн эрх мэдэлтнүүд авдаг гээд ойлгочихсон. Дээрээс нь ажил олгогч маань даатгалаа төлөхгүй бултаад яваад байвал болно гэсэн буруу сэтгэлгээтэй болчихсон. Өнөөдөр хувь хүн дээр ногдох татвар, даатгалын ачаалал маш хүнд байгаа. Аж ахуйн нэгж 1.5 тэрбумын орлоготой байгаад татвараа төлөхөд түүнийх нь 90 хувийг буцааж өгч байгаа шүү дээ. Дээр нь нийгмийн даатгалын 12.5 хувь, бараа худалдан авахдаа 10 хувийн НӨАТ төлнө. Ингэхээр бараг 40-өөд хувь болчихоод байгаа юм. Бас нэг гажиг юм байгаа нь хувь хүний орлогын албан татвар, даатгал зэргийг гэр бүлийнх нь тоонд хуваадаггүй. Цалингаараа 10 хүүхэд тэжээх, нэг хүүхэд тэжээх чинь өөр. Уг нь гэр бүлийн тоонд нь хуваадаг болох ёстой. Даанч манайх хөдөлмөрөөр нь гинжилж байгаад авдаг зүйлээ бүгдийг нь авч л байвал төр мөнгөөр тасрахгүй гэсэн коммунист бодлого хэвэрээ яваад байна.
-Сая төсвийн тодотгол хийхэд нийт орлогын дийлэнхийг ХХОАТ-аас бүрдсэн гэж байсан?
-Гурван их наяд төгрөгөөр даваад тодотгол хийсэн. НӨАТт зөв систем оруулчихсан. Харин коммунистууд маань яг зах зээлийн системээр нь цаашаа ашиглаж чадах уу гэдэг эргэлзээтэй асуудал. НӨАТын бцаалтыг таван хувь болгоё гээд Г.Занданшатар оруулаад чадсангүй. Үүнийг чинь бүүр нэмж ч болно. НӨАТ гэдэг бол өөрөө бүртгэлийн систем. Дээрээс нь мөнгөний урсгалыг хянадаг механизм байхгүй юу. Хөдөө орон нутаг руу мөнгө очихгүй байна л гэдэг. Тэгвэл орон нутгаас ажил, үйлчилгээ авахад НӨАТын 70 хувийг нь буцаагаад олгочих. Ингээд л асуудалгүй. Даанч коммунистууд иргэндээ татвар буцааж өгөх, даатгалаас ахиухан мөнгө өгөхөөс дандаа айж явдаг. Мөн Л.Оюун-Эрдэнэ үүн дээр тоглолт хийж мэдэхгүй, чадахгүй байгаа юм. Харин мэдэх учиртай сайд нар нь коммунист учраас мэдүүлэхгүй байна. НӨАТын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно. Тэглээ гээд улсын татварын орлого улам л давж биелнэ. Бусад татвараа, даатгалаа эрүүл болгоно.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Сэтгэгдэл (0)