Г.Ёндон явна, “Эрдэнэт үйлдвэр” ямархуу болж үлдэх вэ?
- 2024-10-03
- Нийтлэл
- 0
Оросын мэдэлд 1978 оноос хойш явсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын компани 2016 онд худалдаж авсан. Тэр жил нь сонгууль болж, эрх баригчид өөрчлөгдсөнөөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсан компанийнхан хууль хяналтынханд шалгуулж эхэлсэн. Улмаар 2019 оны хавар нөгөөх 49 хувийг төрд авч, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчийнх болсон. Ингэж төрийн өмчид 100 хувь авсны дараа зургаан сараар хоёр удаа буюу бүтэн жилийн хугацаагаар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Тэгээд цар тахал залгасан. Жил орчмын дараа цар тахал ч, “Эрдэнэт үйлдвэр” тойрсон элдэв маргаан, яриа хөөрөө ч намжсан.
Тэгвэл тэрхүү 2022 оны үеэс хойш тэнд юу болж байгаа нь бараг л нууцад орчихсон.
Саяхнаас “сонирхоод” үзвэл лав л Г.Ёндон хууль бусаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албан тушаалд сууж байна. Түүнийг ТӨБЗГ-аас 2022 оны есдүгээр сарын 8-нд Ковидын хуулиар томилсон. Гэтэл Ковидын хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчингүй болсон. Түүнээс хойш Г.Ёндон ямар ч хуульгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын суудалд тухалсан.
Уг нь хуулиараа 2023 оны нэгдүгээр сарын 1 гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явчихсан, дараагийн захирал тодорчихсон байх байв.
Гэвч тийм үйл ажиллагаа явагдсангүй. Тэр утгаараа Г.Ёндонгийн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гаргасан бүх шийдвэрүүд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
Нөгөөтээгүүр өөрөө ямар ч сонгон шалгаруулалтгүй, хууль бус гэж болохоор энэ албан тушаалд суучихаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн шат шатны ажилтан, алба хаагч, мэргэжилтнүүдэд сонгон шалгаруулалтын өндөр шалгуур тавьсан тушаал үйлдэж, түүнийгээ хэрэгжүүлээд сууж байна. Хэрэв шударга ёс хэрэгждэг бол “Эрдэнэт үйлдвэр”-т 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ажилд орсон хүмүүсийг сонгон шалгаруулах учиргүй болчхож байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад “Энэ үнэн, гэхдээ ингээд байгаад л байгаа юм, яаж ч чадахгүй байна шүү дээ” гэж байх жишээтэй.
Үүнээс гадна Засгийн газар 2022 оны сүүлчээр нэг бантан хутгачихсан. Ковидын хуулиар томилогдсон ерөнхий захиралтай “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨБЗГ-аас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлчихсэн. Хамгийн гол нь тэр үед Ковидын хууль хэрэгжиж байсан бөгөөд тийм нөхцөлд ийм их хөрөнгийг нэгээс нөгөө рүү шилжүүлчихсэн нь хэр зэрэг хууль ёсны хийгээд алдаа завхралаас ангид болсон бэ. Энэ өнөөдөр биш гэхэд маргааш тавигдах асуулт шүү.
Наад зах нь Ковидын хуулийн хэрэгжилтийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг ингэж ТӨБЗГ-аас “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлснээр Г.Ёндонгийн албан тушаалын эрх зүйн зөрчил дарагдсан.
Цаашлаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТӨБЗГ үүрэг даалгавар өгөөд гүйцэтгэл нэхээд явж байснаа “Эрдэнэс Монгол” руу шилжсэнээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн хийж гүйцэтгэх олон ажил хариуцлага нэхэх эзэнгүй болсон.
Жишээ нь УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэтийн овоо орд”-ын исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах ТЭЗҮ-ийг боловсруулан, исэлдсэн хүдрийн үүсмэл ордын нөөцийг тогтоож, улсын нөөцөд бүртгүүлсэн боловч ирээдүйд үр өгөөжөө өгөх нь тогтоогдсон нөөц буюу овоолгын өртгийг бүртгэж, тайлагнаагүй гэдэг дүгнэлт гарсан байдаг.
Мөн УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлаар батлагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд 2023 оны эцсийн байдлаар хяналт шинжилгээ хийх үеэр Засгийн газар нь “2020-2024 оны хугацаанд хийж дуусгана” гээд ам гарчихсан “Эрдэнэт үйлдвэр” дээр хэрэгжиж байгаа төслүүд, ажлууд дуусаагүй л байв.
Тэнд “…“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлэх төслийн хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэлт 50 хувь, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн бүтээн байгуулалт 90 хувь, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн эхний ээлжийн төслүүд 100 хувь хийгдэж, одоо баяжуулах үйлдвэрт дөрвөн төсөл хэрэгжиж байна” гэсэн рапорт бичигдсэн.
Хамгийн гол нь энэ бол цаасан дээрх үр дүн бөгөөд бодит байдал нь арай өөрөөр яваад байгааг та бид сонгуулийн үеэр Г.Ёндонгийн ярьснаас тодорхой сонссон.
Ганц жишээ хэлэхэд Уул уурхай, металлурги химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ болон паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажилд 1590 сая, паркийн техник, технологийн түвшний үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний ажилд 450.9 сая, үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрийн геоэкологи, гидрогеологийн суурь судалгааны ажилд 265.3 сая, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажилд 101.8 сая, автозамын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд 72.6 сая, төмөр замын нарийвчилсан зураг төсөл боловсруулахад 214.9 сая, ус хангамж, ариутгах татуургын нарийвчилсан зураг төсөл боловсруулахад 590.8 сая, цахилгаан хангамжийн ТЭЗҮ боловсруулахад 68 сая, диспетчерийн үндэсний төвөөр горимын тооцоо хийлгэхэд 29.7 сая, гурван ширхэг дэд станцын техникийн нөхцөл гаргуулах төлбөрт 4.5 сая, үйлдвэрлэл, технологийн парк тойруулан хашаа барих ажилд 1168.6 сая, паркийн авто зам барьж байгуулах 4673.3, төмөр зам барьж байгуулах ажилд 9638 сая, паркийн цахилгаан хангамжийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд 351.5 сая, ҮТП-ийн хашаа 3,469.2, ЗББҮ-ийн ТЭЗҮ боловсруулахад 3340.4 сая, фосфорын ордыг ашиглах урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил 148.8 сая, аж үйлдвэрийн бүсэд мөрдөх агаарын чанарын стандартууд болон зэс хайлуулах үйлдвэрийн хаягдал утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисуудын ялгарлын стандартуудыг боловсруулж, батлуулах 207.6 сая, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 118.8 сая, ЗББҮ-ээс гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр ялган авах үйлдвэрлэлийн туршилтын ажилд 11349.2 сая, ЗБХБҮ-ийн техник технологийн түвшний үнэлгээ 150 сая, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX-EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил 1.597.6 сая нийт 38.506.55 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлээд байна. Ерөнхийдөө ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд дээрх хэмжээний санхүүжилтийг хийгээд байгаа аж. Бусад ажил нь дуусаагүй. Нөгөө төслүүдийг нь энд нуршаад хэрэггүй биз. Бас л дуусаагүй, “Хийж л байна” гэсэн хариутай.
Үүнээс гадна 2023 онд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөөцийн төсөвлөсөн зардлаас давагдашгүй хүчин зүйл гэхээргүй, холбогдох тушаал шийдвэр, дүгнэлтгүйгээр нийт 878.5 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байна. Гадаад, дотоодын 99 харилцагчид урьдчилж төлсөн 22,241.5 сая төгрөгийн авлага нь найдваргүй болох эрсдэлд орсон. Нийгмийн цех, нэгжүүдийн үйл ажиллагааны алдагдал жил бүр нэмэгдсэн. 2019 онтой харьцуулахад хоёр дахин ихэсч 2023 онд 43,471.5 сая төгрөгт хүрсэн. Барилга барих, засвар өргөтгөл шинэчлэл, үндсэн хөрөнгө худалдан авах, шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтад 63,829.9 сая төгрөгийг зарцуулсан. Ингэснээр 2023 онд нийт 107,301.4 сая төгрөгийн алдагдлыг “Эрдэнэт үйлдвэр” хариуцаж, тэр хэрээр үйлдвэрийн ашигт ажиллагаа буурсан.
Худалдан авах ажиллагааны 2023 оны төлөвлөгөөнд тусгаагүй 7,839.6 сая төгрөгийн 17 гэрээ байгуулсан.
Бас нэг анхаарал татсан зүйл байгаа нь 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай олны анхааралд орж, Засгийн газраас нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой оффтейк гэрээнүүд, түүнийг нууцад хамааруулсан шийдвэр, ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүд, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбарыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд ил тод болгосон. Энэ хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 27 гэрээг ЭЗХЯ-ны нууц хамгаалах ажилтанд хүргүүлжээ.
Энэ мэтчилэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын ажлын үр дүнгийн талаар энд тэндээс нь дурдаад байвал дуусахгүй. Авлига ч тасрахгүй, удирдлагууд нь ээлж дараалаад АТГ-т шалгагдаж байна. Гэвч Г.Ёндон сонгон шалгаруулалтад орж, албан тушаалаа баталгаажуулалгүй суусаар удахгүй явах сураг гараад, одоо нэлээд эрчтэй яригдаж байна. Түүний оронд Хятадад Элчин байсан, “Онцгой байдлын” Т.Бадрал, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хоёрын нэг нь очих бололтой. Т.Бадрал нь магадлал өндөртэй байна. Тиймээс Г.Ёндон явахад “Эрдэнэт үйлдвэр” ямархуу байдалтай үлдэх вэ гэсэн болгоомжлол бас гарч байна. Учир нь хувийн компаниас 49 хувийг нь авсан буюу үндсэндээ 2016 оны сонгуулиас хойш “Эрдэнэт үйлдвэр” ямар нэг хяналт шалгалт муутай явж ирсэн. Засгийн газар, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сүүлийн үед төрийн өмчит компаниудын засаглалыг, үйл ажиллагааг сайжруулах талаар байнга ярьж байна. Түүндээ хамгийн түрүүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийг л хамруулах шаардлагатай болж байх шиг… Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийг иж бүрэн шалгаж, нягтлаад төрийн 100 хувийн хөрөнгө бүтэн байгаа эсэхийг харах цаг болсон байна!
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж:
“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)
Өдрийн сонин - 2024.10.03 Пүрэв № 186 (7552)
Өнөөдөр сонин - 2024.10.03 Пүрэв № 189 (8004)
Сэтгэгдэл (0)