Урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна

Уг нь УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр холимог тогтолцоотой болж, анх удаа 126 гишүүнтэй болсон УИХ ингэж анхныхаа төсвийг хэлэлцэж байгаа юм. Дээрээс нь ирэх оны төсөв том төслүүдэд зориулагдсан гэдгээрээ урьд урьдынхаас онцлогтой. Гэтэл УИХ-ын намрын чуулганыг нээснээс хойш гишүүдийн талаас илүүгүй нь чуулганд ирж суудаг болов. Сайд нар ч бас сураггүй болчхоод эрэл сурал болоод байв. Улмаар, эхний долоо хоногоо ч дуусгалгүй эрх баригч намын бүлэг нь завсарлага авчихлаа.

 УИХ-ын тухай хууль дахь Бүлгийн эрх үүргийг заасан 30.1-д “...Бүдэг дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 30.1.5-д “...Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэсэн байдаг. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн XII дугаар зүйлд “...Нам, эвслийн бүлэг завсарлага авах эрхтэй”, “...Завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна”, “...Завсарлага авсан хугацаанд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.

Үүгээр бол намын бүлгүүд, эрхэм гишүүд ирэх оны төсвийг нухаад, дахин дахин бүлэг дээрээ яриад сууж байх ёстой юм. Гэтэл завсарлага авсны дараах даваа гарагт намын бүлгүүд ч хуралдсангүй. Байнгын хороод ч хуралдаанаа цуцалжээ.

Ер нь бол Төрийн ордонд ч гишүүд цөөхөн байна. Олонх нь Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийгээд алга болцгоожээ. Чуулганд огт суудаггүй гишүүд ч энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн “од” болчихсон тууж явна. Гишүүд голдуу тойрогтоо, зарим нь хэд гурваараа нийлээд аймаг аймгаар “аялан тоглолт” хийгээд хүртэл явж л байна.

Тэгэхээр МАН-ын бүлгийн завсарлага “...Хуульд нийцүүлэх гэсэн хүлээлт” бус Орон нутгийн сонгуульд зориулах цаг гаргасан явдал гэж харагдаж байна. Гол нь МАН-ын энэ завсарлага УИХ дахь бүх нам, эвсэлд таалагдаж буй бололтой, бүгд төсөв биш сонгуулиар амьсгалж байна. Завсарлага энэ долоо хоногийн баасан гарагт дуусах бол, тэр өдөр нь Орон нутгийн сонгуулийн санал хураалт болно.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийн “..Түүнийг минь дэмжээрэй, сайн хүн шүү” гээд л ухуулга сурталчилгааг маш сайн хийж байна. Зарим нь ч өөрөө арайхийж сонгогдсон, яана даа гэмээр нэр хүндтэй, нуль асуудал байж нэг л том “инфлүүзэр” шиг Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг сурталчлах аж.

УИХ-ын гишүүдийн яг ингэж хийгээд байгаа сурталчилгааг 1992 оны УИХ-ын сонгуулиас хойш урлаг, соёлынхон хийдэг байв. Тойрогт нь очиж дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ, тэгээд завсраар нь “...Энэ хүнийг дэмжээрэй” гэж байгаад сурталчилдаг. Харин 2016 оны сонгуулиас хойш тэднийг ингэж “халтуур” хийхийг хуулиар хориглосон. Тэгвэл энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн тэр орон зай дээр УИХ-ын гишүүд гарч ирлээ. Үндсэндээ, урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна л даа. Бараг л клип хийлгэх дөхсөн сурталчилгаанууд энд тэндгүй дүүрэн. Гэхдээ эрхэм гишүүд ингэж сурталчилгаа хийх нь хуулиар хориотой л юм байна. Хэдийгээр УИХ-тай холбоотой хууль тогтоомжуудад яг энэ үгээр байхгүй ч Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 47.3-т “...Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заажээ.

Энд заасан “...бусад этгээд” гэдэгт УИХ-ын гишүүд ч багтах учиртай. Энэ агуулгаараа, эрхэм гишүүд сонгуулийн сурталчилгаа хийснээр хууль зөрчиж байна гэсэн үг. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага ингэж УИХ-ын биш намын л ажил хийгээд хуулиа шоглоод байхаар бусад нь яах вэ. Энэ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очвол найдвартай буруудна. УИХ-ын Тамгын газар ч намын бүлгүүд хийгээд гишүүдэд УИХ-ын эрх зүй, УИХ-ын  гишүүний хийж болдог, болдоггүй ажлыг сайтар хэлж өгөх, сануулах, анхааруулах нь зөв болов уу даа. Ямар ч л байсан “...Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр гэж байдаг аа” гэдэг шиг улсын төсөв хэлэлцэж байхад завсарлуулж хаячхаад сонгуулийн сурталчилгаа хийгээд явчихдаг УИХ-ыг бүгдээрээ үзлээ, харлаа.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)