Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай

Сэтгэл зүйч, докторант Ж.Ариунаатай ярилцлаа.


-Сүүлийн үед нийгэмд хөндөгдөж буй асуудлын нэг нь яах аргагүй сэтгэл зүйн эрүүл мэнд болж байна. Яагаад сэтгэл зүйн эрүүл мэнд чухал гэж үздэг вэ?

-Монгол Улсын хувьд 2013 онд СЭМҮТ-ийн улсын хэмжээнд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарсан байдаг. Үүнээс бидний сэтгэл зүй ямар түвшинд байгааг харж болно. Хүн бол сэтгэлийн амьтан гэж бүгд мэддэг. Жишээ нь, хүмүүс бие тавгүйрхээд, даралт нь ихсээд, ядрах мэдрэмж төрөөд эхлэхээр эмнэлгээр явж шинжилгээ өгөхөд зарим тохиолдолд хариу нь хэвийн гардаг. Гэвч эдгээр нь ихэнхдээ сэтгэл зүйгээс хамааралтай байдаг. Үнэн хэрэгтээ сэтгэл зүйгээ эмчлүүлдэггүй. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд таны биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Сэтгэл зүй эрүүл байснаараа тэр хүн ажлын байр, гэр бүл, нийгэмдээ зөв хүн байх үлгэр жишээг үзүүлдэг учраас чухал гэж үздэг.

-Хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Хамт олны сэтгэл зүй, орчин ямар байхаас тухайн хүний сэтгэл зүй шалтгаалдаг уу?

-Насанд хүрсэн хүн амьдралынхаа гуравны нэгийг ажлын байран дээр өнгөрөөдөг.

Хэн нэгэн ажилтны сэтгэл зүй эргээд нийгэмд, гэр бүлдээ ямар нөлөө гаргах вэ гэдгийг шийддэг. Ажил дээрээ сэтгэл ханамжтай байгаа хүн амьдралдаа ч сэтгэл ханамжтай хандана. Гэтэл ажилтан маш олон төрлийн асуудлаас болоод ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байдаг. Энэ нь эргээд ажилд нь нөлөөлдөг. Хүн ажилдаа удаан хугацаагаар сэтгэл ханамжгүй явснаар ажлаас халшрах мэдрэмжтэй яваад байвал ажлын бүтээмж гарахгүй. Сэтгэл ханамжгүй байх хугацаанд ямар нэг үйлдэл хийхгүй бол хамтран ажиллагсдад нь хор хөнөөл учирч эхэлдэг.

-Гэр бүл, ойр дотны хүмүүст нь сэтгэл зүйн өөрчлөлт, асуудал илэрвэл түүнд яаж тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?

-Гэр бүлийн гишүүд сэтгэл зүйн дарамтад өртөх, өөрийн үнэлэмж буурах, ойр дотны найзгүй болох, ажил, орлогогүй болох, нойргүйдэл зэргээс үүдэн сэтгэл зүйн асуудлууд бий болдог. Эдгээр хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь анх гэр бүл болох, үерхэж нөхөрлөхөөсөө эхлээд нэгнээ ойлгож ярилцаж, харилцан буулт хийх, хүндэтгэл үзүүлэх зэргээр сэтгэл санааг өргөх хэрэгтэй. Мөн хүүхдийн хажууд гэр бүлийн маргаан, асуудлаа дэлгэхээс илүү хайрлаж, ойлголцож, халамжилж буйгаа харуулдаг байгаасай гэж хүсдэг.

-Сэтгэл зүйн асуудал ужгирч явсаар байгаад амиа хорлолтын шалтгаан болдог байх. Мэргэжлийн хүний хувьд юу гэж боддог вэ?

-Судалгаагаар эрэгтэй хүмүүс амиа хорлох тохиолдол харьцангуй их байгаа нь ажиглагдаж байна. Эрэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ, амьдралын буруу хэв хаяг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлдөг гэж боддог.

Багаас нь эрэгтэй хүн уйлдаггүй юм, дуугай бай, эр хүн зоригтой, хатуу чанга байх хэрэгтэй гэсэн хүмүүжлээр өссөнөөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй, сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй болсноор өнөөх сэтгэл зүйн өөрчлөлт, дутуугийн комплекс гэдэг зүйлийг бий болгодог. Гэтэл эмэгтэй хүүхдэд шал өөр, зөөлөн ханддаг. Энэ тал дээр эцэг эхчүүд маань аль болох тэнцвэртэй хандах хэрэгтэй.

-Гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна гэсэн судалгаа гарсан байна. Үүнд цахим орчин нөлөөлж байна уу. Яагаад хүүхдүүд илүү өртөмтгий байна вэ?

-Гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай байгаад нь цахим орчин нөлөөлж байна уу гэвэл бараг л үгүй гэж хэлнэ.

Яагаад гэвэл хүүхдийн анхдагч хэрэгцээ бол хайрлуулах, тэврүүлэх, үнсүүлэх зэрэг нь хангагдаагүйгээс хүүхэд өөр зүйлд анхаарч, илүү сонирхолтой зүйлд татагдаж эхэлсэн байдаг.

Аав, ээж хүүхдийн анхдагч хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх дээр эхлээд анхаарах хэрэгтэй. Хүүхэд тань тантай ярилцах гэж оролдох бүрд үгүйсгэх, хол байхыг шаардах нь таныг хүүхдээс чинь холдуулж байдаг. Эцэг эхчүүд маань өдөрт ядаж ганц цагийг хүүхдүүддээ зарцуулж, тэднийг сонсож, тоглож байх хэрэгтэй. Сонсож байгаа гээд яриад эхлэнгүүт нь шууд шүүмжлэх, шүүж дүрэмдэх горимд шилждэг. Гэтэл хүүхэд мэдээлэл авах, ойлголцох, нуулгүй ярилцах зорилготой байдаг.

Эцэг эхчүүд хүүхдийг гурван нас хүртэл нь ээнэгшүүлж буюу халуун зүйлийг нь хөргөж өгч, уйлахад нь аргадах гэх мэтээр өсгөдөг. Энэ үедээ хүүхэд намайг ямар ч үед хамгаалах юм байна гэсэн мэдээллийг авч байдаг. Дөрөв, таван настай үед нь буюу өөрөө биеэ даагаад ирэхэд ээнэгшил гэдэг зүйл алдагдаад эхэлдэг. Хүүхдээ бие даахад сургаж байгаа боловч манай ээж аав нар дүүтэй болсон үед нь том хүүхдээ анзаарах нь багасдаг. Энэ үед хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй болдог учраас эцэг эхчүүд уурлаж, бухимдаж эхэлдэг. Ингээд хүүхэд нас ахих тусам би хэрэггүй юм байна гэсэн орхигдсон мэдрэмж авч эхэлдэг. Ер нь хүүхэд есөн нас хүртлээ гэр бүлийн уур амьсгалаас суралцаж байдаг. 10 наснаасаа эхлээд орчноос суралцаж эхэлдэг. Энэ нь гадаа байгаа найз нөхөд, хэн нэгнээс суралцаж эхэлдэг. Тийм учраас хүүхдийн сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж байгааг яаж зогсоох вэ гэвэл зүгээр л хүүхдээ хайрла. Ямар ч болзол, шүүмжлэлгүйгээр хүүхдээ хайрлаж, үнсэж, тэврэх хэрэгтэй.

-Та хүүхдүүдтэй ажилладгийн хувьд сурагчдын гол хандаж буй асуудлыг юу гэж дүгнэдэг вэ?

-Хүүхэд оюун санаа, сэтгэл зүй, бие махбодын хувьд тодорхой өсөлтийн үе шатуудтай бөгөөд тухайн насандаа тохирсон сэтгэл зүйн онцлогтой. Хүүхэдтэй ажиллахад зууны далан хувь нь гэр бүлтэй холбоотой асуудал байдаг. Хүүхдүүдтэй ярилцаад эхлэхээр ээж аав намайг үнэлэхгүй байна, би өөрийгөө олоогүй байна гэх мэтээр эцэст нь ээж, аавын хайр яригддаг.

Аав ээж нар маань хүүхдүүддээ үнэтэй зүйл авч өгөх, амттай хоол авч өгөх, түрийвчийг нь мөнгөтэй байлгах зэргээ би чамайг хайрлаж байна, чиний төлөө ажиллаж байна гэж ойлгодог. Ингэхээр хүүхэд эд зүйл чухал юм байна. Хайр тийм ч чухал биш гэдэг үнэлэмжийг нийгэмд үүсгээд эхэлдэг. Гэтэл хүүхдийн анхны хэрэгцээ бол хайрлуулах байдаг.

-Сүүлийн үед хүмүүс бясалгал, йог их хийж байгаа харагддаг. Энэ нь сэтгэл зүйг эрүүл, тогтвортой байхад тусалдаг байх?

-Маш их тусалж байгаа. Би хүмүүсийг бясалгал хийж сураасай, эсвэл амьсгалын дасгал хийж дадаасай гэж боддог. Уур хүрээд эхлэхэд амьсгалаа зөв удирдаад, гаргаад сурсан хүмүүс уураа намжааж чаддаг. Дараа нь өөрийгөө сонсож, мэдэрч сурах хэрэгтэй. Жишээ нь, би уурлахаараа яадаг билээ, ямар нэгэн үйлдэл гаргадаг бил үү гэх зэрэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Мөн өөрийгөө тайван байлгах аргад суралцаж агаарт алхах, ном уншиж суух, хамт олонтой болох, бясалгал, йог зэргээр сэтгэл зүйгээ чагнах хэрэгтэй. Манай сургуульд бид сурагчдадаа сэтгэл зүйн боловсрол олгож сэтгэл хөдлөлөө удирдах бясалгал, амьсгалын дасгалыг нэгдүгээр ангиас нь зааж сургадаг.

-Сургуулийн сэтгэл зүйч бусад чиглэлийн сэтгэл зүйчдээс юугаараа ялгаатай байдаг вэ?

-Сургуулийн сэтгэл зүйч бол хүүхэдтэй хамт гэр бүл, эцэг эхчүүдийг зэрэг хүмүүжүүлдэг. Нэг хүүхдийн асуудлыг авч үзээд, ярилцаад эхлэхээр ээж аав, асран хамгаалагч нартай ярилцах хэрэг гардаг. Ингээд ээж, аавд нь хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой вэ гэдгийг зөвлөдөг. Сургуулийн сэтгэл зүйч бол бусад чиглэлийн сэтгэл зүйч нараас хамгийн нийгэмд хүрч ажилладаг чиглэл гэж би хардаг.

-Нийгмийн бодлогын хувьд хүмүүсийн сэтгэл зүйн асуудлын хүрээнд ямар зүйлийг хийж хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?

-Гэр бүлийн тухай хуулийг дахин анхаарч хараасай гэж хүсч байна. Мөн аав, ээж болсон бол хариуцлага гэдэг зүйл чухал гэдгийг маш сайн ойлгодог байх. Түүнчлэн ЕБС-иас нь хүүхдэд ирээдүйд сайн эцэг эх болох ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хариуцлагатай хүн байх боловсролыг багаас нь бий болговол хариуцлагатай иргэн бий болно. Үр дүнд нь нийгмийн өнгө төрх ч зөв болж эхлэх болов уу гэж бодож байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)