“Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
- 2024-10-15
- Нийгэм
- 0
Алтанбулагийн боомтоор Iphone загварын 15 ширхэг гар утсыг нэвтрүүлэх гэж байсан этгээдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагджээ.
Тодруулбал, Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг 09 дүгээр сарын 30-ны өдөр хураан авсан. Уг хэрэгт Улаанбаатар Улан–Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор 3 хохирогчийг тогтоож мэдүүлэг авчээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоожээ.
Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)