Т.Дүүрэн: Танхимын ерөнхийлөгчийг улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу
- 2024-10-22
- Нийгэм
- 0
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй ярилцлаа.
-МҮХАҮТ ээлжит бус хурлаа хйихээр товлосон байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ирэх сарын сүүлийн долоо хоногт хийхээр болсон.
-Ямар асуудал хэлэлцэх вэ?
-Ерөөсөө ганц л асуудал хэлэлцэнэ. Энэ нь танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль юм. Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар УИХ-ын гишүүн хүн давхар ажил хийж болохгүй гэдэг заалтын хүрээнд ажлаа өгөхөөр болсон. Манайх чинь дүрмээрээ Их хурлаараа энэ асуудлыг шийддэг учраас тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тийм болохоор ирэх сарын сүүлийн долоо хоногт гэж товлосон юм.
-Танхимын ерөнхийлөгч нь нэг намын жагсаалт УИХ-ын гишүүн болсонд зарим хүмүүс таагүй хандлагатай байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-МҮХАҮТ Удирдах зөвлөлөөрөө энэ асуудлыг шийдсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн оруулдаг хувь нэмэр буурсан байна. Дэлхий даяараа өсөх хандлагатай байдаг бол эсрэгээрээ манайд буурсан. Өөрөөр хэлбэл, төрийн оруулж байгаа хувь нэмэр өссөн гэсэн үг. Манайх 34 жилийн өмнө төрийн оролцоо хэт ихсэхээрээ улс, эдийн засаг дампуурдаг юм байна гэж ойлгоод зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл буцаад төр томроод бүх орон зайг эзлээд эхлэхээр хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна.
Үүнийгээ эртхэн засаж авахгүй бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа шилжчих гээд байна. Үндсэндээ нэг голын усандаа хоёр орох гээд байгаа юм. Үүнийг засахын тулд хувийн хэвшлийнхээ харилцааг зохицуулж байгаа гол хууль болох танхимын тухай хуулиа шинэчлэх ёстой. Ингэхийн тулд танхимын төлөөлөл байх ёстой гэж үзсэн юм.
Харин хуулиа батлуулчихвал танхимын ерөнхийлөгч цоо шинэ аргаар сонгогдоно. Даанч улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу гэсэн байр сууриа би цахим орчноор дамжуулан илэрхийлсэн. Улс төр тогтворгүй байж болно.
Харин тогтвортой ажиллаж ирсэн байгууллагыг улс төрөөр дамжуулан самарч байгаа нь түүхэндээ анх удаагийн зүйл болж байна. Энэ хямралд бид 1-2 жилийг алдах гээд байна. Төр нь эрчимтэй төлөвшиж явж байхад бид угаасаа мөнгөгүй, хоцорч явж байж ийм хэмжээний хугацаа алдана гэдэг маш буруу. Биднийг алдаагаа засчихаад гараад иртэл төр чинь тасраад явчихна. Энэ чинь эцсийн дүндээ коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт суурь руугаа очих гээд байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр хортой зүйл.
-мҮхАҮт-аас бас шонхор шувууг гадагш нь гаргах асуудлаар мэдэгдэл гаргасан байсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?
-Персийн булангийн орнуудад нөхөрсөг харилцааны үндсэн дээр шонхор шувууг тодорхой хэмжээнд олгодог юм байна. Энэ талаарх мэдээлэл нь мэдээж олон нийтэд ил тод биш. Гэхдээ Монгол Улсаас нэгэнт холбогдох байгууллагуудын мэдээлэл дээрээ үндэслээд л олгож байгаа юм билээ. Дээрээс нь эдгээр улсуудыг дэлхий даяараа стратегийн чухал түншүүд гэж үздэг. Мөн эдгээр орон аялал жуулчлалын гол зах зээл байдаг. Манайх чинь хөрөнгө оруулалт татна. Аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж байна. Нэгэнт шонхор шувууны зөвшөөрөл олгосон л бол хууль ёсныхоо дагуу л байх ёстой. Түүнээс олгох нь зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна.
-Эсэргүүцдэг хүмүүс нь төрийн бэлгэдэлт шувуу болгочихсон учраас гадагш гаргах нь буруу гээд байдаг шүү дээ?
-Хэрэв буруу гэж үзэж байгаа бол зөвшөөрлийг нь өгөхөө л больчих хэрэгтэй. Гэтэл манайх зөвшөөрлийг нь өгчихсөн хэрнээ хэн дуртай нь очоод халдаад байж болохгүй. Зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад л очиж айлгаад, эд хөрөнгөд нь халдаад байдаг. Ийм асуудал энэ намар ч гарсан.
-Нөгөө талдаа шонхор барихаар ирсэн арабууд монгол улсын хууль тогтоомжийг биелүүлдэггүй. дураараа авирладаг гэсэн шүүмжлэл гардаг?
-Хаана, яаж?
-Ийм шүүмжлэл байдаг шүү дээ?
-Тийм бол түүнийг баримтжуулах хэрэгтэй. Тэгээд хуулийн дагуу гомдол гаргаад явах ёстой. Гэтэл шууд очоод албан ёсны зөвшөөрөлтэй явж байгаа хүмүүсийг айлгаж сүрдүүлээд байна. Харин тэдгээр хүмүүс хууль журам зөрчөөд, нутгийн иргэдийг айлгаж ичээгээд байгаа бол түүнийг нь баримтжуулаад хуулийн байгууллагад гомдол гаргах ёстой. Ингээд хуультай, төртэй улс юм бол тэр зарчмаараа л явах хэрэгтэй. Энэ оны тавдугаар сарын 22-ны тогтоолоор соёлын зориулалтаар шонохр шувууг бариулах тоо хэмжээг тогтоочихсон байсан.
Ингээд 10 аймагтай гэрээ хийх зөвшөөрлийг харьяа яаманд нь өгч, нэг шонхорын төлбөрийг 26 сая, өгөөшинд ашиглаж байгаа шувууны үнийг нь ч тогтоосон юм байна лээ. Нийтдээ 35 шонхорын зөвшөөрөл өгсөн байгаа юм. Өмнөх жилүүдээс харахад 2022 онд л гэхэд 11 сумаас 75 шонхор барихад л сумдын төсөвт 1.5 тэрбум төгрөг орж байсан байна.
т.дАрхАнхөвсгөл
Сэтгэгдэл (0)