Б.Пунсалмаа: Улсын төсвийн дийлэнх нь халамжид зарцуулагдаж байна
- 2024-10-24
- Улс төр
- 1
Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.
-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг янз бүрээр л ярьж байна. Таны хувьд хэр болсон гэж дүгнэж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Энэ удаагийн төсөв 35 их наяд буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ий 37 хувьтай тэнцэж байна. Бусад орнуудынхтай харьцуулахад харьцангуй өндөр. Манайх шиг хөгжиж буй улсуудын хувьд ДНБ, төсөв хоёрын харьцаа 25-30 хувийн хооронд хэлбэлздэг. Өнөөдөр дайны байдалтай байгаа Украины хувьд төсөв нь ДНБ-ий 40-өөс дээш хувьтай харагдсан. Тэгэхээр манай төсөв, ДНБ-ий харьцаа харьцангуй өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвөөр дамжаад манай улсын эдийн засагт төрийн оролцоо өндөр байна гэсэн үг.
-Ийм өндөр байгаагийн шалтгаан нөхцөл нь юу вэ?
-Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр бүтээгдэхүүнээс хараат. Өөрөөр хэлбэл, төсөвт энэ хоёр бүтээгдэхүүний борлуулалтаас орж ирэх татвар зонхилдог. Сүүлийн гурван жилийн төсвийг харахад түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой төсөв хэт тэлсэн байна лээ. Өнгөрсөн жил 27 их наядын төсөв баталсан бол энэ жил 35.8 их наяд болж өссөн. Өөрөөр хэлбэл, бараг 30 хувийн өсөлттэй төсөв орж ирлээ. Урсгал зардал 2022 онд 13.3 их наяд төгрөг байсан бол ирэх онд 26 их наяд болж, хоёр дахин нэмэгджээ.
Нийт урсгал зардал дотор нийгмийн халамжийн сангаар 2.5 их наяд төгрөг тараах юм билээ. Нийгмийн даатгалын сангаар 5.8 их наяд төгрөг тараана. Ер нь Засгийн газрын 22 тусгай сангаар дамжуулж 11.6 их наяд төгрөг тараах дүн байсан. Тэгэхээр урсгал зардалд төрийн албан хаагчдын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж голлох дүнтэй орж ирсэн. Өөрөөр хэлбэл, манайд халамжаас хөдөлмөрт шилжих шат дараалсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Ямар бодлого хэрэгжүүлбэл дээр гэж үзэж байна вэ?
-Дэлхийд хамгийн өндөр халамж өгдөг нь Скандинавын орнууд байдаг. Гэвч эдгээр орнууд халамжаа төсвийнхөө 30 хувиас хэтрүүлдэггүй юм билээ. Бусад орнууд төсвийнхөө таван хувиас эхэлдэг. Гэтэл манай улсын хувьд хөгжиж байгаа эдийн засагтай хэрнээ татвар төлөгчдийн мөнгийг халамжид ихээр тавьж байна.
Ингээд бусад орнуудыг судлаад үзэхээр тэд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс халамж авч байгаа тохиолдолд эхний нэг сардаа халамжийг нь өгөөд, хоёр дахь сараас нь хийж болох ажлын байруудыг санал болгодог. Улмаар нөгөө хүмүүс нь боломжит ажилд ороод, халамжаас гараад явчихдаг. Харин ажлын байрны саналыг гурван сар хүлээж авахгүй байвал халамжийг нь зогсоодог. Ийм тогтолцоог нэвтрүүлж болно. Хоёрдугаарт, манай улс чинь одоо 64 Их, дээд сургуультай гэж байна. Гэвч маш сайн системтэй, сайн боловсон хүчин, ажилтан, гүйцэтгэгч хүмүүс бэлдэхгүй бол бүгдээрээ дарга болчих гээд байна. Ийм болохоор ажлын талбар дээр ажил хийдэг хүнгүй болсон гээд байгаа юм. Гэтэл сая гадаадын ажилчдаас авах татварыг багасгачихлаа. Бид өөрсдөө ажилгүй иргэд олонтой тул гадныханд найр тавьж боломгүй санагдсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд холбогдох яамд нь уялдаа холбоотой ажиллах ёстой. Одооноос зөв бодлого хэрэгжүүлбэл 2-3 жилийн дараа л үр дүн нь гараад эхэлнэ. Ингэж байж төсвийн урсгал зардал доторх халамжийн хэмжээ багасна. Тэр хэрээрээ бид багш, эмч нарынхаа цалинг дорвитой нэмэх боломжтой болно. Одоо манай улсад нийтдээ 226 мянган төрийн албан хаагч байна. Үүний 60 гаруй хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Хоёрдугаарт, яамдын тоог нэмж, төрийн албан хаагчдыг нэмээд баймааргүй байна. Эсрэгээрээ цалингаа нэмэх ёстой. Гэтэл манайх жаахан боломж гараад ирэхээр л төрийн албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлдэг муу зуршилтай болжээ.
-Таны ярьж байгаа халамжаас хөдөлмөрт гэдэг зүйлийг улиг болтлоо л ярьж байна. Нөгөө талдаа сонгуультай холбоотойгоор халамжийг багасгадаггүй гэж хардаг хүмүүс байдаг. Халамж авч байгаа хүмүүс маань ч ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, бодолгүй байдаг шиг байгаа юм. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Халамжаар амьдарч байгаа хүмүүс маань өнөөдөр хоёр идэхгүй, хоосон хонохгүй байна. Төр зүгээр мөнгө өгч байхад хэн ч гэсэн авна. Тэгэхээр төрийн ийм бодлого байж болохгүй. Надад өөр санал бий.
-Тухайлбал?
-Төр цахилгаан дулаан, ус хангамж, зам, барилга байгууламж гэсэн бүх дэд бүтцийг хийж өгөх ёстой. Энэ бол төрийн хийх ёстой ажил гарцаагүй мөн. Харин нөгөө талд нь хүүхэд, залууст сурах боловсрох боломжийг нь олгох ёстой. Сайн суралцсан тохиолдолд ямар, ямар хөнгөлөлт, дэмжлэг, зээл, гадаад дотоодын тэтгэлэг авч болох вэ гэдгийг нь маш тодорхой буюу бага ангийн хүүхэд ч уншаад ойлгохоор зааж өгмөөр байна. Тэгэх юм бол нийгмийн ямар гаралтай айлын хүүхэд байхаас үл хамаараад эдгээр боломжийг авахын тулд багаасаа хичээнэ. Дээрээс нь иргэндээ хандсан дэд бүтэц буюу бизнес хийх боломж олгосон бага хүүтэй зээл бий болгох хэрэгтэй. Гэтэл Монголбанк сүүлийн гурван жил мөнгөний хатуу бодлого явуулж байна. Бодлогын хүү өндөр байхад арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл өгөх ямар ч сонирхолгүй болж байна. Тэд төв банкны ямар ч эрсдэлгүй үнэт цаас худалдаж аваад, жилд 10 хувийн ашиг олчихож байна. Ингээд банкууд хамаг мөнгөөрөө төв банкны үнэт цаас авчихаар аж ахуйн нэгжүүдэд зээл олдохгүй болно. Ер нь аж ахуйн нэгжүүдээс тодорхой хэмжээний чанаргүй зээл гардаг. Гэтэл Монголбанк яг ижилхэн хүү амлачихаар арилжааны банкууд төв банкинд бүх хадгаламжид авсан мөнгөө өгчихөж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд, төв банкны үнэт цаас хэлбэрээр Монголбанкны арилжааны банкуудаас татаж авсан мөнгө 2023 онд 8.7 их наяд төгрөг. Үүнийхээ хүүнд жилд нэг их наяд төгрөг өгч байна гэсэн үг.
Өнгөрсөн гурван жил яг ийм янзаар явсан тул олон мянган аж ахуйн нэгжид зээл олдохгүй тамирдсан. Олон мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Манай улсын төсвийн 80 хувийг иргэд аж ахуйн нэгжийн татвараар бүрдүүлдэг. Би дээр хэлсэн, манай төсөв ДНБ-ийхээ 37 хувийг эзэлдэг. Нэмээд 400 орчим төрийн өмчит аж ахуйн нэгж, “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэт” зэрэг газруудын үйл ажиллагааны дүнг нэмбэл тэр чигээрээ төрийн өмчит, төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагтай байгаа юм. Иймээс хувийн өмчтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах, төсөв хэт данхайх зэрэг сөрөг үзэгдлээс зайлсхийх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд хувийн өмч давамгайлах учиртай.
-Ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтийг юу гэж тусгасан байна вэ?
-Орлогын албан татвар өмнөх жилээсээ бараг таван их наяд төгрөг, Нийгмийн даатгалын орлого хоёр их наяд төгрөг, НӨАТ 1.4 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх татвар хэтэрхий өндөр өсч орж ирсэн байна. Гэтэл төсөв дагаж орж ирсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ гэчихсэн. Нэг талдаа өсгөх гээд байгаа мөртлөө нөгөө талдаа бууруулна гээд байгааг сайн ойлгохгүй байгаа юм. Мөн шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн эхний таван жил ААНОАТ-ыг хөнгөлнө гэсэн байна лээ. Энэ бол үнэхээр хол сонсогдож байна. ААНОАТ гэдэг бол бүх татварын ноён оргил, хамгийн сайн ажилласан компани төлдөг татвар. Компани нээгээд, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, гааль, зээлийн хүүгээ төлөөд, цалингаа тавина. Ингээд балансаа гаргаад үзэхэд ашигтай байвал төлдөг татвар юм. Эхний таван жилд компаниуд ашигтай ажиллаад хөл дээрээ зогсох боломж бага. Миний ойлгосноор энэ нь нийтэд зориулсан, жирийн компаниудад зориулагдсан хууль биш юм шиг санагдсан.
-Том төслүүдтэй холбоотой тоног төхөөрөмжүүд орж ирэх байлгүй?
-Харин яг үүндээ зориулсан л гэж би хардаж байна. Тэр том төслүүдийнх нь гүйцэтгэгчээр нэг компани ажиллаж л таарах байх. Хоёрдугаарт, гаалийн татварыг хөнгөлнө гэдэг дээр би эсрэг байр суурьтай байна. Манайх өнгөрсөн жилд 13 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Эргээд 11 тэрбумыг нь импортоор буцаагаад гаргачихдаг. Ингэх юм бол импорт бүр нь давамгайлах гээд байна. Өөрөөр хэлбэл, валютын хомсдолд орох, үнэ өсөх шийдвэр юм.
-Төр засаг нэг гараараа үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэдэг мөртлөө нөгөө талдаа боомилж байна гэсэн шүүмжлэл яваад байдаг нь энэ юм биш үү?
-Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, өрхийн орлогыг яаж дэмжих вэ гээд асуухаар зам харгуй, байшин барилга их баригдаад байна, энэ чинь дэмжиж байгаа хэлбэр гэсэн нэг хариулт их нийтлэг ирж байна. Зам, барилга баригдсанаараа бизнес цэцэглээд, өрхийн орлого нэмэгдчихдэг юм бол хойд Солонгос яагаад тэгэхгүй байгаа юм. Маш сайхан зам, барилгатай юм байна лээ шүү дээ. Бизнесийн дэд бүтэц гэдэг чинь зээл авах боломж, хууль эрх зүйн таатай орчин байдаг. Нэмээд худалдан авалт, борлуулалтаар дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.
-Таны хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж УИХ-д сууж байна. Тэгэхээр төсвийн төсөл дээр татварын талаар ямар бодлого туссан байна вэ?
-Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл өндөр учраас цалин өсөхөөр дагаад өсчихдөг. Ажилтан хоёр сая төгрөгийн цалин авахын тулд ажилтан, байгууллага хоёр нийлээд 600 мянган төгрөгийн татвар улсад төлж байна. Уг нь аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа цалинг нэмэхийг байнга л эрмэлзэж байдаг юм. Даанч өндөр татвараас болоод өсгөх л юм бол давхар өндөр өрөнд орчихоод байна. Хоёрдугаарт, гадуур худалдан авалт, бүтээмж өндөр байх үед борлуулалт өсөөд, компани чинь цалин хөлс, нийгмийн халамжаа нэмэгдүүлэх мөнгөтэй болж ирдэг. Гэтэл одоо чинь худалдан авалтын чадвар, бүтээмж ямар байгаа билээ. Үүнийг давж цалингаа нэмж чадахгүй байна. Тэгэхээр нийт аж ахуйн нэгжийн чадавхыг сайжруулахын тулд уян хатан мөнгөний бодлого явуулах ёстой. Даанч өнөөдөр ерөөсөө зээл олдохоо байсан. Засаг болохоор “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэгтээ найдаад байна. Гэтэл энэ чинь хэсэг салбарын л аж ахуйн нэгжүүд орно. Тэгвэл бусад нь яах юм бэ. Нийт салбарууддаа бага хүүтэй зээл олгох хэрэгтэй. Тэгж байж компаниуд шинээр гарч ирнэ. Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирсэн компани гэж алга. Мөнгөний бодлого буруу учраас ийм байдалд орчихоод байгаа юм.
Т.Дарханхөвсгөл
Сэтгэгдэл (1)
(202.126.90.166)
Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба гуйлгачдын дийлэнх нь эдгээр эмч нарын хамаатнууд юм. СЭМҮТ-ийн их эмч нарт шийтгэл ногдуул!