Баабарын сургууль
- 2024-10-25
- Нийтлэл
- 0
БААБАРЫН СУРГУУЛЬ
нэг. Монголын анхны Самиздат
Хөмөрсөн тогоон доторхийгоо огторгуйн уудам хэмээн бат итгэж, эрх чөлөөг нь боомилсон гав дөнгөө ахан дүүгийн барилдлагааны алтан бугуйвч, андлал нөхөрлөлийн сүйн алмааазан бэлзэг гэдэгт үнэмшээд, бахархаж ханахгүй явсан оюутан жаалыг балмагдуулан дэнслүүлсэн анхны мөрүүд,
-Сталинизмын яргаллын жилүүд... хэмээн эхэлж байлаа. Уншиж чадахгүй, уншихгүй орхиж бас чадахгүй, уншсан хойноо мартаж чадахгүй, мартахгүй байгаагаасаа айхгүй сууж бас чадахгүй тэрхүү “хориотой алим”-ыг уншснаас хойш 40 гаруй жил өнгөрчээ.
Наяад оны дөнгөж эхээр, ангийн анд Ерэнтэйгийн итгэж үзүүлсэн тэрхүү самиздат-ын зохиогч Баабар гээч байлаа. Самиздат гэдэг нь “өөрөө хэвлэх” гэсэн утгатай орос үгийн товчлол бөгөөд Зөвлөлт засгийн мөн чанарыг таньсан, Марксизм-Ленинизмын бурангуйг мэдсэн сэхээтнүүдийнх нь үзэл санаа, бүтээлээ түгээх арга байв. Сэхээтэн гэдэг бол харанхуйлагдашгүй оюун, хууртагдашгүй танин мэдэхгүйн нэр бөгөөд эхэндээ салхинд дальдчих зул мэт байснаа харанхуйг гийгүүлэх наран болдог үзэл санаа, үзэл санаатны нэр билээ.(ХХ зуун эхээр интиллигент гэдэг үгийг Оросоор дамжуулан Монгол хэлэнд авахдаа Буддын шашны гэгээрсэн, гэгээнтэн буюу Бурханы зэрэгт нэгэнт хүрсэн нэгнийг заах утгын синонимыг эсрэгээр нь антоним болгон хэрэглэжээ. Ийнхүү “сэхээрэх, сэхээрсэн” гэдэг үгийн үндсээр Сэхээтэн хэмээх шинэ нэршил үүссэн байна. Бурханы номоор хорвоог ухаарах нь гэгээрэх бол шинжлэх ухаанаар ертөнцийг танин мэдэгч нь сэхээтэн болох учиртай ажгуу)
Социалист ертөнцийн соён гэгээрүүлэгч нарт хэвлэх үйлдвэр олдохгүй байтугаа тиймэрхүү зохиол бичсэн нь мэдэгдвэл шоронд хорихоос, шонд өлгөх хүртэл бүхий л ял зэхээстэй. Гэлээ гэсэн ч үл мятрах “самиздат”-ууд, үнэхээр л салхин дунд дальдчих зул шиг эргэн тойрноо бүдэг бадаг гэрэлтүүлж явсаар, нэг л өглөө эрх чөлөөний тэнгэрийг гийгүүлсэн үүрийг цайлгасан билээ. Бурханы шашны үлгэр домогт төөрсөн сүнсийг авардаг бүдэг бадаг зулын гэрэл гэж олонтаа гардаг. Гэрэл бол гэрэл жижигдэнэ, турьхандана гэсэн ном үгүй аж. Хорвоогийн дажинд хүчтэй нь түр эзэрхийлж болдог ч эцсийн дүндээ гэрэлтэй нь гийгүүлсээр ирсэн бөлгөө.
Хаант Оросын байлдан эзлэх бодлогын зүсээ хувиргасан үргэлжлэл, эзэмшлийн бүсээ тэлэх зорилготой түрэмгийллийн шинэ хэлбэр төдий болж хэрэгжсэн социалист системийн дотор гэрэлтэж асан зулыг бид Вацлав Хавель, Лех Валенса, Андрей Сахаров, тэрс үзэлт найрагч И.Бродский төдийхнээр баримжаалж, Монголоосоо алсуур төсөөлж ирсэн юм. Үнэндээ бол Монголын хээр талд эрх чөлөөний зулын гэрэл асаастай, үл хууртах үндэсний сэхээтний үзэл санаа амилаастай байсан юм.
Тэртээ ХХ зууны дундуур амсаж таниагүй, ухаарч ойлгоогүй бүхнээ ерөөсөө байдаггүй, хүн төрөлхтөнд огтоос заяагдаагүй хэмээн итгэж явсан үеийнхний дээрээс хөмөрсөн тогоонд анхны цавыг суулгасан тэр бүтээлийн зохиогч нь Баабар бөлгөө.
Баабар харанхуйн дундах зул шиг сэтгэгч, танин мэдэгч, эрх чөлөөг эрмэлзэгч төдийгүй чадварлаг нийтлэгч, авъяастай зохиолч билээ. Тэрбээр, үзэл санаагаа уран яруу илэрхийлэн тэрлэхээс гадна, утга зохиолын шүүмж, сонирхол татам тууж, өгүүллэгээрээ санаа бодлоо түгээж ирсэн. Баабарын Самиздат-аар гараад бүтнээрээ болон тал хагас нь үрэгдсэн “Главлит гэж юу вэ”, “ Цай уух зуур соцреализмын тухай яриа” ном, “Аавын минь зулай”, “Хулгана аа, гараад ир” зэрэг туужийг уншсан олон хүн өнөөдөр тодхон санаж байгаа байх. Утга зохиолын шүүмж, судлалын бүтээлийн Самиздатаас бүтнээрээ үлдэж, олны хүртээл болсон нь гэвэл: Ц.Доржготовын уран бүтээлийн тухай “Чи хаан шалдан байна гэж хашгирч чадах уу” билээ?
хоёр. Түүхэнд эргэлзэгчээс түүх бичигч
ХХ зууны Монголын түүхэнд яг юу болоод өнгөрснийг мэдэх хүсэл түүнд нэлээн хожуу буюу наяад оны сүүлээр аспирантурын шалгалт өгч байхад төрсөн гэдэг. Байгалийн шинжлэлд авъяастай байх нь энэ салбарын эрдэмтний гол шалгуур байсангүй. Зөвлөлтийн коммунист намын түүх ба МАХН-ын түүхийг онц сайн мэдэж байж эрдмийн зэрэг хамгаалах эрх олж авдаг цаг. Тэрбээр эхлээд уг түүхийг жинхнээс ойлгоод шалгуулчих гээд баахан унштал, хоорондоо зөрөөтэй, ямар ч логикгүй хачин зохиомол зүйл болоод явчихжээ. Ингээд, намын түүхийн нэг багшаар “ямар асуултад хэрхэн хариулдаг” гэдгийг хэлүүлж аваад шалгалтаа давсан ч “яг юу болсныг мэдэх” далдын хүсэлтэй үлдсэн байдаг.
ХХ зууны БНМАУ-ын түүхийг зохиохын өмнө алтан ургийнхан, уламжалт төрийн зүтгэлтнүүд, шашныхан зэрэг сэхээтний давхрагыг системтэй устган, нийгмийн оюун санааны “Их цэвэрлэгээ” хийсэн билээ. ХХ зуун Монголын албан ёсны түүхийн “БНМАУ-ын түүх. Нэгэн боть” –ыг 1950-иад онд Москвад орос хэлээр анхлан “зохиогоод” орчуулсан нь цаашид түүхээ хэрхэн бичих баримжаа болжээ. Түүнэээс өөрөөр бичих, тэнд орсныг үгүйсгэх, эргэлзээнд хүргэх баримт сэлтийг бичих ярих хориотой.
Ийм нөхцөлд,түүхэн үнэнийг илэрхийлэх бүх баримт хаалттай архивт нуугдаж, түүнд мэргэжлийн бус хүн хүрэх хориотой, мэргэжлийнхэн хүрсэн ч түүнээ задлавал шийтгэлтэй бөлгөө.
Зөвхөн ерөнхий логикоор нь хөөж түүхийн үнэнийг төсөөллийг гаргаж ирэх боломжтой. Боломжтой ч осолтой. Баабарын 1988 онд бичсэн “Бүү март, мартвал сөнөнө” өгүүлэл, мөн тэр үед гарсан “Гурван үеийн намтар” бүтээлүүд яг ийм осолтой зарчмаар бичсэн бүтээл юм.
“Бүү март, мартвал сөнөнө” өгүүлэл нь БНМАУ-ын албан ёсны түүхийн эхлэл цэг, тулгын чулууг өшиглөсөн зоримог санаатай байлаа. Тэнд “1921 оны гуравдугаар сарын 18-нд 400 морьт цэрэгтэй Ардын намынхан 10.000 орчим гаминг ялж Хиагтыг чөлөөлсөн” гэдэг аксиом худал хуурмаг гэдгийг зоригтой хэлсэн юм. Зүгээр л логиктой сэтгээд үзээрэй, ядаж байхад 10 гамин бол байнгын армийн мэргэжлийн цэрэг. Гэтэл ардын журамт цэргийн 400 морьтон нь зүгээр л малаа маллаж явсан сайн дурынхан. Ийм хүчээр байнгын бэлтгэлтэй цэргийн нэгтгэлийг ялах боломжтой юу гэж тэрбээр анх асуусан юм. ХХ зууны БНМАУ-ын түүх нь хэдийгээр Ардын намынхан Хүрээнд ирээд наадам хийсэн өдрийг баримжаалан тэмдэглэдэг ч, ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлснөөр эхэлдэг. Ингэснээрээ ХХ зуун БНМАУ-ын түүхийг эхлэл цэг худлаа болж байна. Худлаа эхэлсэн түүх, үнэнээр үргэлжлэх боломжтой юу гэдэг асуултыг Баабар бидэнд тавьсан юм.
Улмаар улс орнууд хөршийн ёсоор найрамдаж, эсвэл дайсагнадаг. Харин “ахдүүгийн найрамдал” гэдэг бол тэгш бус харилцаа, шударга бус хамтын ажиллагааг нуусан маш хортой халхавч болохыг тэр илчлэн нээсэн. Монголын хээр талд “Социалист хамтын нөхөрлөл” хэмээх уран гоё халхавч нэртэйгээр хэрэгжиж буй Их Оросын эзлэн түрэмгийлэх бодлогод автан дарангуйлагдаж буй Үндэсний бахархал, Монгол хүн гэх мэдрэмжээ сэрээн амилуулахыг уриалсан юм. Уг өгүүлэл Хаант Оросын эзлэн түрэмгийлэх бодлого Зөвлөлтийн “Ах дүү социалист орнууд” хоёр угтаа нэг зүйл бөгөөд Монголын тусгаар тогтнол Москвагийн бэлэг бус харин Орос-Хятадын ашиг сонирхлын тэнцвэр дээр бий болсон зүйл гэдгийг олж харсан байлаа. Тэрбээр, Шарль Де Голлын “Ард түмэнд мөнхийн анд нөхөр, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг л байдаг” гэдэг үгийг сануулсан нь “Монгол-Зөвлөлтийн мөнхийн найрамдал”-ын аялгуунд бүүвэйлэгдэн нойрсож байсан биднийг үндэсний ухамсрыг сэрээсэн хонхон дуу болов.
Эх орноо, улс үндэстэнээ шалдан байгааг харсан Монголчууд ийнхүү “Бүү март, мартвал сөнөнө” гэдгээ ухааран сэрсэн билээ. 1988 оноос Самиздатаар гарч байснаа, 1990-оны Ардчилсан хувьсгалын босгон дээр жижиг дэвтэр болон хэвлэгдсэн “Бүү март, мартвал сөнөнө” зөвхөн нэг удаадаа л гэхэд 80-100.000 хувиар гарч байв. Энэ тоо нь БНМАУ-ын Нам төрийн удирдагчдын хэлсэн үгийг нам эвлэлийн гишүүдийн тоогоор хэвлэн тарааж судлуулдаг байсан экземпляраас давж гарсан үзүүлэлт байлаа.
Ардчилсан хувьсгалын дараахнаар намын даргын ажлаа хүлээлгэн өгч, Ардчилсан хүчний улс төрч Баабараас Монгол улсын иргэн-улстөрч болсон тэрбээр орь залуу насныхаа өөр нэг мөрөөдлийг биелүүлэхээр ажиллах болов. Тэр нь арваад жилийн тэртээ “Бүү, март”-аараа эхлэл цэгийг нь бутниргээд орхисон “БНМАУ-ын түүх” байв. Түүхийн баримт үзэх, бодит үнэнийг мэдэх боломж, бололцоо хаалттай үед тэрбээр өөрийн гаргалгаа, логик дүгнэлтэд тулгуурлан өөр нэг бүтээл туурвисан нь “Гурван үеийн намтар: Э,Ю. Я ба X,Y.Z-ын түүх” эссэ юм. БНМАУ-ын иргэд ажилд орох, нам эвлэлд элсэх, гадаадад томилолтоор явах үедээ бичиж өгдөг маягтаар үйлдсэн нэгэн гэр бүлийн хоёр гишүүний гурван үеийн намтар нь ХХ зууны Монголын түүхийг айл гэрийн ургийн бичиг хэлбэрээр тоймлосон утга зохиол байлаа.
Худал хуурмаг, манан будангаар хучигдсан ХХ зууны Монголын түүх, Зөвлөлтөд зохиогоод орчуулсан тэрхүү “утга зохиол”-ын багийг бүтнээр нь хуулах шинэ боломж нээгдсэн нь нууцын архивт хэвтсэн олон мянган бодит баримтын нэлээд нь нээлттэй болсон явдал байлаа. Мэдээж бүгдээрээ биш, жинхэнэ үнэнийг өгүүлэх олон факт Кремлийн цэргийн архивт нуугдсан хэвээр байгаа.
Хожмоо, олон зуун бодит баримтад тулгуурлан байж сэргээн бичсэн Монголын түүх нь чухамхүү эдгээр алдарт бүтээлдээ хийсэн логик дүгнэлт, учир шалтгааны гаргалгаатэй үндсэндээ дүйж байсан нь гайхалтай.
Анх “ХХ зууны монгол:Нүүдэл суудал. Олз, гарз” нэртэйгээр 1996 онд гарсан энэ бүтээл тасралтгүй шинэчлэгдэн хэвлэгдсээр байна. Өдгөө 6 удаа шинэчлэгдэн, хэвлэгдэж, нийтдээ 20 удаагийн хэвлэлтээр 100.000 гаруй хувиар таржээ. НЭПКО хэвлэлийн газрын мэдээлснээр “Баабарын түүх” нэрээрээ алдаршсан эл бүтээл дахин хэвлэсэн тоогоороо ч, нийт гарсан хувиараа ч шинэ үеийн Монголын түүхийн бусад ном, зохиолыг ардаа орхисон юм. Түүнчлэн, анхны гадаад хэл дээрхи хувилбарыг Кэмбрижийн Их сургуулиас “History of Mongolia: From World power to soviet satellite” нэртэйгээр англиар гаргаснаар хойш франц, герман, орос, польш, болгар зэрэг арав орчим хэлээр, их төлөв их дээд сургуулийн академик хэвлэлээр олон улсад түгсэн байдаг. Монголын түүхийн бүтээл дотроос гадаад хэлнээ орчуулагдсан гэдэг тооцооллоор Монголын нууц товчооны дараа орж байгаа гэсэн судалгаа байдаг.
Баабарын шинэ түүх амар байсангүй. Түүнд хоёр том нийгмийн эсэргүүцэл тулгарсан юм. Засгийн газрын эсэргүүцэл биш шүү. Юуны өмнө, зөвхөн түүхч мэргэжлээр сургууль төгссөн хүн буюу “Засгийн газраас түүх бичих зөвшөөрөл авсан” гэвэл зохих этгээд л түүх бичиж болно гэдэг догм түүний өмнө хөндөлдсөн. Энэ нь их төлөв нөгөө “албан ёсны юу” гэлээ гэгчээр өөрийгээ Монгол улсын “албан ёсны түүхч” гэж ойлгосон судлаачдаас ихэвчлэн гарсан.Тэдний хувьд их дээд сургууль, аспирантур, доктрантур төгсгөж, бүхий л амьдралаа зориулаад хийж амжаагүй зүйлийг нь биохимич мэргэжилтэй, байгалийн ухааны судлалтан хийчихээд, түүнийг нь гадаадад хүлээн зөвшөөрч орчуулаад, улмаар дотоодын уншигчид нь бишрэн хүлээн авахыг хүлээн зөвшөөрөх амаргүй байсан болов уу? Гайхаад байх ч юу байх вэ, “Муугийн ёс биш Монголын ёсоо” гэгчээр хүний л араншин юм даа. Бүх хүн атаархдаг, ухаантнууд түүнийгээ мэдэрдэг бол бусад нь атаархлаа шударга бус явдалтай хийж буй тэмцэл гэж эндүүрдэг.
Хоёрдоод ирэхэд, буруу бороолсон бэртэнгийг засах үед гардаг өвдөлттэй зүйрлэмээр юм байсан нь хуурамч түүхээр анх амласан бүхэл бүтэн үеийнхний итгэл үнэмшил ажгуу. Халуун залуу насных нь итгэл үнэмшил болж, олон ч удаагийн шалгалтыг онц сайн өгч, сургууль соёлд орж, ажил албаа дээшлүүлж ирсэн тэр “түүхэн үнэн"-ийг өтөл насандаа худал хуурмагийн тоонд орохыг харах явдал зарим хүнд залуу насаа тэр чигээрээ хүчингүйд тооцох лугаа адил туйлаас эмгэнэлтай байсан буйзаа?
Түүхийг судлах, түүх бичих хоёр ижил юм шиг атлаа их өөр. Түүхийн шинжлэх ухаан дотроо олон салбартайгаас гадна угсаатны зүй, хэл соёл, антропологи болоод хэдэн арван, магадгүй зуун нарийн мэргэжилд хуваагдана. Бүгдийг нь нэг хүн судлах боломжгүй. Судлаачид салбар, салбартаа мэргэшин ажиллаж тэдний олсон нээснийг цөөн хэд нь базаж нэгтгэн бүтээл туурвидаг. Тэдэнд туурвин бичихээс гадна бусдын “судалсныг судлах”, нэгтгэн дүгнэх, хавтгайд нь өнгийн харах чадвар илүү байдаг. Нөгөө талаас, нийтлэг түүх рүү орохын тулд өөрийн нарийн мэргэшсэн салбараа орхин хөндийрэхээс аргагүй, түүндээ зориулж асан цаг хугацаа хүч хөдөлмөрөө өөр тийш хандуулахаас өөр сонголтгүй болоод ирнэ. Жишээлэхэд, Сиддхарта Мүхаражи гайгүй сайн хавдрын эмч болоод явчихаж болох байсан байх. Гэвч тэр хосгүй авъяаслаг туурвигч, нэгтгэн дүгнэгч, өнгийн харагчийн чадвартаа дулдуйдан хорт хавдар, генийн судалгааны шастираар дамжуулан шинжлэх ухааны түүхийг бичигч болжээ. Ийм учраас түүхийг судлаач, түүх бичигч хоёр тус тусдаа ажгуу.
Энэ бүхнийг үлгэрлэвээс машин хийхтэй төстэй. Жишээлэхэд бидний сайн мэдэх Тоёота-гийн моторын эд ангиас эхлээд гэрэл чийдэн, тэр байтугаа чийдэнгийн шил, лампыг өөр өөр газар хийнэ. Ламп хийдэг нь дугуй хийж чадахгүй, дугуйны хаймар хийдэг нь обудны тухай мэдэхгүй. Тэднийг нийлүүлээд Тоёота болгодог мэргэжилтэнг “чи тийм л сүрхий машаан хийдэг хүн юм бол нэг сайхан өвлийн дугуй зохиогоод аль” гэвэл чадахгүй ч байж мэднэ. Энэ мэтээр, түүхийг нэгтгэн бичих, салбарлуулан судлах нь тусдаа мөртлөө салшгүй, ондоо атлаа нэгдмэл зүйл билээ.
Дашрамд тэмдэглэхэд, Баабарын түүх, түүхийн яруу бичлэг нь түүхэн үнэнийг сэргээгээд зогсоогүй, бүх нийтээрээ түүх унших дуртай болгосон.
гурав.Сэхээтний шаналан
Алдарт зохиолч Үй Хуа бээр нэгэнтээ “Би нэгэн үе Японы зохиолч Я.Квабатаг бишрэн шүтэгч явлаа. Гэвч нэг мэдэхэд шал дэмий санагдах болсон” хэмээн хуучилж билээ. Энэ нь Я.Квабатаг тааруухан зохиолч байсан, эсвэл Үй Хуа буруу хүнээ андуурч шүтсэн тухай асуудал биш юм.
Өөрийгөө хөгжүүлж байгаа бүхэнд багш нь, шүтээн нь үргэлж хуучирсаар байдаг. Анх цагаан толгой, дөрвөн аргын тоо заалгаж байгаа бяцхан шавь нартаа бага ангийн багшийн мэдлэг нь тэнгэр бурхных мэт санагддаг. Хэрвээ таны боловсрол ингэсгээд зогссон бол бага ангийн багш чинь мэдлэг ухааны оргил маягтайгаар төсөөлөгдсөөр л үлдэнэ. Харин дунд, ахлах сургууль дүүргээд магистрын диплом гардахын хэрд эргээд харахад анх мэргэжлийн чиг баримжаа өгсөн багшаас эхлээд, их сургуулийн профессороор дамжаад оюун билгийн шүтээнүүд нь бие биедээ зайгаа тавьж өгсөөр ирсэн байдаг. (Хэрвээ, онцгой тохиолдол болоод, бага ангийн багш нь шавьтайгаа уралдан өөрийгөө хөгжүүлж, дунд сургуульд хичээл заагаад, улмаар их сургуулийн профессор, цаашлаад докторын ажил удирдагч болоод түрүүлэн боловсроод явчихаж гэмээнэ насан туршид эрдмийн шүтээн хэвээр явчих буйзаа)
Харин Баабар бол 1970-1980-аад оны заагаар нийгмийн үзэл санааны нууц шүтээн болж эхэлснээсээ хойш үргэлжлүүлээд Ардчилсан хувьсгалын оюун санааны эцэг, өнөөгийн нийгмийн сэтгэлгээний түүчээ болсон хэвээр бараг хагас зууныг үдлээ. Яагаад?
Яагаад гэдгийг ярихын тулд буцаад л өнгөрсөн үеэ сөхөж харах хэрэг гарна. Социалист нийгэм бол эрүүл саруул хүн хоёр нүүртэй баймаажин амьдарч болдог тогтоц. Иргэд нь Атейст байх үүрэгтэй ч нууцаар Бурхан шүтнэ. Бүгд ядуу айлын хүүхэд болж, зовлонгийн далайд төрөөд Ардын нам, засгийн буянаар жаргасан гэж намтраа бичнэ. Одоогийн энэ "Миний өвөө сайн блама, хувилгаан байгаад би түүнээс ид шид өвлөөд" гэж ярьдаг "сайн дурын хутагт" нар тэрийгээ дурьдвал хойд айл руу найдвартай ачигдана. Ийм ертөнцөд жинхэнэ шүтээн, жинхэнэ үнэн хоёр нууц байдаг.
Баабарын “Самиздат”-аас түгсэн хамгийн алдартай бүтээлийн нэг “Худал хуурмаггүй амьдрах нь” гэдэг нэртэй. Үүнийг уншсан олон хүн, өөрийгөө хуурч, итгэл үнэмшил, мөн чанарынхаа эсрэг амьдарч байгааг ухааран шаналсан юм. Хүн шаналахаараа өөрийгөө өөрчилж, зовлонгоо нимгэлэх эрмэлзэлтэй болдог. Эл бүтээл хаалттай нийгмийн олон сэхээтэнд өөрийгөө өөрчилж, шударга амьдрах сэдэл төрүүлж байлаа.
Эдгээр бүтээлүүд “Бид яагаад Бурхан шүтдэг мөртлөө Бурхан байхгүй гэж ярьдаг юм бэ”, “Бид яагаад хувьдаа орон сууцтай, машинтайгаа байг гэхэд хашаа байшин, мотоцикль, ядахнаа унадаг дугуйтай болохыг мөрөөддөг атлаа хувийн өмч муухай гэлцэн зүхдэг юм бэ”, “Улаанбаатар хотод дуртай нь амьдарч болдоггүй юм гэхэд хүссэн үедээ хот руу зорчиж яагаад болдоггүй юм бэ”, “Мал хураалгаад, хураалгасан малаа өчүүхэн бага хөлсөөр өөрөө маллаад, үхүүлбэл төлөх үүрэг хүлээсэн малчдын тухай мэдсэн атлаа “Мал маллах сайхан шүү, малчин бидний жаргал шүү”гэж дуулсаар яваагийн учир юу вэ”гэсэн олон асуултыг урдаас тавьж байлаа.
Сэхээтнүүд нь “Худал хуурмаггүй амьдрах” хүсэл төрөвч нийгэм нь өөрөө тийм боломж өгөхгүй байгааг ухаардаг. Энэ нийгэмд “албан ёсны нүүртэй”-гээ явбал улаан коммунист, сэнтэгтэй нэгэн болж дуусах, үнэн нүүрээрээ явбал “сэхээтний төөрөгдөл”, социализмын эсрэг гэмт хэрэгт орж ял эдлэх болно. Баабарын самиздатын бүтээлүүд сэхээтнүүдийг ёс суртахууны хямралд оруулж шаналгасан гэдэг нь энэ.
Үнэн хэрэгтээ, тэдэнд цоо шинэ санаа, эрх чөлөөний мэдрэмж суулгасан ч юм биш. Харин олон арван мянган хүний сэтгэл зүрхэнд нуугдсан, дуудан сэрээх цагийг хүлээсэн тэр л мэдрэмжийг сэрээсэн хэрэг. Эрх чөлөө, шударга ёсны мэдрэмж бол хүний төрөлх мөн чанар, зүрх сэтгэлийнх нь хаа нэгтэйд эхээс төрөхөд нь байж л байсан тийм мөн чанар юм.
Энэ мөн чанар айснаас, эсвэл төөрөлдснөөс болоод хүмүүний оюун санааны буйдхан нэгэн буланд ичээндээ орчихсон хэвтэж байдаг. Баабарийн Самиздат олон зуун сэхээтний эрх чөлөөний мэдрэмжийг ийнхүү сэрээсэн болохоос тэдний огт мэдэхгүй зүйлийг зааж сургаагүй, ухуулан ойлгуулаагүй бөлгөө. “Бүү март, мартвал сөнөнө”, “Гурван үеийн намтар”, “Хаан шалдан байна” өгүүллүүд нь нүдэндээ итгэж ядан “Манай хаан шалдан байгаа юм биш байгаа даа, арай ч үгүй байлгүй. Би тэнэг болохоороо хааныхаа шинэ хувцасыг харахгүй байгаа байхаа” гэж эргэлзэж байсан сэхээтнүүдэд “Чиний харсан бүхэн үнэн, эргэлзсэн болгон бодитой” хэмээн итгэл өгсөн.
Аз болоход, Марксист нийгмийн ухаанаар балбуулсан ч гэсэн БНМА Улс сэхээтнүүдийн бүтэн давхрагатай болсон цаг байв. ХХ зууны Монголын сэхээтний давхрагыг байгалийн шинжлэх ухааныхнаас гадна ерийн логиктой сэтгэдэг, төрөлхийн хэрсүү ухаантай, зүгээр л “Яагаад” гэж өөрөөсөө асуух ч чадвартай төрсөн мянга мянган иргэд бүрдүүлсэн юм. Эцсийн дүндээ “Худал хуурмаггүй амьдрах”-ын тулд “Худал хуурмагийн нийгэм”-ээ өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд тэд хүрсэн. 1990 оны ардчилсан хувьсгалдүрэлзэн асахад хэрэгтэй байсан “цэнэг” чухамдаа энэ.
Нийгмээ өөрчлөх гэхээр, бидний ихэнхэд Социализмаа улам гоё болгох, түүний алдаа дутагддлыг засах л тухай бодогдохоос биш системээ солих талаар эргэцүүлсэн нь хэд гуравхан. Дээр нь, 1984 оноос Зөвлөлтөд эхэлсэн “Горбачевын Перестройка” олон сая хүнд социализмаа гоё болгоод жаргах итгэл өгч эхэлсний дотор Монголчууд ч багтана. Гэвч, ямар ч дэглэмгүй хорих газар гэж байх боломжгүйн адил Социализм “дэглэм”-ээсээ салах л юм бол сөнөх нигууртай ажээ. Ардчилал, эрх чөлөөний зах зухыг харуулахаар нураад уначихдаг тогтоц бол социализм өөрөө байжээ гэдгийг хожмын үйл явдлууд харуулсан юм.
Бид социалист дэглэмээ нураасан жагсаалуудынхаа нэгэн дээр “Лениний нас барсан өдөр”-ийг тохиолдуулан малгай аван эмгэнэж л байлаа. Ичмээр ч юм биш. Хөмөрсөн тогооны дор, системийнхээ үзэл суртлын тогоонд буцалж боловсорсон бидэнд “Ленин багшийн зөв сайхан номлолыг манай удирдагчид буруу хэрэгжүүлээд баллаад хаяжээ. Одоо зөв марксист, ориг Ленинист намтай болоод хөгжинө” гэдгээс өөр олигтой санаа орж ирээгүй. Орж ирэх ч боломжгүй.
Буруу ойлгох нь танин мэдэхүйн байдаг л нэг үзэгдэл, харин танин мэдэхээс татгалзан гацах нь л эмгэнэл болохоос. Хүмүүн ч гэсэн ээжийнхээ мөөмийг хорвоогийн хамгийн хамгийн гоё эрхтэн гэж бодоод өсдөг. Түүнээс ч аятайхан мөөмтэй учраад тэрнээсээ ичиж сүйд болдоггүй. Бас нялхдаа өлгийдээ цөмөөрөө хүндэрдэг байсан нь шившиг бус, харин том болсон нь тэр хэвээрээ үлдвэл асуудал л байдагтай адилавтар ч юм уу?
1990 онд нийгмээ өөрчлөх бодолтой олон мянган хүн нэгдэн Ардчилсан хувьсгалыг хийсэн юм. Энд Баабарын өөрийн бичдэгчлэн, эрс шинэтгэлийг нэхэн гудамжинд гарч, зориглон жагссан залуусаас гадна тухайн үеийн төр засгийн аппаратад ажиллаж байсан олон хүний идэвхи зүтгэлээр энэ хувьсгал хийгджээ. Гэвч биднийг ч, тэднийг нэгтгэж байсан гэнэхэн итгэл үнэмшил нь “Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтынжишгээр социализмаа улам сайхан болгох” явдал байлаа.
Харин явдал арай өөрөөр өрнөж, дэлхий дахины хувирал хийгээд бидний оюун санаанд төлжсөн шинэ шинэ ойлголтууд өнөөгийн ардчилсан Монгол улсын ерөнхий структурыг бий болгосон. Чухам эндээс цоо шинээр төрөн гарсан Социал демократ хөдөлгөөний гол зүтгэлтэн Баабарын бусдаасаа өөр, цоо шинэ хандлага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бололтой.Түүний барьсан зарчим нь тухайн үеийн зарим хувьсгалчдын толгойд эргэлдэж байсан шиг “МАХН-ы удирдлагыг солих замаар илүү сайн МАХН бий болгох” эсвэл “МАХН-ыг түлхэн унагаад түүнийг маш зөвөөр орлох өөр “шинэ МАХН”-ыг Засгийн эрхэнд тавих”-ын алин ч биш байв. Түүний оронд, МАХН дотор байгаа шинэчлэх үзэлтэй хүмүүсийн нөлөөг ашиглах замаар тайван хувьсгал хийхийг тэр эрхэмлэж байв.
Үнэхээр ч 1990 онд хийсэн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАХН дангаараа засаглахыг болиулахаас эхлээд 1991 оны анхны Ардчилсан сонгууль сонгууль явуулах хувилбарыг боловсруулах ороод, 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулийг батлах хүртэлх үйл явцүндсэндээ Баабарын гаргасан хувилбараар явжээ. Ялангуяа, анхны ардчилсан сонгуулийг холимог хувилбараар хийх, хоёр танхимтай парламент байгуулах нь Баабарын санаа байсан гэж шинэ ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг Бираагийн Чимид гуай дурсан ярьсан байдаг.
Чухам үүгээр нийгмийг сэрээн дуудагч Баабарын үе өндөрлөжээ. Сэхээтнүүд нэгэнт сэрсэн учраас тэдэнд сэрүүлгийн хэрэг үгүй болов. Гэвч Баабар мартагдсангүй. Мартагдсангүйгээр барахгүй шинэ шинэ үзэл санааны тугч болон цааш явлаа.
дөрөв. Баабарын СУРГУУЛЬ
Ерээд оны эхээр Баабар өөрийн байгуулсан МСДН-ын даргын албыг хүлээлгэн өгөөд илүүтэй бие даасан улстөрчийн байр суурьтай болсон ч тэрбээр шинэ залуу намуудыг хүчийг нэгтгэх ажлын гол зөвлөгч санаачлагчийн үүргийг өөртөө хүлээсэн юм. Магадгүй юм, тухайлсан нэг намын лидерийн хувиар биш, илүү чөлөөтэй улстөрчийн байр сууринаас ажиллах нь нь амар байсан байх.
Энэ зуур Баабарын бичсэн, танин мэдэхүйн агуулгатай хурц хэллэгтэй, яруу найруулгатай (Яруу найраг биш шүү хөөш), уншигчдыг байлдан дагуулах бичлэгтэй өгүүллүүд бүх нийтийн улс төрийн боловсролын сургууль болсоор байлаа. Боловсролтой атлаа дайчин, ухаалаг мөртлөө цэцэн байх нь өөрөө ҮЗЭГДЭЛ юм. Бидний эргэн тойронд дайчин атлаа ямарч боловсролгүй, цэцэн мөртлөө ухааны зийгүй, уг нь зөв ухаараад байвч түүнээ илэрхийлж хүчирдэггүйчүүдийн гурван далай цалгилж байхад шүү.
Чухам энэ “үзэгдэл” л Баабарыг заримдаа дангаараа ардчилсан хүчний дуу хоолой, тэр чигээрээ сөрөг хүчин болгож байсан нь нэг бус аа. Ялангуяа, ардчилсан хүчний “лидер”-үүд намаа ялагдуулчихаараа гадаадад боловсролоо дээшлүүлэх нэрээр зугтаан оддог байсан бүхий л мөчлөгүүдэд Баабар дангаараа “Ардчилсан хүчин”, “Сөрөг нам” болж үлдээд үгээ хэлж, нийгмийг долгиолуулж ирсэн нь нэг бус, хоёр бус, гурав ч бус аа!
Нийгмийн оюун санаанд түүний үзүүлэх нөлөөг ярихын оронд, тээр жил УИХ-ын сонгуулийн маргааш “нэгэн намын дарга нэгэн” бээр:
-Саналын хар хайрцагийг Баабар хакердаад өөрийн хүссэн дүнгээ гаргуулсан хэмээн мэдэгдэл хийж хүртэл байсныг дурьдахад хангалттай.
Тэрбээр 1996 онд ардчилсан хүчнийхнийг “Ардчилсан холбоо эвсэл” болгон сонгуульд оруулах ажлыг зохион байгуулалцсан баөөрөө УИХ-ын гишүүн болжээ. Баабар парламентын гишүүн байхдаа Батлан хамгаалах салбарын болон Банкны системийн шинэчлэлийг гардан хийсэн байдаг. Харин 2000 оны сонгуулийн дараагаар МҮАН, МСДН, МҮДНзэрэг голлох нөлөөтэй сөрөг намуудыг нэгтгэн АН байгуулахад идэвхтэй оролцоод ерөөс улстөрөөс хөндийрэн Монголын түүхийг шинээр бичих ажилд оржээ.
Баабарыг нийтийн шүтээн мүтээн гэхээ болъё, бүүр шинэчлэгч сэхээтний оюун санааны эцэг, тэр байтугаа ардчиллын лидер гэхээ ч байчихъя гэхэд тэрбээр манай нийгмийнүзэл санааны, улс төрийн боловсролын ИХ СУРГУУЛЬ гэдэг нь маргашгүй.
Баабар 1970-80 оны сэхээтнүүдийн нууц шүтээн байсан, Баабар 1990 оны нийгэмээ шинэчлэгч, хувсгалчдын оюуны удирдагч байсан, 1990 оноос хойш ардчилсан хүчний дуу хоолой нь, улмаар Монголын шинэ үеийн залуусын хүндлэн дагадаг сэхээтэн, үзэл санааны чиг баримжаа нь байсан. Лидер хуучирдаг, ямар ч шүтээн өөрийгээ элээдэг. Харин СУРГУУЛЬ бол өөрийгээ оюутнуудтайгаа хамт шинэчилсээр байдаг. Баабар орхигддоггүй, Баабар мартагддаггүйн нууц ердөө л энэ.
Жич: Тэртээ 1954 оны намар өдийд, Цэцэрлэг хотын эмнэлгийн төрөх тасагт жирийн л нэг Монгол эх амаржиж, жирийн л нэг Монгол хөвүүн мэндэлжээ. Архангай аймагт томилолтоор ажиллаж байсан эрдэмтэн Т.Бат-Эрдэнэ гуай ууган хүүдээ Батбаяр гэдэг нэр өгч, бүртгүүлсэн байна. Жирийн л орчлонгийн жирийн л явдал.
Харин жирийн бус түүх нь мөнөөх Батбаяр өөртөө “Баабар” гэдэг утга зохиолын нууц нэр өгөөд, Самиздатаар “эсэргүү” ном гаргаснаас эхтэй билээ. Жир бусын түүх одоо ч бичигдсээр...
Сэтгүүлч Б.Цэнддоо
(2024.10.22)
Сэтгэгдэл (0)