“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
- 2024-11-13
- Нийтлэл
- 0
Халзан бүрэгтэй гэдэг үйлээ үзсэн ордтой болжээ, бид. Газрын ховор элемент гэдэг үнэ цэнэтэй, “гайтай хөөтэй” баялаг агуулснаас болж Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрладаг энэ ордын орчимд “талыг там болтол” тулалдаад хэд хонолоо. Харамсалтай нь зөрчил хурцадвал хүний амь эрсдэхэд ч ойрхон нөхцөл байдал үүсчихлээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 7-ны оройн 18 цагийн орчмоос эхлэн цахим хуудаснаа төслийг хэрэгжүүлэгч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн ажилтнуудыг талбайгаас гаргахгүйгээр хууль бусаар хашиж түгжин, чин үнэнийг хэлэхэд 54 ажилтныг тоног төхөөрөмжүүд, өрмийн дээжтэй нь барьцаалчихсан байдалтай байв. Тэд “Байрладаг кемп, өмч хөрөнгийг чинь шатаана, түр колонкийг чинь дэлбэлнэ” хэмээн согтуу хөлчүүгээр дайрч байсан, харанхуй шөнөөр байдал хүндэрч мэдэхээр байна” гэх мэдээлэл ирэв. Тухайн өдөр Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн A/07 тоот “Үйл ажиллагааг зогсоох тухай” захирамж гарсны дараа энэ үйл явдал өрнөсөн бөгөөд үймээн дэгдэх үеэр тус аймгийн цагдаагийн байгууллагаас 40 гаруй алба хаагч тэнд байсан боловч аймгийн удирдлагуудаас ч, цагдаагийн байгууллагаас ч ямар нэг арга хэмжээ авахгүй байв. Тиймээс тус төслийн ажлын хэсгийнхний хүсэлтийн дагуу олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нарт хаяглан мэдээлсний үр дүнд, уг постыг оруулснаас хойш гурав орчим цагийн дараа цагдаагийн алба хаагчид ТББ-уудын турхирсан иргэдэд хашигдаж хоригдсон ажилтнуудыг шат дараалалтайгаар арайхийн төслийн талбайгаас нийт 54 иргэнийг эсэн мэнд гаргаж чадсан боловч төсөл хэрэгжүүлэгч компанийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг хаяад гарахаас өөр арга байсангүй. Нүд халтирам дүр зураг тэнд үлдсэн бөгөөд хамгийн гол нь Монголын төрийн байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрүүд ТББ-уудын өчүүхэн шуналын өмнө сөхрөн хөсөр хаягдахыг харах аймшигтай байв.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт хэрэгжиж буй “Халзан бүрэгтэй” төсөл нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гарцыг төрөлжүүлэх, экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох, баруун бүсийн хөгжлийг дэмжих зорилготой. Манай улс газрын ховор элементийг олборлож ашиглах талаар хамтарч ажиллахаар АНУ, Япон, БНСУ болон Европын Холбоотой санамж бичиг зурсан байдаг.
Гэхдээ “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь хууль ёсны тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалтаар уг төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл хэсэг бүлэг хүн болон ТББ-уудын зүгээс зохион байгуулалттайгаар уг төслийг эсэргүүцэж, энэ сарын 2-ны өдөр Ховд аймгийн төв, Жаргалант суманд жасгаал зохион байгуулсан. Аль ч талаас нь харсан энэ бол Хятад улсын газрын ховор элементийн олборлолт үйлдвэрлэл дэх давуу байдлаа хадгалах гэсэн сонирхол, бодлогын төлөөх явуулга байж болзошгүй гэдэг хардлага төрүүлсэн. Энэ талаар сонирхоод үзэхэд Өвөр Монголын Баяннуур аймагт орших, Баян-Овоогийн ховор элементийн орд дэлхийн нийт хэрэгцээний 80 шахам хувийг хангадаг юм байна. Хятадын энэ давуу байдал бол энэ зуундаа өрсөлдөгчгүйгээр ноёлох хэмжээний стратегийн нөөц юм. Харин энэ нөхцөлд Монголын үндэсний компани, өөрийнх нь лизензийг авах гэсэн гадаад өрсөлдөгчдийнхөө удаа дараагийн оролдлого, шахалтыг даван туулаад Канад, Сингапур улсаас хөрөнгө оруулалт татаж, боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлэхтэй зэрэгцсэн дээрх бусармаг халдлагад өртөхөд хүргээд буй нь анхаарал татаж байгаа юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг нэг тэрбум ам.доллароос багагүй гэж үздэг. Учир нь тус төслийн хүрээнд баяжуулах, гүн боловсруулах гидрометаллургийн, давсны хүчлийн үйлдвэр баригдах тухай мэдээллүүд хэвлэлд нийтлэгдэж байв. Гадаадын хөрөнгө оруулалтаар энэ төслийг Монголын компани хэрэгжүүлэхэд дургүйцсэн, хэсэг бүлэг хүн, ТББ гэх нэрийдлээр халхавчилж, улс орны эрх ашгийг уландаа гишгэж улайран эсэргүүцэж жирийн малчид, иргэдийн нэрийг барьж төслийн эсрэг ажиллаж буй нь гадаадаас захиалгатай гэж үзэж болох хангалттай баримт олдож эдүгээ эрх бүхий байгууллагууд шалгалтын ажлаа эхлүүлээд байгаа юм.
“Дажинг өдөөгчид” хэн байсныг олоход хялбар болов
Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцэгчдийг “Мянгадын бүлэг”, мөнгө хайсан хэсэг хүмүүс болон гаднын нөлөөтэй байж болзошгүй бүлэг гэж хувааж үзэж болох юм. Хамгийн гол нь тухайн нутаг дэвсгэрийг удирдах засаг захиргааны нэгжүүд, цагдаагийн байгууллага гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлж буй компанидаа нутгийн иргэд хууль бусаар халдаж эвдэн сүйтгэж байхад ямар нэг байдлаар арга хэмжээ авахдаа тун хойрго хандаж буйг энэ сарын 7-ны өдөр болсон үймээн самууны байдлаас харагдлаа. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай боловч эцсийн өмчлөгч нь монголчууд, хуулийн дагуу бүх байгууллагаас зөвшөөрлөө аваад, хяналт шалгалтаа хийлгээд, ҮАБЗ-өөс томилсон ажлын хэсгийнхний газар дээр нь хийсэн дүгнэлт, зөвлөмжүүдийн дагуу хамтран ажиллаад явж байгаа хуулийн этгээд байтал яагаад эс үйлдэл гаргаад байна вэ гэдгийг ч холбогдох байгууллагуудад шалгуулахаар өгөөд байна.
Наад зах нь аймгийн Засаг даргын албан бичиг л гэхэд хуулийн үндэслэлгүй, эрх зүйн ямар нэг актад тулгуурлаагүй “Үйл ажиллагааг зогсоох” захирамж байгаа юм. Аймгийн Засаг даргын захирамж нь Засгийн газар, түүний агентлагуудын олгосон өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй тусгай зөвшөөрөл, тэр ч байтугай ҮАБЗ-өөс гаргасан дүгнэлт, зөвлөмж, Цөмийн энергийн газрын тодорхойлолт зэргээс давж үйлчилдэг байж болох уу?
Цаашилбал, Ховд аймгийн Мянгад сумын ИТХ-ын даргаар АН-ын гишүүн Идэрзаяа гэх залуу томилогдсон байдаг. Тэрбээр өмнө нь 2020-2024 онд мөн сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бөгөөд сонирхолтой нь түүнийг ИТХ-ын даргаар сонгогдсоны ердөө маргааш нь “Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцдэг “Мянгадын мянган морьтон” ТББ-т жагсаалыг санхүүжүүлэх зорилгоор зургаан сая төгрөг өгсөн тухай мэдээллийг одоогоор эрх бүхий байгууллагаар шалгуулахаар нотлох баримт, гомдлыг хүлээлгэн өгөөд байна. Мөн хамгийн хүчтэй, гадаад улсад албан айлчлал хийж байсан Ерөнхий сайдын сонорт хүртэл үймээн самуун тавьсан эхлэл нь Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн дээр дурдсан албан бичгээс үүдэлтэй. Үүнийг хамгаалалт гэж ойлгосон ТББ-ууд хэрхэн улайрч байсан, тэдгээрийн дотор гаднын нөлөөтэй хэдэн ТББ-ын тэргүүн байсан талаарх бүх үйл, баримт одоогоор хуулийн байгууллагад шалгагдаж байна. Ил мэдээлж болох талаас нь дурдвал яагаад үе үеийн аймгийн Засаг дарга нар хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгч компанид бус, ТББ-уудад найр тавьдаг, халдлага болон хууль бус үйлдэл гаргахад нь эс үйлдэл үзүүлсээр ирэв гэдэг анхаарал татдаг.
Түүнчлэн тус төслийн үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр болох Ховд аймгийн Мянгад сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч нь Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэж үү. Өмнөх Засаг дарга аснууд, тухайлбал, одоогийн УИХ-ын гишүүн Э.Болормаа, Засаг дарга асан Б.Дүгэржав нар яагаад уг төслийг дэмждэггүй вэ? Төслийг дэмждэггүй хэд хэдэн хүчтэй эсэргүүцэгч нь энэ удаагийн орон нутгийн сонгууль аймгийн болон сумын ИТХ-д өрсөлдөөд ялагдагсад, эсвэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймагт байрладаг их сургуулийн захирал асан, аймгийн АН-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн байгаа зэрэг нь ийм “шантааж” улс төртэй холбоотойг харуулдаг. Холбогдох ТББ-уудын тэргүүн гэх хүмүүсийн тухайд хуулийн байгууллагад бүртгэгдсэн хувийн байдлаас нь харахад энэ чиглэлийн болон бусад хууль бус үйлдэл, тэр тусмаа уг төслийн талаарх худал мэдэл тараах, олон нийтийг эсэргүүцэлд уриалах, турхирах үйл ажиллагааг тасралтгүй хийсэн үйлдлүүд, төслийн удирдагчаас болон төсөл хэрэгжүүлэгч компаниас хууль бусаар шаардсан мөнгө хүссэн шаардлагууд, хууран мэхэлж авч байсан тодорхой гүйлгээнүүд нь дансны дугаар зэрэг нотлох баримтуудтайгаа хуулийн байгууллагад ирсэн аж.
Хамгийн гол нь орон нутгийн жирийн иргэд малчдын эх оронч, романтик фантазид суурилсан "гацаагчид”-ын захиалагчид хэн байв? Үүнд тухайн ТББ-ынхны дансны гүйлгээ их зүйлийг харуулж байгаа бөгөөд тэдний дансаар мөнгө шилжүүлсэн "толгойлогчид" нь тийм ч чинээлэг хүмүүс биш байгаа нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг “гацаагчдад” холбогдох 13 яллагдагч бүхий хэргийн байдалтай тун ижил төстэй бөгөөд дараа дараагийн бусад төсөлд ч халдварлах магадлал өндөр байгаа юм. Түүнчлэн Халзанбүрэгтэйн ордод төслийнхнийг сүйдэлж байхад эс үйлдэл хийсэн цагдаагийн байгууллагыг ч зохих газарт нь шалгуулахад болохгүй гэх газаргүй. Хэрэв хожуу ч гэсэн хөдөлж таслан зогсоогоогүй бол үймээн гарсан тэр орой согтуу хөлчүү улайрагсад ямар эрсдэл учруулах байсныг таашгүй.
Цаашилбал, Монгол Улсын Засгийн газар хууль ёсны зөвшөөрөл бүхий энэ компанитай, тус төслийнхөнтэй яаж харилцахаа, дэмжих үү, дайсагнах уу гэдгээ тодорхой болгомоор байна. “Халзан бүрэгтэй”, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг төсөлд л гэхэд хэрхэн хандахаа төр тод илэрхийлэх ёстой. Яагаад цагдаа нь, шүүх нь эс үйлдэл гаргадаг юм бэ? Ямар учраас Ерөнхий сайд нь улс орны хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гацаавал ямар хариуцлага тооцох талаараа тодорхой мэдээлэл, дорвитой өөрчлөлт хийхгүй байна вэ? Гадаадын хөрөнгө оруулагчид энэ нийтлэлийг англи хэлээр унших болно. Тэд монгол хүн эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай төсөлд тухайн орон нутгийн “шантаажчид” яаж ханддагийг, төр нь хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээ яасан ч хамгаалдаггүйг харлаа.
ҮАБЗ, Цөмийн энергийн комисс юу гэв?
Төрөөс энэ ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл өгсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 2022 оны арваннэгдүгээр сарын 12-16-нд ажилласан. Үүний дараа ҮАБЗ-ийн 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот албан бичгээр байгуулсан ажлын хэсгийн шалгалтын үеэр явуулсан шинжилгээний үр дүн болон цаашид үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэл, зөвлөмж бүхий тайланг ирүүлсэн байгаа юм. Энэ ажлын хэсэг нь “Халзан бүрэгтэй” төслийн талбайн ойр орчмоос дээж авч, шинжлүүлсний эцэст Цацрагийн хяналтын лабораторийн 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 22-5916 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүн гарсан байдаг. Мөн тухайн ажлын хэсэгт ажилласан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 01-08-074/351 тоот дүгнэлт гаргаж хүргүүлсэн байна.
Уг дүгнэлтэд Цөмийн энергийн тухай хууль, Цөмийн энергийн комиссын 2015 оны долоодугаар сарын 28-ны өдөр баталсан “Цацрагийн аюулгүйн норм”-ыг үндэслэн, шинжилгээний үр дүнг цацрагийн тунгийн чадал нь цацрагийн хяналтаас чөлөөлөх түвшинд байна гэж дүгнэсэн. Дүгнэлт дэх мэргэжлийн хэллэгийг энгийнээр тайлбарлавал байгалийн цацраг нь байгаль орчин, хүн, амьтан, экосистемд хор хөнөөл учруулахгүй, хяналтаас чөлөөлөх түвшинд гэх зөвшөөрөгдсөн хэмжээнд багтахаар байна гэжээ.
Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 1/877 тоот “Цацрагийн хэмжилт, шинжилгээний тухай” албан бичигт шинжилгээний үр дүн дэх утгууд нь нэгтгэн, нийлбэрийг тооцсон утга нь 1-ээс хэтэрсэн буюу хяналтаас чөлөөлөх түвшнээс хэтэрсэн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг мөн ажлын хэсэг ажиллах үеэр авсан дээжүүдийн шинжилгээний үр дүнд Цацрагийн аюулгүйн дүрмээр тогтоосон нормд үндэслэн гаргасан боловч шинжилгээний үр дүн дэх изотоп тус бүрд бус, кали, уран, тори, изотоп тус бүрийн утгийг нэгтгэн, нийлбэрийг цацрагийн чөлөөлөгдөх түвшинд харьцуулан гаргасан нь “Халзан бүрэгтэй” төслийн байгалийн цацрагийн идэвхийн түвшний талаарх зөрүүтэй ойлголтыг бий болгоод байгаа юм. Тиймээс байгалийн цацрагийн хэмжээ нь хяналтаас чөлөөлөх түвшинд байгаа, эсэх талаарх ойлголтын зөрүүг цаашид нэг мөр болгох шаардлагатай гэжээ.
Төслийг хэрэгжүүлэгчид цацрагийн идэвхжилд хэрхэн хяналт тавив?
Ингээд “Халзан бүрэгтэй” төслийнхний зүгээс ҮАБЗ-өөс 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот албан бичгийн дагуу хайгуулын талбайд ажилласан ажлын хэсгийн тайланд тусгасан санал, зөвлөмжүүдийн биелэлтийн хангаж ажиллаж байгаагаа тайлбарладаг. Одоогоор тэд талбайн хаягдлын далангийн туршилт, судалгааг гүйцэтгүүлэхээр Австрали улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын тэргүүлэх байгууллага болох “Knight piesold”-ийг зөвлөх компаниар сонгож, цацрагийн чиглэлээр байгаль орчин болон нийгмийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэх гадны зөвлөх “Sustainability”, SLR зэрэг олон улсын компанитай хамтран ажиллаж, цацрагийн эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай бүхий л өгөгдлийг цуглуулж ажилладаг аж. Мөн Дэлхийн цөмийн энергийн агентлаг (IAEA)-с уг хаягдлыг маш бага түвшний цацраг идэвхт хаягдал хэмээн тодорхойлсон байдаг. “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлэгч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь байгалийн цацрагийн түвшнийг хайгуулын дээжүүдэд тодорхойлуулах зорилгоор Австрали улсын Цөмийн энергийн олон улсын лаборатори болох ANSTO-д шинжлүүлээд “Цацраг идэвхийн тэнцвэрт байдалд байна” гэж тодорхойлогджээ. Энэхүү тэнцвэрт байдал нь нөөцийг зөв төлөвлөх, үр дүнтэй ашиглах боломжийг олгохоос гадна цацрагийн менежмент, аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой аж.
“Халзан бүрэгтэй” төслийн талбай, орд газар нь ихэнх ашигт малтмалын ордын нэгэн адил чулуулаг нь тодорхой хэмжээнд байгалийн цацраг агуулдаг тул цацрагийн суурь судалгааг ашигт малтмалын боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаас өмнөх төслийн талбайн цацрагийн суурь үзүүлэлт, байгалийн хэлбэлзлийг тогтоох зорилгоор улирал бүр тогтмол гүйцэтгэж, Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон холбогдох төрийн байгууллагад судалгааны тайланг танилцуулан ажилладаг гэнэ.
Эхний шинжилгээгээр цацраг идэвхт элементүүд нь хаягдалд маш бага, энгийн чулуулагтай адил агууламжтай, бүтээгдэхүүнд өссөн үр дүн гарсан. Цаашид үйлдвэрийн бүхий л процесст цацрагийн хяналтыг хамааруулах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах инженерчлэлийн технологиудад шаардлагатай бүхий л төсвийг ордын хөрөнгө оруулалтын тооцоонд оруулах, мөн цацрагийн хамгаалалтай холбоотой зардлуудыг үйл ажиллагааны зардалд бүрэн тусгахад төвлөрч байна гэсэн тайлбар өгөв.
Газрын ховор элементүүд нь кали, уран, тори зэрэг дэлхийн гадаргуу дээрх чулуулаг ба хөрсөнд байх цацраг идэвхт элементүүдийг бага хэмжээнд агуулдаг бөгөөд олон улсын нэршлээр байгалиасаа цацраг идэвхт элемент агуулдаг материалд (NORM-naturally occurring radioactive materials) хамаарагддаг. Газрын ховор элеэментийн баяжуулалт, боловсруулалт болон хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь химийн болон эрдсийн найрлага, хүдрийн цацраг идэвхжилтээс ихээхэн шалтгаалдаг ба ордын төрлөөсөө хамааран эрдсийн найрлага, цацраг идэвхжил нь өөр өөр байдаг аж.
Сэтгэгдэл (0)