Гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя
- Өчигдөр 10 цаг 33 мин
- Нийгэм
- 0
Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн аюулт үзэгдэл, ослын хоногийн мэдээг хүргэе.
Сонгинохайрхан дүүрэгт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-гийн 2 га газрын өнжмөл шар өвс шатаж, иргэн Ц-гийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, эзэн тодорхойгүй айлын 1 га газрын өнжмөл шар өвс, 5 метр хашаа, 5 ханатай гэрийн баруун талын хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3х6 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүн туруун багийн "Шадын орой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, иргэд очиход малчин А-гийн эзэмшлийн малын хашаа, саравч, өтөг бууц шатаж байсныг ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 19:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-гийн эзэмшлийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг, угаалгын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ийн эзэмшлийн 14х10 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн 2 дугаар давхар, дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, эзэн нь тодорхойгүй 50 метр хашаа, 0.1 га өнжмөл шар өвс, автомашины хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)