Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
- 13 цаг 13 мин
- Улс төр
- 0

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.01 цагт 66.7 хувийн ирцтэй эхэлж, Улсын нөөцийн тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгүүдийг явууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороонд, мөн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцууллаа. Түүнчлэн иргэн Батболдын Болдбаатараас нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр гаргаж, 100200 иргэн дэмжсэн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай хуулийн төсөл санаачлах саналыг Хууль зүйн байнгын хороонд хуваарилжээ.
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан бий болж буй эрсдэлт нөхцөл байдлыг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор тусгах шаардлага үүсэж байгааг тэрбээр онцолж, улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх харилцааг хуулийн төсөлд тусгасан гэсэн юм. Тухайлбал, орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчилж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг нарийвчлан баталгаажуулах, төрийн захиргааны төв байгууллагуудын харилцан уялдаатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, стратегийн, гамшгийн болон нөөцийн мэдээллийг цахим санд төвлөрүүлж удирдах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн агуулахын дэд бүтцийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилж хөгжүүлэх, сул зайг түрээсэлж, орлого олох боломж бүрдүүлэх, нөөцийн хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх, гамшгийн үеийн шуурхай ажиллагааг хангах онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, боломжийг өргөжүүлэх, холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлж, хэл зүй, найруулгын зөрчлийг арилгах өөрчлөлтүүдийг оруулж буй ажээ.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нөөц бүрдүүлэх, захиран зарцууларх талаарх орон нутгийн эрх хэмжээ, санхүүжилтийг улсын төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх боломж, олон улсын өнөөгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь холбогдох хууль тогтоомжтой нийцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Дам.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авчээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Ж.Энхбаяр нар хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулах, үр дүнгийн хэмжих нэгжийг тодорхой болгох, орон нутгийн удирдлагын эрх, хэмжээг өөрчилсөн болон улсын төсөвт үүсэх нэмэлт ачаалал, уур амьсгалын өөрчлөлтийн үед орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, усны нөөц, түүний ашиглалттай холбоотой сонсгол зохион байгуулах зэрэг асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, О.Саранчулуун, Э.Болормаа, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Л.Мөнхнасан, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, Шадар сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүд улсын нөөцийн менежмент, ил тод байдал, зориулалт, хувийн хэвшлийн оролцоо, бараа, материалын хадгалах хугацаа, тайлагнал, нийлүүлэлтийн урьдчилсан гэрээ, зарцуулалтыг бүртгэх, гамшгийн түвшинг тодорхойлох журмыг шинэчлэх, орон нутгийн нөөц бүрдүүлэх хүчин чадал, нутгийн удирдлагын шуурхай байдал, нөөцийг захиран зарцуулах эрх, үүрэг, нөөцийн өнөөгийн байдал, эрчим хүчний эрсдэлийн нөөц, худалдан авалтыг төрийн нууцад оруулж шууд гэрээлэх, шаардлагатай, нэн шаардлагатай гэх ангиллуудын ялгаа, гамшгийн үеийн анхааруулга, урьдчилан сэргийлэх мэдээллийн хүртээмжтэй байдал, уур амьсгалын өөрчлөлт, аюулт үзэгдлийн давтамж, байгалийн шинжлэх ухааны судалгааны дүгнэлтийг нөөц бүрдүүлэхэд тооцож буй эсэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх мэдэл, хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, зөрчилд оногдуулах хариуцлагыг тодорхой болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг олон талаас асууж, тодорхой, дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Мөн нөөцийн мэдээллийн нууцлал, хууль батлагдсанаар улсын төсөвт үзүүлэх нөлөө, орон нутгийн болон төрийн байгууллагуудын гамшгийн үеийн үйл ажиллагааны уялдаа, нэгдсэн урирдлагын тогтолцоо, нөөцийн бараа, бүтээгдэхүүн татан авах логистик, шийдвэр гаргах, тусламж хүргэх хугацаа, нефть бүтээгдэхүүний нөөцийн сав, агуулахыг бүсүүдэд тулгуурлан барих, бүтээн байгуулалтын зардлыг хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн үеийн үүрэг, оролцоо, сум дундын нөөц, түүнийг хүргэх туулах чадвар, хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх, холбоо мэдээлэл, техник технологийн чадавх, улсын нөөцийг бүрдүүлж буй болон нөхөн сэлбэлт, хадгалалт, хамгаалалтын нийт зардал, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж зэрэг голлох асуудлуудыг хөндөж байв.

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжин Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Б.Бейсен, Г.Очирбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.

Сэтгэгдэл (0)