УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, С.Оюун, Ж.Эрдэнэбат, М.Батчимэг нар шинэ жилийн дурсамжаа хуваалцлаа.
- 2012-12-28
- Өөр өнцөг
- 0
Удахгүй шинэ он гарах гэж байна. Энэ мөчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, С.Оюун, Ж.Эрдэнэбат, М.Батчимэг нар шинэ жилийн дурсамжаа хуваалцлаа.
Удахгүй шинэ он гарах гэж байна. Энэ мөчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, С.Оюун, Ж.Эрдэнэбат, М.Батчимэг нар шинэ жилийн дурсамжаа хуваалцлаа.
С.Оюун: Өвлийн өвгөнийг авардаг хүүхдийн дүрд тоглож байлаа
-Шинэ он удахгүй гарах нь. Улиран одож буй оныг дүгнэвэл?
-2012 он амжилт бүтээлээр дүүрэн болж өнгөрлөө. Гэхдээ нэг жил гэдэг маш хурдан хугацаа юм байна. Би өнгөрсөн жил яг ингээд шинэ жилийн баярын талаар ярилцлага өгөөд зогсож байснаа саналаа. Цаг хугацаа хурдан өнгөрч байгаа учраас он гарахаас өмнө төлөвлөсөн ажлаа дуусгах, буруу зүйл хийсэн бол засах богинохон хугацаа үлдлээ.
-Шинэ оноо хэрхэн угтдаг вэ. Мэдээж он солигдох мөчид гэртээ байна биз дээ?
-Би Монголд л хамгийн гоё шинэ жил болдог гэж боддог. Яагаад гэвэл бүх албан газар хамт олонтойгоо өргөн хүрээнд тэмдэглэдэг болохоор сэтгэлд дотно санагддаг. Харин Европт шинэ жилийн баярыг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэдэг. Танай сониноор дамжуулаад монголчууддаа шинэ оны мэнд хүргэж, айл бүхэнд аж жаргал, эрүүл энхийг хүсье. Мөн “Монголын үнэн” сонины хамт олонд шинэ оны баярын мэнд хүргэе.
-Баярын арга хэмжээнд хэр уригдаж байна вэ. Ямар загварын даашинзаар гоёж байна даа?
-Ганц хоёр даашинз бий. Тэрийгээ л өмсдөг.
-Шинэ жилд зориулж шинэ даашинз худалдаж авсан уу?
-Аваагүй ээ. Харин манай бэр эгч Энэтхэгээс нэг даашинз явуулсан. Уг нь их гоё боловч мөр нь хэтэрхий ил гарсан болохоор өмсөөгүй.
-Хамгийн түрүүнд хэнд бэлэг авч өгөх вэ?
-Мэдээж гурван хүүхдэдээ л авна даа.
-Өвлийн өвгөнөөс бэлэг авч байв уу. Хүүхэд болгон ямар нэгэн амьтан болдог байсан шүү дээ.
-Авалгүй яахав. Харин амьтан болж байгаагүй юм байна. Хүүхдийн шинэ жилийн жүжигчилсэн тоглолтод оролцож байсан. Тэр тоглолтод өвлийн өвгөнийг авардаг хүүхдийн дүрд тоглож байлаа.
Д.АНГАРАГ
Г.Баярсайхан: Би нэгдүгээр ангидаа туулай болж байсан
-Та шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ. Шинэ жилийнхээ баярын дурсамжаас хуваалцахгүй юу?
-Шинэ жил бол цагаан сартай адилхан өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг хамгийн сайхан баяр. Тиймээс ч энэ баярыг хүлээж догдолдог. Бага байхдаа хэдэн хоногийн өмнөөс л бодоод хүлээдэг байлаа шүү дээ. Намайг бага байхад шинэ жилийн өглөө босоход гацуур модны дор аав, ээж хоёр бэлэг тавьчихдаг байсан. Би ч гэсэн хүүхдүүдээ тэгж л баярлуулдаг.
-Хүүхэд байхдаа багт наадамд оролцож л байсан биз дээ. Ямар амьтан болж байв?
-Би нэгдүгээр ангидаа туулай болж байснаа санадаг юм.
-Энэ жил хэр олон арга хэмжээнд уригдсан бэ?
-Арга хэмжээнд оролцох урилга их ирсэн. Гэхдээ гэр бүлийнхээ арга хэмжээнд илүү их ач холбогдол өгнө. Би аль болох гэртээ байхыг илүүд үздэг. Ажил ихтэй учраас гэр бүлийнхэндээ тавих анхаарал багадаад байгаа юм шиг санагддаг. Хэчнээн ажилтай, арга хэмжээтэй байсан ч гэртээ шинэ оноо гаргана даа.
-Та 2013 оныг хэрхэн төсөөлж байна вэ?
-Гайхамшигтай сайхан шинэ жил болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл Оюутолгой маань ашиглалтад орж байна. Их бүтээн байгуулалт өрнөж эрч хүчээр дүүрэн жил болох байх.
Б.Бат-Эрдэнэ: Бидний үеийн шинэ жилийг алим, мандаринаар төсөөлөхгүй төсөөлөхгүй байхын аргагүй
-Хүүхэд байхдаа Та ямар бэлэг авах дуртай байсан бэ?
-Хүүхэд байхад шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Бидний үеийн шинэ жилийг алим, мандаринаар төсөөлөхгүй байхын аргагүй. Жигтэйхэн гоё үнэртэй жимс л бэлгэнд авдаг байлаа. Мөн шинэ жилийн гацуур модоо өөрсдийн хийсэн тоглоомоор чимэглэнэ гээд их л сонирхолтой байдаг байж.
Харин одоо бүх зүйл бэлэн болж дээ. Монголчууд Европ тоолол болох шинэ жилийн баярыг маш өргөн дэлгэр болгож өөрсдийн өвөрмөц уламжлалтай хослуулан сүлд модны наадмыг тэмдэглэж ирсэн. Хуучин онд хийж бүтээснээ дүгнэж шинэ ондоо улам ихийг бүтээх зорилтоо тодорхойлсон баяр.
-Баяраар ямар арга хэмжээнд оролцох вэ?
-Арванхоёрдугаар сарын 30-нд Спортын шилдгийг шалгаруулах тэргүүн наадам “Бөртэ чоно”-д оролцоно. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтана даа.
М.Батчимэг: Сүлд модоо засаад гарч цонхоороо хардаг байсан
-Хүүхэд байх үеийн шинэ жилийн баярын дурсамжаасаа хуваалцана уу?
-Бага байхдаа аав, гурван дүүтэйгээ гэр бүлээрээ сүлд модоо засдаг байлаа. Тэгээд гэрлээ асаачихаад гадаа гарч цонхоороо сүлд модоо хардаг байсан тэр дурсамж л хамгийн түрүүнд сэтгэлд бууж байна даа.
-Баярын урилга их ирж байгаа байх. Үүний хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг гаргаж шинэ оноо угтах вэ?
-Зарим арга хэмжээнд оролцоод л явж байна. Энэ шинэ жилийг гэр бүлийнхэндээ зориулъя гэж төлөвлөж байна. Ерөнхийдөө даруухан л тэмдэглэнэ.
Ж.Эрдэнэбат: Шинэ ондоо аз хийморьтой байхыг хүсдэг
-Та энэ шинэ жилийг хэрхэн өнгөрөөх гэж байна даа?
-Миний хувьд УИХ-ын гишүүдээс зохион байгуулж байгаа шинэ жилдээ орно. Түүнээс гадна манай нутгийн найзууд бий. Жил бүр гэр бүлийн шинэ жил гэж хийдэг. Тэр арга хэмжээндээ оролцоно.
-Энэ баярын талаар Таны бодол?
-Шинэ жилийн баяр болгон өөр өөрийн онцлогтой. Бүх юмыг өөдрөг сайхнаар төсөөлдөг. Шинэ он гарч байгаа гэдэг утгаараа хүн бүхэн л өнгөтэй, өөдтэй харагдахыг боддог, зорьдог, хийморьтой байхыг хүсдэг, мөрөөддөг. Энэ ч утгаараа гацуур модоо хүртэл өнгө өнгийн чимэглэл, саагаар гоёдог. Ер нь шинэ бүхний эхлэл болдог учраас шинэ жилийн баяр бүхэн хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлддэг байх.
-Ирэх оныг ямраар төсөөлж байна?
-Аймаг, орон нутгийн маань иргэдээс гаргасан хэд хэдэн хүсэлт байдаг. Засаг даргаар ажиллаж байх үед ч гаргаж байсан саналууд байгаа. Энэ хүсэлтүүдийг тодорхой хэмжээнд ажил хэрэг болгож, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд чиглэж ажиллана. Тухайлбал, хүнсний ногоочдод олгодог урамшууллын асуудал гэх мэтчилэн төлөвлөсөн зүйлүүддээ бие дааж хууль санаачлах зорилттой байна.
Сэтгэгдэл (1)
(103.11.192.34)
Bayarsaikhan muu batsaan bagiin zoduulj bsan tsaraitai ih uildag bsan ni ilt bn