Төл бойжилт хэвийн байна гэв

 

        Хүнс, хөдөө аж ахуйн яам хаваржилт болон мал төллөлтийн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд 209.4 мянган мал төллөж, одоогийн байдлаар төл бойжилт 98 хувьтай байгаа аж. Цас зудтай байгаагаас малын хорогдол 416.5 мянгад хүрчээ. Үүнээс адуу 15.3, үхэр 39.9, хонь 142.2, ямаа 219 мянга, тэмээ 130 хүрч хорогдсон нь оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байгаа аж. Увс, Сүхбаатар, Завхан, Баянхонгор, Архангай аймагт мал хамгийн их хорогджээ. Нийт малаас хоёр хүртэлх хувийн хорогдлыг хэвийн гэж үздэг байна. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал малын хорогдол хэвийн байгааг тус яамны мэргэжилтэн хэллээ. 2009-2010 оны хаврын мөн үед таван сая орчим мал хорогдож байжээ. Гэтэл энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулсан, Засгийн газраас хэд хэдэн удаагийн арга хэмжээ авсан, гадаад орны тусламж, дэмжлэг малчдад сайн хүрч байгаа учир малын хорогдол хэвийн байна хэмээн салбарын яамныхан үзэж байлаа.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, хүйтний эрч өдөртөө 12-15, шөнөдөө 20-25 хэм байна. Одоогийн байдлаар 17 аймгийн 62 сум цагаан зудтай байгаа юм. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цас ихтэй аймаг, сумдын малчдад Засгийн газраас нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган өвс, тэжээл хүргүүлжээ. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар өгсөн байна. Мөн 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгожээ. Аймаг, сумын өвс, тэжээлийн нөөц дууссаны дээр улсын нөөцөд 2011 оноос хойш бэлтгэсэн өвс тэжээлийг ч гаргаад дуусч байгаа аж. Одоо малчдын өвөлжөө, хаваржаанд өвс тэжээл маш бага үлдсэн учир олон улсын байгууллага, зарим дуучин сайн дураар малчдад тусламж дэмжлэг үзүүлэх уриа аянг зохион байгуулж байгааг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуун онцлов.

 

Цаашид мал олноор хорогдохоос урьдчилан сэргийлж малын тэжээл, эрдэс бодис долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай болжээ. Иймээс НҮБ, ХХААЯ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламж үзүүлж, малчдад малын тэжээл хивэг, долооц, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр болсон байна. Урин дулааны цаг ирж байгаа ч цас шуурга ихтэй, хүйтэн сэрүүн, урт хавар болж байгаатай холбогдуулан цаг агаарын хүндрэлээс шалтгаалсан эрсдэл үүсч болзошгүй. Тиймээс малчид цаг агаарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, цас шуургатай үед малаа гэртээ ойр бэлчээрлүүлэх, эх мал, төлийг байнгын тэжээлтэй байлгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх хэрэгтэйг санууллаа.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)