Хөгшин модыг ашиглах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай
- 2016-03-21
- Байгаль орчин
- 0
Өнөөдөр “Дэлхийн ойн өдөр”-ийг тохиолдуулан БОНХАЖЯ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол орны ойн бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурлыг зохион байгуулав.
Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га буюу нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлдэг. Энэ үзүүлэлт өдөр ирэх тусам буурч байгааг БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Монгол улс өнгөрсөн хугацаанд хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулж, ойн цэвэрлэгээ, арчилгаа, хортон шавьж устгах зэрэг гол асуудлыг орхигдуулсан. Мөн иргэдийн буруутай үйл ажиллагаа, гал түймрээс шалтгаалан ойн нөөц ихээхэн сүйдэж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ болон Засгийн газар ойн салбартай холбогдох бүхий л хууль, тогтоолын төслийг баталсан ч зарим төсөл хөтөлбөр нь төсөвгүйн улмаас хэрэгжихгүй байна” хэмээв.
Өнгөрсөн хугацаанд ойд цэвэрлэгээ бага хийсний улмаас ихэнх ой хөгширч байгаа аж. Орчин үед мод, модон эдлэл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг болсон тул ойг эдийн засагжуулах, тэр дундаа хөгшин модыг ашиглах шаардлагатай байгааг онцоллоо.
БОНХАЖЯ-ны сайд хурлын өмнө улс төрийн намуудын төлөөллийг хүлээг авч ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ойг эдийн засагжуулах, хамгаалах ажлыг тусгахыг хүссэн байна.
О.Түвшинзаяа
Сэтгэгдэл (0)