Эдийн засгийн ардчилал ба кооператив эдийн засаг

Сүүлийн арван жилд манай улсын ДНБ арав дахин өссөн ч энэ өсөлт цөөн хэдэн гэр бүлийг улам баяжуулж, жирийн иргэдэд наалдсангүй. Нийгмийн тэгш бус байдал газар авч, баян ядуугийн ялгаа зааг улам холдлоо. “Улс төрийн ардчилал”-тай адил эдийн засагт “Эдийн засгийн ардчилал”-ын тухай ойлголт буй.

Энэ нь нийгмийн олонх эдийн засгийн шийдвэр гаргах эрхээр хангагдах, эдийн засагт оролцоотой (өмчлөл) байх, баялгийн хуваарилалт илүү тэгш, хүртээмжтэй байх, эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөл аль болох бага байх тухай ойлголт юм. Дээрх шалгууруудаар харах аваас манай улсыг эдийн засгийн ардчилалгүй улс гэж дүгнэж болохоор байна. Баялгийн хуваарилалтыг илүү хүртээмжтэй байлгах, олон нийтийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй хөрөнгийн зах зээл хөлд орохгүй “нялх” хэвээр байна. Тэгвэл эдийн засгийн ардчиллыг хангахад маш чухал үүрэгтэй та бидэнд танил хэрнээ, танил бус эдийн засгийн нэгэн моделийн талаар ярих нь цаг үеэ олсон санагдана.

 

ЖИН ДАРАХ КООПЕРАТИВ ЭДИЙН ЗАСАГ

 

Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) кооператив эдийн засаг жин дарах боллоо. НҮБ-ын нэгэн судалгаагаар Шинэ Зеланд, Франц, Нидерланд, Финлянд, Люсембург, Герман, Ирланд, Итали, Дани, Польш гэсэн 10 улс ДНБ-д эзлэх кооператив эдийн засгийн хувиараа дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, Шинэ Зеландын ДНБ-ий 20%, Францын ДНБ-ий 18%, Нидерландын ДНБ-ий 18%, Финляндын ДНБ-ий 14%-ийг кооператив эдийн засаг бүрдүүлж байна. Дээрх 10 орны тоонд Герман, Франц, Итали зэрэг их гүрнүүд орсон нь сонирхол татаж байна. Мөн жагсаалтад 90 онд зах зээлд шилжсэн Польш улс орсон нь кооператив эдийн засаг хөгжих нь удаан хугацааны үйл явц биш болохыг харуулж байна. Энэ судалгааг онцлохын учир юу вэ ? Манай нийгмийн халуун сэдэв болоод байгаа баялгийн хуваарилалт, эдийн засаг дахь олон нийтийн оролцоо зэрэг эдийн засгийн ардчиллыг хангахад кооператив эдийн засгийн загвар нэн чухал үүрэгтэй байж чадах юм.

 

ХОРШООЛЛЫН ЗАГВАР ДЭЛХИЙД

 

Манайд хоршооллыг хувиараа эрхлэх аж ахуйгаас арай том, компаниас жижиг аж ахуйн нэгж гэх ойлголт их түгээмэл. Мөн ХАА-д үйл ажиллагаа явуулдаг арав хорин хүнтэй аж ахуй, эсвэл хадгаламж зээлийн хоршоогоор төсөөлдөг төсөөлөл нийтлэг. Гэтэл дэлхийн улс орнуудад бизнесийн хоршоолсон загвар олон салбарт амжилттай хөгжиж, үндэстэн дамнасан аварга корпорациудтай эн зэрэгцэх хэмжээнд томорчээ. Дэлхийд хоршоолсон моделууд амжилттай хөгжиж байгаа хэдэн чухал салбарууд байна. Үүнд:

Хөдөө аж ахуйн салбар – хоршоолсон загвар хамгийн түгээмэл зонхилж байгаа салбарын нэг. Япон, Солонгос, Дани, Швед, Финлянд, Шинэ-Зеланд зэрэг дэлхийн олон оронд хоршоолсон группүүд ХАА-н зах зээлийнхээ дийлэнх хувийг эзэлж байна. Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний топ-10 үйлдвэрлэгчид Шинэ Зеландын Fonterra, АНУ-ын Dairy Farmers of America, Нидерландын Friesland Campina, Шведийн Arla Foods гэсэн хоршоолсон 4 аварга групп багтаж байна. Эдгээр группүүдийг цөөн хэдэн хүн биш олонх нь өмчилдөг. Тухайлбал; Шинэ Зеландын Fonterra группийг 13 мянган фермерүүд өмчилж байна.

Банкны салбар – Дэлхийн топ 50 банкны 5 нь хоршоолсон банк байна. Франц, Нидерланд, Финлянд, Австри, Киприйн банкны секторт кооператив модел давамгайлж байна. АНУ, Япон, Канад, Их Британи, Герман, Итали, Швейцари зэрэг олон орны банкны секторт хоршоолсон банкууд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал; Rabobank улсынхаа нийт хадгаламжийн 40%, нийт зээлийн 26%-ийг дангаар хангадаг Нидерландын №1 банк. Сонирхолтой нь энэ банк хоршоолсон группын бүтэцтэй бөгөөд түүнийг 2 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг.

Даатгалын салбар – Дэлхийн топ-50 даатгалын компаний 14 нь хоршоолсон групп байна. АНУ, Япон, Франц, Герман зэрэг том гүрнүүдээс гадна Словак, Унгар, Румын зэрэг хуучин социалист орнуудад энэ модель маш амжилттай хөгжиж байна. Тухайлбал; Японы даатгалын зах зээлийн 45.3%-ийг, Словакийн даатгалын зах зээлийн 47%-ийг хамтын даатгалын тогтолцоо бүрдүүлж байна.

Худалдааны салбар – Герман, Франц, Итали, Швейцари, Швед, Финлянд, Дани, Норвеги, Словак, Чех, Эстони, Сингапур, Шинэ зеландын №1 худалдааны сүлжээ нь хоршоолсон группүүд байна. Мөн Испани, Их Британи, Израйл, Унгар, Украйн, Орос, Вьетнам зэрэг олон оронд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал; FairPrice хоршоолсон групп зах зээлийнхээ 55%-ийг эзэлсэн Сингапурын №1 худалдааны сүлжээ бөгөөд энэ группийг 800 мянган хэрэглэгчид нь өмчилдөг.

 

Барилга, орон сууцны салбар – Турк, Швед, Норвеги, Чех зэрэг улсууд иргэдээ орон сууцжуулахад хоршоолсон загварыг амжилттай ашиглаж байна. Эдгээр орнуудад барилгын хоршооллууд орон сууцны зах зээлийнхээ 15-25 %-ийг хангаж байна.

Бусад салбар – Данид эрчим хүчний 23%, халаалт дулааны 37% хоршооллууд хангаж байна. АНУ-ын эрчим хүчний хэрэглээний 19% -ийг хоршооллууд хангаж байна. Шведэд боловсролын салбарт хоршоолсон байгууллагууд чухал хувь нэмэр оруулдаг. Тэд цэцэрлэгийн 33%, сургуулийн 12%-ийг эзэлж байна. Финляндад харилцаа холбооны салбарын 18%-ийг хоршоолсон групп бүрдүүлдэг. Бразильд эмч нарын хоршоолсон групп улсынхаа эрүүл мэндийн үйлчилгээний 10%-ийг дангаар үзүүлж байна.

 

ХОРШООЛЛЫН ЗАГВАР ГЭЖ ЮУ ВЭ ?

Иргэд өөрсдийн эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ, шаардлагаа хангах зорилгоор сайн дураар эвлэлдэн нэгдэж, ардчилсан хяналттайгаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг холбоог хоршоолол гэдэг. Хоршоолол нь хосолмол (хайбрид) шинжтэй. Нэг талаар холбооны шинжийг агуулсан, нөгөө талаар бизнесийн байгууллага. Хоршоолсон модель нь кооператив үзэл санааны дараах 7 үндсэн зарчмыг шингээсэн байх ёстой. Үүнд:

Сайн дурын, нээлттэй гишүүнчлэл: Хоршоод нь сайн дураар зохион байгуулагдана. Шашин, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн байр суурь, үзэл бодлоор ялгаварлахгүйгээр хоршооны гишүүний үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн бүх хүнд нээлттэй байна.

Гишүүдийн ардчилсан хяналт: Хоршоод нь нэг гишүүн-нэг санал зарчимаар бодлого, шийдвэрүүдээ гаргадаг, гишүүддээ хянагддаг ардчилсан байгууллага байна.

Гишүүдийн эдийн засгийн оролцоо: Гишүүд нь хоршоондоо хувь тэнцүү хөрөнгө оруулна, хоршооны өмч хөрөнгөд ардчилсан хяналт тавина. Мөн хоршооны бий болгосон ашиг, үр өгөөжийг гишүүд нь хувь тэнцүү хүртэнэ. Хараат бус, бие даасан байдал: Хоршоод нь бусад байгууллагуудтай хамтарч ажиллах хэдий ч бие даасан байдлаа хадгалж, аль нэг байгууллагаас хараат бус ажиллах ёстой. Боловсрол, сургалт, мэдээлэл: Хоршоод нь гишүүд, сонгогдсон төлөөлөгчид, менежерүүд, ажиллагсдадаа байнгын сургалт явуулж, мэдээлэл өгч, боловсрол олгоно. Ингэснээр тэд хоршоодоо хөгжүүлэхэд илүү үр дүнтэй хувь нэмрээ оруулж чадна. Мөн тэд хоршооллын мөн чанар, ашиг тусыг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

Хоршоодын хамтын ажиллагаа: Хоршоод нь орон нутаг, бүс нутаг, улс, олон улс хоршооллын бүтцүүдтэй хамтарч ажилласнаар гишүүддээ илүү үр дүнтэй үйлчлэх болно.

Тухайн хот, сууриндаа тавих анхаарал: Хоршоод нь гишүүддээ үйлчлэхийн зэрэгцээ оршин буй газар орныхоо хөгжлийн төлөө ажилладаг байх ёстой.

Дээр дурдсан зарчмуудыг өөртөө агуулдгаараа хоршооллын загвар нь илүү хүмүүнлэг, илүү нийгмийн хариуцлагатай, илүү ардчилсан бизнесийн загвар юм. Ийм учраас судлаачид хоршоодыг нийгмийн чиг баримжаатай, бизнесийн “Ардчилсан загвар” гэж нэрлэдэг. Хоршооны загвар хуучин социалист нийгмийн үеийн хамтрал, нэгдэлтэй огт адилгүй. Энэ загвар нь өрсөлдөөнт зах зээл дээр ажилладаг. Харин нэгдэл, хамтрал нь хэдийгээр хоршоолсон загвар гэх ч хоршооллын амин сүнс болсон зарчмуудыг өөртөө шингээгээгүй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгэмд зориулагдсан загвар байсан. Бүгдийг дээрээс удирдана, дээрээс төлөвлөнө. Малчид зөвхөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй “цэргүүд” байлаа.

ДНБ бол улс орны тухайн жилд бий болгосон баялгийн хэмжээг илэрхийлдэг ойлголт. Тэгвэл өмнө дурдсан ДНБ-ий 14, 18, 20% хэр том тоо вэ? Хэр их баялаг “Ардчилсан загвар”-аар хуваарилагдаж байна вэ? Шинэ Зеланд ХАА-н орон хэдий ч энэ сектор ДНБ-ий ердөө 5,1%-ийг бүрдүүлдэг. Хамгийн том сектор болох аж үйлдвэрийн салбар ДНБ-ий 13,3%-ийг бүрдүүлдэг. Банк, санхүүгийн сектор ДНБ-ий ердөө 4,7%-ийг бүрдүүлдэг. Тэгэхлээр Шинэ Зеландын ДНБ-ий 20% бол дээрх гурван том секторыг нийлүүлсэнтэй тэнцэх аварга тоо болж байна. Өөрөөр хэлбэл Шинэ Зеландын үндэсний баялгийн 20% нь “Ардчилсан загвар”-аар дамжин олонхид хүртээмжтэй хуваарилагдаж байна. Энэ бол капиталист нийгмийн “баялгийг цөөн гэр бүлд хэт төвлөрүүлэх гээд байх” сөрөг хандлагыг “эмчлэх”-эд хоршоолсон загвар маш чухал үүрэгтэй болохыг харуулж байна.

 

ХОРШООЛЛЫН АНГИЛАЛ БА ХАЙБРИД ЗАГВАР

Хоршооллыг хэн эзэмшиж байна вэ гэдгээр нь гурван үндсэн бүлэгт хуваадаг. Эдгээр гурван бүлэг нь үйл ажиллагааны чиглэлээс хамаараад дотроо олон төрөлтэй.

Жижиг бизнес эрхлэгчдийн хоршоолол: энэ ангилалд фермерүүд, жижиг худалдаачид, жижиг үйлчилгээ эрхлэгчид, төрөлжсөн мэргэжлийн бүлгүүдийн (эмч, хуульч, жолооч, төрөл бүрийн засварчид г.м) хоршооллууд багтдаг. Нэгдэх үндсэн зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг бууруулж, илүү их ашиг орлого олох явдал юм. Энэ хэлбэр ХАА-д илүү зонхилдог ч өнөө үед олон салбарт амжилттай хөгжиж байна. Тухайлбал; Германы жижиг дэлгүүрийн эздийн байгуулсан Edeka, ReWe хэмээх хоёр аварга хоршоолсон групп зах зээлийнхээ 37%-ийг эзэлдэг. Манайд Edeka-ийн “Gut&Gunstig”, “Edeka” гэсэн шошготой хүнс, бараанууд супермаркетуудаар дүүрэн бий.

Хэрэглэгчдийн хоршоолол: Хэрэглэгчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэн бизнесийн үйл ажиллагаа явуулах болсон нь ашиг хөөсөн монополь компаниудын дур зоргыг хазаарлаж, тэднийг илүү хариуцлагатай байхад хүргэснээрээ маш том дэвшил болсон. Өнөө үед гол төлөв хүнс, өргөн хэрэглээний салбар, банк санхүүгийн салбар, даатгалын салбарт хоршооллын энэ хэлбэр зонхилж байна. Тухайлбал; Migros, Coop Swiss хэмээх хоршоолсон аварга групп зах зээлийнхээ 56%-ийг хангадаг Швейцарийн №1, №2 худалдааны сүлжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр аварга группыг 4,5 сая хэрэглэгчид нь өмчилдөг. Хэрэглэгч, бас эзэн байж болдог сонгодог загвар тэнд ажиллаж байна.

Ажилчдын хоршоолол: энэ хэлбэр жижиг бригадаас эхлээд аварга корпораци хүртэл өргөн цар хүрээг хамарч байна. Хоршооллын энэ хэлбэр үл биелэх коммунист мөрөөдөл шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ капиталист нийгэмд энэ загвар хэдийгээр зонхилох хэмжээнд хүрээгүй ч олон газар үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, Испаний Mondragon групп хэмжээгээрээ улсынхаа №10 бизнесийн аварга байгууллага юм. Энэ аварга группийг ажилчид нь 100% өмчилдөг.

Хайбрид загвар: Өнөө үед хоршооллууд өрсөлдөөнт зах зээл дээр илүү амжилттай ажиллахын тулд компани, орон нутгийн засаг захиргаа, холбоод зэрэг бусад байгууллагууд, мөн хөрөнгө оруулагчидтай хамтарч бизнесийн хосолмол буюу хайбрид бүтцээр ажиллах хандлага түгээмэл болж байна. Тухайлбал, “Credit Agricole” бол Францын №2 банк, мөн дэлхийн том 10 банкны нэг. Энэ банк нь гурван холбоост засаглалын бүтцээр ажилладаг. Хамгийн анхан шатны нэгж нь 2,550 хоршоолсон орон нутгийн банкаас бүрдэнэ. Эдгээр орон нутгийн банкуудаа 7 сая үйлчлүүлэгч-гишүүд нь өмчилдөг. Хоршоолсон орон нутгийн банкууд нь нэгдэж дунд шатны нэгж болох 39 бүс нутгийн банкийг байгуулсан. Харин хамгийн дээд нэгж нь “Credit Agricole” хувьцаат компани юм. Энэ компаний хувьцааны дийлэнх буюу 56.5%-ийг 39 бүс нутгийн банкууд өмчилдөг. Хувьцааны үлдсэн 43.5%-ийг институцийн хөрөнгө оруулагчид (29.6%), хувь хүмүүс (9.8%), ажилчид (4.1%) өмчилдөг.

ЭДИЙН ЗАСГИЙН АРДЧИЛЛЫГ ХАНГАХ НЭГ АРГА

Бид хоршооллыг малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэрэгсэл төдий “дорд” үзэж ирлээ. Энэ өрөөсгөл ойлголтоосоо одоо салцгаая. Баялгийн хуваарилалтыг илүү шударга, илүү хүртээмжтэй хийх, монополь компаниудыг “мораль”-тай болгож, зах зээлийг илүү өрсөлдөөнтэй болгох, эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлийг бууруулах, нийгэмд дулаан уур амьсгал бүрдүүлдэг “нийгмийн капитал”-ыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийг хөгжүүлэх зэрэг улс орны том зорилгуудыг хэрэгжүүлэхэд кооператив эдийн засаг ТОМ хувь нэмэр оруулж чадах билээ. Иймд кооператив эдийн засгийг макро түвшинд илүү томоор харж, улс орны хөгжлийн нэг чухал чиглэл гэж авч үзэх зүй ёсны шаардлага гарч байна.

 

 

Г.Энхнаст (эдийн засагч)    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)