Тост, Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авахад сэтгүүлчдийн дэмжлэг хэрэгтэй

 

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд “Ирвэс хамгаалах сан”, “Ардчилсан сайтуудын клуб”, "Ногоон сэтгүүлч" ТББ-аас мэдээлэл хийж Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамаалалтанд авах хуулийн төслийг УИХ-д хэсэг гишүүд өргөн бариад байгаа. Уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагаанд сэтгүүлчдийг дэмжиж ажиллахыг уриаллаа.

 

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн цоохор ирвэсийг хамгаалж байгаа асуудал биш. Цоохор ирвэсийн шүхэр дор амьдарч буй аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувуу, 10 зүйлийн ховордсон ургамлыг тус тус хамгаалах нөхцөл бүрдэх аж. Мөн нийт газар нутгийнхаа 37 хувийг лицензэд өгч, амьдрах орчин нь хумигдаад буй Гурвантэс сумын малчин иргэдийн амьдралын баталгааг хангах, усны нөөцийг нь хамгаалах, түүхийн дурсгалт газар, өв соёлыг нь хадгалж үлдэх боломж бүрдэх юм байна.

 

"Ногоон сэтгүүлч" ТББ-ын тэргүүн С.Ганболд, “Бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус газрыг улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтээ явуулж байсан ч Засгийн газрын түвшинд хүрдэггүй байсан. Харин энэ удаа УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д тогтоолын төслийг өргөн барьсан. Иймд асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

 

Ирвэс хамгаалах сангийн Судалгаа, мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав, “Энэ бүс нутаг нь ирвэсийн дэлхий дээрх хамгийн өндөр нягтаршилтай бүс нутаг учир улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна дэлхийн томоохон хүрээлэн, судалгааны газруудаас судлаачид ирж энэ талын судалгаа хийдэг. Хэрвээ уурхайн үйл ажиллагаа эхэлбэл тухайн судалгааны ажлууд зогсох, ирвэс болон бусад амьтдын амьдрах орчин үгүй болох аюултай. Одоогийн байдлаар УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. Ямар хариу гарахыг мэдэхгүй ч эерэг хүлээлттэй байна” гэв.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.40.90)

    2016-03-31

    амжилт хүсье заавал батлуулаарай