Малчдад нийт 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

 

        Хаваржилт хүндэрсэн малчдад туслах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсад 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор боллоо.

 

Буцалтгүй тусламжийн гэрээнд өчигдөр Сангийн сайд Б.Болор, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурлаа.

 

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлж байгаагаар энэ өвөл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цасан бүрхүүлтэй байжээ. Зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын хэм эрс буурсны улмаас хорогдсон малын тоо өнгөрсөн сард 669 мянгад хүрээд байгааг Засгийн газраас мэдээлсэн.

 

Өвөл хүч алдаж доройтсон мал хаврын хахирт олноор хорогдох аюултай тул малын нийт хорогдол 1.2 саяд хүрэх эрсдэл бий болоод байгаа юм. Нийт малчдын 41 хувь буюу 225 мянган иргэн, үүн дотор 5 хүртэлх насны 28 мянган хүүхэд энэ өвлийн хүндрэлийн үр дагварын  нөлөөлөлд шууд өртөөд байгаа бөгөөд тэдэнд нэн даруй тусламж үзүүлэхэд 14.3 сая ам.доллар шаардлагатай байгааг НҮБ судалгаагаар тогтоожээ. Тиймээс АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудад байгалийн гамшиг тохиолдох үед төрийн нэн шаардлагатай үйлчилгээг нөлөөлөлд өртсөн орон нутагт хүргүүлэх зориулалттай “Ази номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сан”-гаас буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар АХБ-д гаргасан юм.

 

О.Түвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.87.78.52)

    2016-04-12

    Malchidad ochih l baihdaa uund hen hynalt tavih ve?