Ховд аймаг руу 175 мянган төгрөгөөр нисдэг болжээ

 

        Монгол Улсын Засгийн газраас баруун аймгууд руу том оврын онгоцоор нислэг үйлдэх чиглэл өгсний дагуу “МИАТ” компани “АэроМонголиа” компанитай хамтран орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулах шийдэлд хүрчээ. Уг шийдвэрийн дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс Ховд аймаг руу том оврын “Боинг 737” онгоцоор нислэг үйлдэж эхэллээ.

 

Ховд аймаг нь хатуу хучилттай буултын талбайтай учир том онгоцуудаа тус аймагт буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино зайн нислэг хийхээр төлөвлөжээ.

 

Онгоцны тасалбарын үнийг хямдруулж, 175 мянган төгрөгөөр зорчигчдод үйлчилж байна. Өмнө нь Ховд аймаг руу “Фокер 50” онгоцоор, 240 мянган төгрөгөөр нисдэг байсан бол энэхүү нислэгийг үйлдэж эхэлснээр хоёр цагийн дотор боломжийн үнээр тус аймаг руу зорчих боломжтой болж байгаа юм.

 

Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1580 км зайд оршдог бөгөөд нийслэлээс Ховд аймаг хүрэхэд автомашинаар 80 мянган төгрөгийн үнээр хоёр хоногийн турш тав тухгүй зорчдог байсан бол хямд үнээр хурдан хугацаанд агаараар зорчих болсныг тус салбарынхан онцолж байна. Нутгийн иргэдийн зүгээс “Зам дагаж хөгжил ирнэ” хэмээн ихээхэн таатай хандаж байгаа ажээ.

 

Нислэгийн маршрутын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт болон бусад албаны хүмүүс оролцож, орон нутагт ажиллаж байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)