Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

 

       Энэ сарын 21-22-нд Увс, Баян-Өлгий аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ховд аймагт ажиллаж байна.

 

Тэрээр тус аймагт ажилласан эхний өдрөө Ховд аймагт төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гардуулах арга хэмжээнд оролцлоо. Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагнах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг дуудаж, одон гардуулсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ Ховд хотын төв талбайд болж, ховдчууд шагналаа ёслол төгөлдөр гардаж авлаа.  

 

Ховд аймгийн ололт амжилт, хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1973 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаас хойш 43 жилийн дараа дахин амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлж төрийн дээд шагнал хүртлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлээд бүх ховдчуудын энгэрт төрийн дээд Сүхбаатарын одон гялалзлаа гэсэн үг, та бүхэнд байр хүргэж улам их амжилт хүсье гэлээ.

 

Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Мөн өчигдрөөс Ховд аймагт том оврын онгоц нисдэг боллоо. Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

 

Ерөнхий сайдыг тус аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлага цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

1973-2011 оны хооронд Ховд аймгийн хэмжээнд 75.6 км хатуу хучилттай авто замтай байсан бол 2011-2015 оны хооронд 886.4 км хатуу хучилттай авто зам баригдаж, нийтдээ 962 км хатуу хучилттай авто замтай боллоо. Жаргалант суманд 165м шоон чулуун хучилттай авто зам, 9 сумын төв нийтдээ 6.48км бетонон хучилтай авто замтай болж 10 сум хатуу хучилттай авто замаар аймгийн төвтэйгөө холбогдлоо.

 

2011 онд аймгийн хэмжээнд 1405 орон сууц байсан бол 2012-2015 оны хооронд Ховд аймгийн хэмжээнд 1028 айлын орон сууц шинээр баригдаж нийт 2433 орон сууцтай боллоо.

 

Ховд-Мянгад 40 км, Мянгад-Увс Өлгий 99 км, Ховд-Буянт 16 км, Ховд-Дуут 63 км, Ховд-Эрдэнэбүрэн 63 км, Ховд-Ховд сум 32 км, Манхан-Мөст 99 км, Мөст-Мөнххайрхан 99 км, Ховд-Манхан 68 км, Чандмань-Говь-Алтайн Хөхморьт 68 км, нийт 786 км шилэн кабел шинээр хийсэн гэж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан танилцууллаа.

 

Ерөнхий сайд аймгийн шинэ бүтээн байгуулалт, ТОСК-ийн байр болон түрээсийн орон сууцанд амьдарч буй зарим нэг айлаар орж, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Сүүлийн жилүүдэд аймагт хийж бүтээн байгуулалтад сэтгэл өндөр байгаагаа аймгийн иргэд уулзалтын үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)