Баян-Өлгийн Тамгын газрын дарга Т.Манкейд шүүхийн шийдвэр үйлчлэхгүй
- 2016-04-27
- Орон нутаг
- 0
Энэ сарын 7-15-ны хооронд АТГ-ын мөрдөгчид Баян-Өлгий аймгийн иргэдээс ирсэн гомдол мэдээллийн мөрөөр тус аймагт ажиллажээ. Иргэдийн ирүүлсэн гомдолд аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек, Тамгын газрын дарга Т.Манкей нар тус аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй олон зуун сая төгрөгийн өртөгтэй тендерүүдийн гүйцэтгэгчээр ах дүү, худ ургийн холбоотой хүмүүсээ тодруулсан.
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тухай мэдээлэл багтаж, шалгаж өгөхийг хүссэн байна. Тэгвэл бидний гар дээр дээрх нэр бүхий хоёр даргын тухай хэд, хэдэн ноцтой мэдээлэл ирээд байна.
Хоёр ч шатны шүүх хууль бус тендер гэдгийг нотолсон
Засаг даргын орлогч Н.Санатбек нь өөрийн төрсөн дүү “НЖК” ХХК-ны захирал Н.Тилеубекийг хууль бусаар тендерт шалгаруулж аймгийн “Битүү захын павильон” барих ажлыг хийж гүйцэтгүүлжээ. Уг нь тухайн үед уг тендерт оролцохоор “Лаулау” ХХК нь хамгийн бага үнийн санал өгсөн төдийгүй, тендерийн үнэлгээний хороо ч хоёр удаагийн дүгнэлтээрээ тус компанийг дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд сөрөг нөлөөлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Гэвч Т.Санатбек “Битүү захын павильон” барих тендерийн ажлыг хууль бусаар өөрийн төрсөн дүүдээ өгсөн учраас “Лаулау” ХХК-ийн захирал түүнийг аймгийнхаа Захиргааны хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд өгчээ. Шүүх тендерийг хууль бус гэсэн шийдвэр гаргасан байна.
Үйл явдлыг хөөж үзвэл, тус аймгийн ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тогтоолоор аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аймагт 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтыг баталжээ. Дараа нь Өлгий суманд “Битүү захын павильон” хийх ажлын төсөв батлагсан аж. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 30-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 247 дугаар тушаал үйлдэн уг тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан байна. Тендерийн бичиг баримт бэлтгэн, худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Үнэлгээний хороондоо ч даалгажээ. Харин шүүх шийдвэрээ гаргахдаа “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай 26 дугаар захирамж гарган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 247 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж “НЖК” ХХК-ийг “Битүү захын павильон” хийх ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн болон тус сарын 21-ны өдрийн шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19.2 болон 27.2.1 заалтыг үндэслэн тус тус хүчингүй болгосон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиас…
19.2: Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.
27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;
27.2.2.захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;
27.2.3.энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх.
Гэтэл шүүхээс гаргасан уг захирамж шийдвэрүүдийг “НЖК” ХХК хүлээн зөвшөөрөхгүй хэмээн аймгийнхаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм байна.
Шүүхийн шийдвэрийг үл огоорогч Т.Манкей дарга
Ингээд шат, шатны шүүхүүд “НЖК” ХХК-ийг шалгаруулсан явдал нь хууль бус хэмээн тендерийн үйл ажиллагааг хүчингүй болгосон ч Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей тендерийн хороондоо бичгээр тус компанийн хийж буй ажлыг цааш нь гүйцэтгүүл гэсэн үүргийг өгчээ. Тендерийн маргаан үүсч Захиргааны хэргийн хоёр ч шатны шүүх дээрх шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн байхад Т.Манкей дарга өнгөрсөн оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “НЖК” ХХК-тай гэрээ хийж дээрх захын ажлыг гүйцэтгүүлжээ. Т.Манкей эрх мэдэл албан тушаалаа ашиглан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа ноцтой зөрчжээ гэж харагдаж буй юм. Уг нь хоёр шатны шүүх Үнэлгээний хорооны бүх шийдвэрийг хүчингүй болгосоор атал дарга нар өөрсдийн ах дүү амраг садандаа ийнхүү хууль бусаар тендер өгсөн нь тэднийг ашиг сонирхолын зөрчлөө илүүд үзэж шүүхийн шийдвэрийг үл огоорчээ гэж хэлж болохоор байна. Тендер хуулийн дагуу шударгаар явагдсан бол 325.9 сая төгрөг бүхий өртөгтэй тендерийн ажлыг “Лаулау” ХХК 262.9 сая төгрөгт багтаан гүйцэтгэх байж. Гэтэл тус аймгийн удирдлагууд хамгийн бага үнийн санал өгсөн компанийг аар, саархан зүйлээр шалтаг тоочин саатуулж, тендерийн “НЖК” ХХК-д өгсөн нь яалт ч үгүй хууль бус үйлдэл юм. Хууль бус үйлдэл гэдгийг шүүх ч тогтоогоод байгаа юм.
Ашиг сонирхлын зөрчилтэй хурган дарга нар хуулийг гууль болгосон
Т.Манкей нарын энэхүү хууль бус үйлдлийг тус аймгийн Аудитийн газар шалгаж тогтоосон байдаг юм билээ. Уг нь хуульд зааснаар бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулиар 5 саяас дээш бараа, ажил үйлчилгээ явуулах бол заавал тендер зарлах ёстой хэмээн хуульд заасан байдаг. Гэтэл шүүхээс “НЖК” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрүүдийг цуцалсаар байхад яагаад Т.Манкей дарга тус компанид өгөхөөр улайрч байна вэ?
Ямартай ч аймгийн Засаг даргын орлогч ахтай Н.Тилеубек нь эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг өөрийн гараар хөдөлгөж уг ажлыг “ногоон” гэрлээр авснаар улсад 63 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсч буй хэрэг. Хэдэн тэрбумаар идэж ууж буй эрх мэдэлтнүүдийн дэргэд дээрх тендерийн ажлын мөнгө гавьтай биш сонсогдож магадгүй. Гэхдээ энэ мэт хөрөнгө мөнгийг ээлж дараалан хэдэн зуун саяаар үрж буй нь яалт ч үгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Юутай ч АТГ-ынхан тус аймагт хийгдэж буй олон зуун сая төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг нарийвчлан шалгавал маш их “но” гарч ирнэ гэдгийг тус аймгийн ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөлүүд хэлж байсныг хэлэх нь зүйтэй байх. Тус аймгийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх биш улмаар танил тал ах, дүү амраг садандаа иймэрхүү аргаар олон зуун сая төгрөгийг зувчуулах боломж олгож буй нь харамсалтай. Ямартай ч бид дараагийн дугаартаа шүүхийн шийдвэрийг үл огоорч хувийн компанийн талд илт үйлчилсэн Т.Манкей дарга болон тус аймгийн нэр бүхий удирдлагуудын талаарх ноцтой баримтыг эргэн мэдээллэх болно.
Эх сурвалж:
Сэтгэгдэл (0)