Архангай аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

 

          Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгсөн байна. 

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүлээн авах ёслолын ажиллагаанд Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй тус аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож, төрий дээд шагналаа хүлээн авлаа.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлэхдээ " Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол төр улсынхаа шинэ түүхийг бүтээлцэж буй хүн бүрийн сэтгэлд хоногших зүтгэлийн шим, итгэлийн гэрэл юм. Энэ шагнал бол тус аймагт ажиллаж, амьдарч байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж шагнасан, басхүү хойч үеийнхнийг улам их үйлсийг бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм. Архангай аймаг бол уран төгс Суварга хайрхан, түүхт Булган хайрхан, Ноён хангайн өндөр сайхан уул нурууд; Бөхөн шар, Цагаан даваа, Согоотын олон сүрлэг уул даваанууд; Хөшөө цайдам, Тоглох, Өргөөт, Мандахын хөндий сайхан хоолойнууд; Тунгалаг Тамир, Орхон, Хануй, Чулуутын онц сайхан голууд; Өгий, Холбоо, Тэрхийн цагаан их, бага нуурууд цэнгэн оршсон Хангай, говийн хоорондох Халхын уудам нутаг. Арын сайхан хангай бол монгол түмний түүх, соёлын арвин баялаг өвийг уул ус, газар шороо, элгэндээ тээсэн, нүүдлийн соёл иргэншлийн эртний голомт нутаг аа. Архангай аймаг бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аймаг юм.  Арын сайхан хангай нутгаас алдар цуутай, төр нийгмийн зүтгэлтэн болон эрдэм мэдлэгтэй олон хөвгүүд, охид төрөн гарсан түүхтэй. Эрх чөлөөт иргэнтэй, хувийн өмчтэй нийгэм л Монголын зөв ирээдүй гэдгийг зөгнөн харж байсан Солийн Данзан, Өрлөг жанжин Дэмид, Улсын баатар Төмөрбаатар, Нянтайсүрэн, Дампил, академич Б.Чадраа, Б.Энхтүвшин, доктор Д.Цэвээндорж тэргүүтэй шилдэг эрдэмтэд, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Гантөмөр, ардын жүжигчин Д.Чимэд-Осор, ардын зураач Л.Чуваамэд, Н.Чүлтэм нарын зэрэг урлаг, соёлын олон алдартнууд, .Вандан, Буур Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр нарын үндэсний бөхийн дөрвөн аваргаар магнайлуулсан олон хүчтэний өлгий нутаг" гэдгийг онцлов. Мөн Архангайчууд  Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбогдож,  Эрдэнэбулган сум орон нутгийн жишиг хот болох боломж бүрдэж, 1000 айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,  мал сүргийнхээ тоо, толгойг жил дараалан өсгөж, аймгийн төвд 2-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг бүрэн шийдвэрлэж, Орон нутгийн хөгжлийн сан, Иргэний оролцоотой жишиг сум хөгжүүлж, “Гудамж төсөл” “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” зорилтыг хэрэгжүүлж; “Сарлаг фестиваль”, “Айрагны баяр” зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, 2012 онтой харьцуулахад халдварт өвчин 31 хувиар, мөн эх нялхсын эндэгдэл буурсныг ч онцоллоо. Ийм амжилтад хүрэхэд тус аймгийг удирдаж байгаа Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нарын баг, эвсэг хамт олон, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Р.Гончигдорж, Б.Болор, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нарын дэмжлэг, хичээл зүтгэл их байсан гэдгийг онцлон дурдлаа.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)