300 иргэнийг ажлын байраар хангах ”Сэлэнгэ” худалдааны төв нээгдлээ

 

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод өчигдөр “Сэлэнгэ-Олон улсын худалдааны төв” болон “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг  нээлээ.

 

Нээлтийн үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Орчин үеийн стандартад нийцсэн худалдааны төвтэй болох нь  олон улсын боомттой хотын хувьд ихээхэн шаардлагатай байсан. Энэ худалдааны төвийг бүтээн байгуулж, нээх хүртэл багагүй бэрхшээл туулсан. Газрын байршлыг нь олохоос эхлээд хүндрэл үүсч байв. 2010 онд төсөв нь батлагдсан ч “царцсан” барилгуудын тоонд хүртэл орж байлаа. Гэхдээ энэ бүх хүндрэлийг даван туулаад өнөөдөр ашиглалтад оруулж байна” гэлээ.

 

Тус худалдааны төв нь 4000 гаруй м.кв талбайтай, нийт 300 гаруй иргэн ажиллах боломжтой, хүнсний 100,  барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуутай бөгөөд 3 тэрбум орчим төгрөгийн өртгөөр боссон байна. Мөн хойд чиглэлийн босоо тэнхлэгийн дагуу байрласан учраас ОХУ, Улаанбаатар болон бусад аймаг хотууд руу зорчих иргэд тав тухтай үйлчлүүлэх боломжтой юм.

 

Үүнээс гадна тус худалдааны төвд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нээн ажиллуулж байгаа нь онцлогтой юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Төрийн  үйлчилгээний нэгдсэн төв нээж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлж байна.  Бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг ийм боломжийг нээж байгаа.  21 аймагт энэ оны  6 дугаар сарын  1-ний дотор Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэв. Энэ төв иргэдэд 70 гаруй үйлчилгээ үзүүлэх бөгөөд даатгал, автотээвэр, эрх зүйн туслалцаа, нотариат, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, татвар, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, улсын бүртгэл, статистикийн чиглэлээр төрийн  үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байрлан ажиллах юм.  

 

Тус аймгийн хувьд дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Шаамар, Зүүнбүрэн чиглэлийн 145 км хатуу хучилттай автозамын төслийн зам барилгын ажлын нээлт энэ сарын 14-нд болсон. Аймгийн төвийн хувьд инженерийн шугам сүлжээг шинэчлэх, дахин шинэ хороолол барих, иж бүрэн инженерийн шугам сүлжээг Алтанбулагийн чиглэлд барьж гүйцээх, үүндээ тулгуурлаад Халамж үйлчилгээний нэгдсэн төв, Авто оношилгооны төв, Ахмадууд зориулсан гэр бүлийн ордонг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Харин тус аймгийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн барилга, Усан спорт, сургалтын төв ажил нь дуусч удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ.  

 

Ийнхүү Сэлэнгэ аймгийн иргэдийн дулаахан, тохилог, соёлтой, орчин бүрдүүлсэн худалдааны төвтэй болох хүсэлт олон жилийн биеллээ олж, анх удаа төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар худалдааны төвийг ашиглалтад орууллаа.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (104.51.227.61)

    2016-05-16

    selenged tomdox baixdaa xvn am bagatai uzir