Орхон аймаг Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
- 2016-05-17
- Орон нутаг
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Уг зарлигт “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, эрдэс баялгийн салбарт шинэ санаачилга гарган ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Орхон аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэсэн байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан 5 дугаар сарын 14-ний өдөр тус аймагт гардуулан өгсөн юм.
Тэрээр шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм Орхончууд аа,
Ахан дүүс ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Сүхбаатарын одон бол улс эх орныхоо шинэ нэгэн түүхийг бүтээлцсэн хүн бүрийн сэтгэлд гэрэлтэх төрийн хүндэтгэл юм.
Энэхүү Сүхбаатарын одон бол, Эрдэнэтийн овооны орд газрын геологийн эрэл хайгуул, судалгаа шинжилгээний ажлыг хийсэн залуус, эрдэмтэд, геологичид 1970-аад оны эхэнд “Эрдэнэтийн овоо” хэмээх ус ,цаг уурын ажиглах станцад ажиллаж байсан ажилтнууд, цаг уурчид, Орхон гол дээр гүүр тавьсан инженер, техникийн ажилтнууд, жолооч нар, Эрдэнэт үйлдвэр болон түүний дагалдах барилга байгууламж, Эрдэнэт хотын орон сууц, цогцолборуудыг барьж байгуулсан архитекторууд, барилгачид, тус аймагт ажиллаж амьдарч байсан иргэд, үе үеийн удирдлагын байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилтыг үнэлж шагнасан, басхүү хойч үеийнхнийг улам их үйлс бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм.
Буян хишиг дүүрэн Булган аймагт 1974 онд байгуулагдсан Эрдэнэт хороо 1975 онд улсын зэрэглэлтэй хот, 1994 онд Орхон аймаг болсон билээ. Анх 1600 өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан бол өдгөө 26 мянган өрх, 90 гаруй мянган хүн амтай их айл болсон. Энэ их айлыг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн олон мянган эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн залуус, хөдөлмөрч иргэд бүтээн босгосныг түүх мэднэ.
Орхон аймаг, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр хэмээх нэрийг салгаж ойлгох аргагүй юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.
Өдгөө Орхон аймаг дэд бүтцийн хувьд улсын хэмжээнд тэргүүлэх байр эзэлж, аж үйлдвэрийн салбарт жилдээ 1,2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, орон нутгийн төсвийн хувьд аймаг өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлэн улсын төсөвт 70 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж байна.
Орхон аймагт хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Япоын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Медипас оношилгоо, эмчилгээний төв үүдээ нээлээ. Энэхүү эмнэлэг байгуулагдсанаар Орхон аймаг төдийгүй хангайн бүсийн Хөвсгөл, Завхан, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Орхон аймаг нь Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар, Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтцийн үзүүлэлтээр аймгуудыг байнга хошуучилж байна. Гэвч ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн төрөлжилтөөр хойгуур эрэмбэлэгдэж байна.
Иймээс хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа солонгоруулах, ажлын байр бий болгох талаар санаачилгатай, бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж буй тус аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга С.Дангаасүрэн болон тэдний багийн хамт олон, Орхончууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
О.Заяа
Сэтгэгдэл (0)