Б.Цогтгэрэлийн “Шилэн ном” нээлтээ хийлээ
- 2016-06-08
- Топ сэдэв
- 0
Шилэн дансны хуулиар иргэн танд, надад нэгэн адил олгогдсон хяналтын эрхээ эдэлж, Монголын ард түмний сүүлийн хөлсөө дусаан байж олсон мөнгөнөөс татвар авч буй төр, түүнийг зарцуулан захирч буй 6100 гаруй дарга нар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн таны мөнгийг хэрхэн дур зоргоор үрж зарсныг илтгэсэн Б.Цогтгэрэлийн “Шилэн ном” өнөөдөр интерном дэлгүүрийн төв салбарт 14.00 цагт нээлтээ хийж уншигч таны өмнө баримт сэлтээ дэлгэж байна.
Нээлтийн үеэр номын зохиогч хэлэхдээ, “Шилэн ном” маань шилэн дансны тухай хуулийг дагаж гарч байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Монгол улсын Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлигийн хүрээнд энэ ном бүтээгдэж байна. Шилэн дансны тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэх, түүнээс болж буй үйл явдал мөн шилэн дансны тухай хуулиар хуулийн Их, дээд сургуулийн оюутнууд болон санхүүгийн чиглэлээр сурч байгаа оюутнууд энэ сэдвээр диплом их хамгаалж байна. Тэгэхээр тэр оюутнуудад зориулж, мөн цаашид шилэн дансны тухай хууль, ерөнхийлөгчийн 88 дугаар зарлигийг амьдралд хэрэгжүүлэх гэсэн их олон иргэд байна. Энэ иргэдэд зориулж гарын авлага байдлаар та бүхэнд юу учирч болох, хуулийн ямар зүйл заалтуудыг барьж ажиллах, хэнээс ямар мэдээллийг авч болох, хүсэх гээд энэ мэдээллүүдийг бүгдийг нь их ойлгомжтой хэлбэрээр багтаасан байгаа” хэмээн онцлов.
Номын нээлтэд ирсэн уншигчдад номоо үнэгүй бэлэглэж, дурсгалийн үг бичин хадгалуулж байв. Мөн “Энэхүү номоо үхлийн өмнө өвдөг сөгдөөгүй эрхэм журмын ах Г.Занданшатар тандаа зориулав” хэмээсэн байсан нь олны анхаарлыг татлаа.
О.Заяа
Сэтгэгдэл (0)