Цаг хугацааг үр бүтээлтэй, ухаалаг ашиглах аргууд

 

Хүн бүрт л яг ижилхэн 1 хоног 24 цаг байдаг. Харин энэ цагийг хэр үр бүтээлтэй өнгөрөөх вэ? гэдэг нь таны л сонголт.  Мөн цагаа хэрхэн ашиглаж байгаагаас таны хэн байх чинь хамаарна. Ихэнх хүмүүс байнга завгүй байж, ажил ихтэй байгаагаа ажил амьдралдаа хэрэгтэй зүйлд цагаа зарцуулж байгаа учраас цагаа зөв ашиглаж чадаж байна гэж андуурдаг.  

 

Тэгвэл бид танд цаг хугацааг хэрхэн хэрэгтэй зүйлд зарцуулах болоод хэрхэн хэмнэх талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

 

Унтах цагаа хэзээ ч бүү багасга


Хүмүүс бага унтвал илүү ихийг хийж чадна гэж боддог. Гэвч энэ бол худлаа. Учир нь бидний бие 7-8 цаг унтаж байж эрүүл, эрч хүчтэй байдаг. Харин бага унтах тусам бие тань сульдаж хийж бүтээх эрч хүч суларч, ажлын үр дүн буурна.

 

Аль болох эрт эхлэ          

                                                             
“Хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ л маргааш гэж хойшлуул” гэдэг үг бий. Тиймээс эрт эхлэх нь хамгийн чухал. Заримдаа “дараа” гэх үг “хэзээ ч үгүй” болон хувирдагийг бүү март.

 

Хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхлэ


Амжилтанд хүрэх “алтан дүрэм” бол хамгийн чухал зүйлсээ эхлэж хийх юм. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалтыг гаргаад эхний 3-с 4-г заавал хийх ёстой зүйлсээрээ дүүргэ. Тэднийгээ хийж дуустлаа өөр зүйлс бүү хийгээрэй. Ингэснээр та нэг л мэдэхэд өдөржин санаа зовдог ажил тань өдрийн талд л дуусч, үлдсэн хугацаанд чөлөөт цаг ихтэй болохыг анзаарах болно.

 

Төвлөрч сур


Интернэт хөтчийнхөө хэрэггүй цонхуудыг хаахаас эхлээд гар утасныхаа дууг хаа. Та өөртөө хамгийн тухтай байдалд төвлөрөх орчин бүрдүүлээд ажлаа хийвэл өмнөхөөсөө ч их цаг хэмнэх болно. Гол нь нэг ажлаа дуусахаас нааш өөр юунд ч бүү сатаар.

 

“Үгүй” гэж хэлж сур


Олон хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаа холбоо тогтоох хэдий сайн ч бид ихэнх цагаа өөрт хэрэггүй зүйлст үрдэг. Тиймээс зөвхөн чухал, өөрийн тань амжилтанд тус болохуйц, өөрт тань чухал гэсэн хүмүүст л цаг гаргаж бусад хүмүүст “үгүй” гэж хэлж сурснаар та төсөөлж байснаасаа ч ихийг бүтээж чадна.

 

Зурагтнаас хол бай


Бидний цагийг хамгийн их үрдэг зүйл бол мэдээж зурагт, facebook, twitter зэрэг билээ. Тиймээс үнэхээр үр бүтээлтэй ажиллаж, амжилтанд хүрмээр байгаа бол иймхэн зүйлсээс татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй.

 

Чухал биш зүйлст цагаа бүү үр


Бидэнд өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх үе элбэг тохиолддог. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л тэдгээр чухал биш зүйлсээ хийгээрэй.

 

Чухал ажлуудаа зуршил болго


Та юуг өдөр бүр хийхийг хүсэж байна вэ?. Ямар ч зүйлийг ижил хугацаагаар 3-с дээш өдөр хийхэд дадал зуршил болдог гэдэг үг байдаг. Тиймээс эхний өдрүүд хэцүү байсан ч өөртөө зуршил болтол  бууж өгөлгүйгээр өдөр бүр хийгээрэй.

 

Өөр юу хийх ёстой талаараа битгий бод


Та яг одоо ганцхан хийж байгаа зүйлээ л бодож байж үр бүтээлтэй цагийг зарцуулна. Харин өөр хийх ёстой жижигхэн зүйлсээ бодсоноор та төвлөрч чадахгүй, цагийг дэмий санаагаа зовоож өнгөрөөх болно.

 

Хүссэн үедээ амар


Үргэлж нэг зүйлийг тасралтгүй хийхийг амжилт гэдэггүй юм. Тиймээс тархи болон биеэ амрааж, хүссэн үедээ өөртөө амрахыг зөвшөөр. Гэхдээ амралт тань 15 минутаас хэтрэхгүй байвал зохимжтой. Дараа нь та улам эрч хүчтэй ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно.

 

Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хоолло


Робот мэт биетэй та нэг их олон өдөр эрч хүчтэй байж чадахгүй. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт таны тархи болон биеийг илүү эрч хүчтэй байхад туслах учраас танд дасгал хөдөлгөөн хийх цаг байхгүй гэж бүү бод. Учир нь бусад хүн чадаж байхад та л чадахгүй байна гэж байхгүй.

 

Бага хий


Өдөрт 5 цагаар долоо хоног хичээл хийх, өдөрт 1 цагаар сар хичээллэх хоёрын аль нь илүү үр бүтээлтэй, амжилттай гэж бодож байна?... “Нэг л цагийг зарцуулсан нь илүү амжилтанд хүрдэг”. Судлаачид хүний тархи өдөр бүр бага багаар хийдэг зүйлсийг илүү сайн хүлээж авдагийг тогтоосон байдаг. Тиймээс өөрийгөө хэт их шахах хэрэггүй. Тайван мөн өдөр бүр бага багаар хий.

 

Зохион байгуулалттай байлга


Та өөрт ирэх цахим шуудан, унших ном, хийх ажлаа дэс дараалалтай зохион байгуулалтанд оруулснаар илүү их цагийг хэмнэх болно. Өдөр өдрөөр нь ангилах, хийж дууссан зүйлсээ нэг газар хадгалж эсвэл бичиж тэмдэглэх гээд та өөрт амар аргаар хийж болно.

 

Амралтын өдрийг ч ашигла


Амьдралд амралтын өдөр, тарах цаг, давтан шалгалт гэж байдаггүй. Тиймээс баасан гараг гэж баярлахаас илүү өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Мэдээж амралтын өдөр та бусад өдрүүдээс бага ажиллаж болно шүү дээ. Гэхдээ хэзээ ч огт юу ч хийхгүй өнгөрөөж болохгүй шүү.

 

Хүлээлтийн цагийг ч ашигла


Ямар нэгэн дараалал хүлээх, хариу хүлээх, машинд замын түгжрэл хүлээх гэх мэт маш олон хүлээлт, дэс дараалал бидний амьдралд гарч ирдэг. Тэр бүх хугацааг өөрийн дуртай зугаатай ажилд зарцуулж болно. Жишээ нь: ном унших, юм бичих, хөгжим сонсох гэх мэт юу ч байж болно шүү дээ.

 

Хэт ихийг бүү төлөвлө


Өдөрт хийх зүйлсийн жагсаалт гаргахдаа хэзээ ч ихийг бүү төлөвлө. Та төгс хүн болох албагүй шүү дээ.

 

Хийх ёстой зүйлсээ хооронд нь уялдуул


Та хийх зүйлсээ заавал дарааллуулж хийх хэрэггүй. Харин хооронд нь зөв уялдуулж хамтад нь хийж болох зүйлсийг ол. Ном унших төлөвлөгөөгөө хэл сурах төлөвлөгөөтэйгээ уялдуулж тухайн сурах ёстой хэл дээрх номыг уншиж болно шүү дээ. Ингэснээр цаг хэмнэхээс гадна илүү үр бүтээлээ өгөх болно.

 

Хийж буй зүйлсээсээ таашаалыг мэдэр


Бид дургүй, хүсэхгүй байгаа зүйлсээсээ хэзээ ч аз жаргалыг олохгүй. Амжилтанд хүрэхийг хүсэж буй зүйл тань үнэхээр хүсэж байгаа зүйл чинь мөн үү? гэж өөрөөсөө заавал асуу. Хэрвээ үнэхээр мөн бол танд хийж байгаа зүйл тань тоглоом мэт зугаатай санагдах болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)