Үер усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа
- 2016-06-21
- Байгаль орчин
- 0
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Мөн Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай зэрэгт хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг хүргэлээ.
Өчигдрөөс эхлэн манай орны нийт нутгаар усархаг бороо тасралтгүй орж, зарим голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болох магадлал нэмэгдэж байна. Энэ сарын 21, 22, 23, 24-нд бороо үргэлжлэн орно. Иймд иргэдийг амралт, аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо буудаллахгүй сонор сэрэмжтэй байлгах, бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан авто тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарц бүхий газраар аюулгүй зорчихыг Шадар сайд анхаарууллаа.
Сонгуулийн ажилд олон зуун хүн, олон арван машин явж байна. Гол ус гатлах, сайр хэвгий газраар үер болж, гэнэтийн аюул учирч болзошгүй байдал үүслээ. Говийн бүсэд ширүүн бороо орж, хүн, мал аюулд өртөж болзошгүй мэдээлэл ирж байна. Иймд ард иргэд сонор, сэрэмж хариуцлагатай байж, үер усны аюулаас урьчилан сэргийлэх, онц шаардлагагүй бол гэнэтийн үер, ус бууж болох газраар явахгүй байхыг тэрээр сэрэмжлүүллээ.
Цаашид нийт нутгаар хур тунадас үргэлжлэн орох тул Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах үүрэг даалгаврыг өглөө.
Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Онцгой комисын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан мэдээ, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах, үерийн аюултай бүсэд суурьшиж буй айл, өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт байршуулах ёстойг тэрээр анхааруулав.
Үерийн аюулаас шалтгаалж зам, гүүр эвдрэх, тулгуур баганад гэмтэл үүсч, хотойлт өгөх, хүн, мал, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөлд шуурхай арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар ханган, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээллийг Улсын онцгой комиссын Ажлын албанд яаралтай мэдээлж, үүрэг чиглэл авч ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)