Өнөөдөр дэлхийн салхины өдөр
- 2016-06-15
- Байгаль орчин
- 0
Салхины өдрийг 2007 онд Европын салхины эрчим хүчний ассоциаци тэмдэглэж эхэлсэн ба 2009 онд Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөлтэй хамтран зохион байгуулан дэлхийн хэмжээний арга хэмжээ болсон байна. Салхины эрчим хүч нь цаг уурын өөрчлөлтийг зогсоох, эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ухаалаг хөрөнгө оруулалт юм. Дэлхийн салхины өдөр нь сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхины эрчим хүчний ач холбогдолыг сурталчлах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэлгээг өөрчлөх зорилготой юм.
Энэ өдөр дэлхийн улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд салхин цахилгаан станцын аялал, салхины эрчим хүчний тухай гэрэл зургийн уралдаан, салхин сэнсэн дээрээс шүхрээр буух, салхины эрчим хүчний тухай баримтат кино болон танин мэдэхүйн нэвтрүүлэг зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь олон улсын салхины нөөцийн зэрэглэлээр салхины арвин их нөөцтэй бүсэд хамаарагддаг. Уг нөөцийг ашиглан Монгол Улсад "Клинтек" ХХК, "Сайншанд салхин парк" ХХК, "Ньюком" ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах зорилготойгоор их чадлын салхин паркийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Салхитын “салхин парк” нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг жилд 3-5 хувиар, цахилгаан станцуудын жилд хэрэглэдэг нүүрсний хэрэглээг 160-190 мянган тонноор бууруулж, цахилгаан үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэрэглээг 1,40-1,90 сая тонноор хэмнэж, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийг 180-200 мянган тонноор багасгах юм байна.
Сэтгэгдэл (0)