Дэлхийн байгаль орчны өдөр

 

Дэлхий нийтээр байгаль хамгаалал, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн байгаль орчны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, дадал, хэвшлийг суулгах,байгаль орчноо хамгаалахын төлөө хийж, хэрэгжүүлсэн бүтэн жилийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлэх зорилготой энэ өдрийг 1972 онд Дэлхийн Байгаль Орчны Өдөр (ДБОӨ) болгон тунхаглан тэмдэглэсээр ирсэн байна.

 

Энэ хугацаанд дэлхийн өнцөг, булан бүрт байгаа нийгмийн бүхий л салбарын төлөөлөл болсон байгууллага, хувь хүн бүр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд эх дэлхийнхээ ирээдүйн төлөө байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар ирсэн байна.

 

Жил бүр дэлхийн байгаль хамгааллын өдрийг хүлээн авч зохион байгуулах улсын Засгийн газраас өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.

 

2015 онд Итали улс энэ өдрийн зохион байгуулагч орноор “Долоон тэрбум хүсэл. Нэг Дэлхий. Хэмнэлттэй хэрэглээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол 2016 оны Дэлхийн байгаль хамгааллын өдрийг хүлээн авч зохион байгуулах улсаар Анголийн Бүгд Найрамдах улс сонгогдон “Go Wild for Life” буюу "Онгон зэрлэг байгалийн төлөө" “Байгалийн амьтдыг байгальд нь” уриан дор зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах, худалдахын эсрэг тэмцэх зорилготойгоор зохион байгуулж байна.

 

 

Инфографикийг http://wed2016.com/

 

2015 оны Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр дэлхий даяар зохион байгуулагдсан 2861 үйл ажиллагаанд 1 сая 260 гаруй мянган хүн оролцсон байна.

 

Монгол улс 2013 онд "Think-Eat-Save" буюу "Хүнсний хэмнэлттэй хэрэглээ-Хоол, хүнсний хаягдлыг багасгая" уриан дор дэлхийн улс орнуудыг уриалан хүлээн авч зохион байгуулах улс болж энэхүү ажлынхаа хүрээнд бүх нийтийг хамарсан марафон, машингүй өдөр, тэмцээн, уралдаан, эрчим хүчний хэмнэлттэй үзэсгэлэн, уулзалт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан байна.

 

Дэлхийн байгаль хамгааллын өдөр нь зөвхөн тухайн улсын Засгийн газар, холбогдох шийдвэр гаргах байгууллагын түвшний хэмжээнд ажил хэрэг болгож зохион байгуулах ёстой арга хэмжээ биш юм.

 

Энэ өдөр бол та бүхний, бид бүхний эх дэлхийнхээ төлөө их, бага гэлтгүй хийж чадах үйл хэргээрээ нэгдэн эрүүл, ногоон орчинд амьдрах гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн баярын өдөр юм.

 

Дэлхийн байгаль орчны өдрийг угтан БОНХАЖЯ-ны харьяа Байгаль Хамгаалах Сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Архангай аймгийн Өгий нуур сумын Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газар нар хамтран орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Орхон гол, Өгий нуурын биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн байгаль хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх болон нуурын эрэг болон цутгал орчмын хог хаягдлыг цэвэрлэх аяныг 2016 оны 6 сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)