Бэрхшээлийг даван туулахын тулд цаг наргүй зүтгэх ёстой
- 2016-07-28
- Байгаль орчин
- 0
Энэ удаагийн сонгуулиар ард түмний итгэл найдварыг хүлээж манай намаас УИХ-д сонгогдсон 65 гишүүн шилдэг тэргүүний сэхээтнүүд болохыг харж баярлан сууна. Яамны сайдуудыг баталсан УИХ-ын нэгдсэн хуралдааныг эхнээс нь дуустал зурагтаар харж бүр ч өндөр сэтгэгдэл төрлөө.Энэ хурал дээр манай намын гишүүдийн тавьсан асуулт гаргасан санал, түүнд сайдад нэр дэвшигчдийн өгсөн хариулт нь улс орныг өнөөгийн хүнд байдлаас хэрхэн аврах, намын мөрийн хөтөлбөрийг яаж, ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдэгт нийт гишүүний санаа бодол нэг л цэгт төвлөрч дор бүрнээ нэгийг бодож байгаа нь тод харагдлаа. Шинжлэх ухааны үндэстэй боловсруулсан улс орныг хүнд байдлаас гаргахад чиглэсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшсэн шилдэг боловсон хүчин намд ялалт авч ирсэн. Цаашид юу хийх вэ гэдгийг УИХ-д сонгогдсон гишүүдийн нэгэн адил гэрийн мухар сахиж байгаа хөгшин бид ч элдвийг эргэцүүлэн бодож сууна. Миний ажигласнаар өмнөх эрх баригчид бүтэн дөрвөн жил болоход “Мөрийн хөтөлбөр “гэж дуугарахаас ч зайлсхийж , хэрэгжүүлэхийг бодоо ч үгүй зөвхөн сонгуулийн шоу болгож өнгөрөөсөн. Үүнийг ойлгосон ард түмэн дүнгээ ч хатуухан тавьсан. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, мөнгөний нөөц хомсдон, сайхан нэрийн дор тавьсан гадаад өрийн дарамт нь манай нам амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулах нь гарцаагүй. Мөрийн хөтөлбөр бол УИХ, Засгийн газар бүрдсэний маргааш нь хэрэгжих тийм амар хялбар зүйл биш, ирэх дөрвөн жилд бололцоог нь бүрдүүлсний үндсэн дээр аажмаар шат дараалан хэрэгжих ёстойг сонгогч олон түмэн ч ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Яамдын сайдын томилгооноос харахад мэргэжлийн засгийн газар байгуулах мөрийн хөтөлбөрийн нэг зорилт биеллээ оллоо. Шинээр бүрдсэн УИХ, Засгийн газрын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахад “Унд хоол, нойроо хасч, өдөр шөнөгүй 168 цаг ажиллахаас өөр замгүй” гэж УИХ-ын ахмад туршлагатай гишүүн Лүндээжанцан маш оновчтой дүгнэж хэллээ. Үүнд бид санал нэгтэй байна. Бидний бодож байгаагаар УИХ, Засгийн газар юуны өмнө бонд, зээлийн мөнгийг юунд зарсан, гадаадад төлөх өр он оноор нь хэдий хэмжээтэй байгаа, улсын хөрөнгө мөнгийг тэрбум тэрбумаар нь завшиж, зүй бусаар үрэн таран хийсэн буруутай эзэн нь хэн бэ, тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг олон түмэнд ойлгуулж, хэвлэл мэдээллээр шуурхай нийтлэхээс гадна Дубайн нууц гэрээ, Эрдэнэтийн будилааныг Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн ил тод болгох нь зүйтэй. Ер нь ямар ч дутагдал доголдолгүй бүх юм өө сэвгүй, сайн сайхан болж цэцэглэн хөгжиж байгаа мэтээр сурталчлах, ард олны тархийг угааж, дутагдлаа хаацайлан нуун далдлахыг оролдож ирсэн өмнөх эрх баригчдын башир арга, алдааг давтаж хэрхэвч болохгүй. Болж бүтэж байгаа, болгоё бүтээе гэсэн ч болохгүй ,бүтэхгүй зүйлийн (түүний шалтгааны хамт)аль алиныг нь цаг алдалгүйгүйгээр олон түмэнд мэдээлж хүргэж байх нь итгэл үнэмшилтэй болгох сайн талтай, ч анхааралдаа авах нь зүйтэй болов уу гэж бодно.
Баян-Өлгий аймаг, Өлгий сумын VIII багийн
иргэн, өндөр настан МАН-ын
ахмад гишүүн МУХАЙСЫН ЗЕЙНЕЛХАН
Сэтгэгдэл (0)