Галт зэвсэгтнүүдийн гажуудал

-Танхайн гэмт хэрэг 9.3 хувиар өсчээ-

                          

Замын хөдөлгөөнд оролцохдоо айдаст автах болов. Учир нь том жийптэй, толгой “жижигтэй” хөрөнгөтнүүд сүүлийн үед зам тавьж өгсөнгүй хэмээн халааснаасаа галт зэвсэг гаргаж танхайрах хэрэг цөөнгүй гарах болов. Хамгийн сүүлийн жишээ энэ сарын 28-нд Хан-Уул дүүргийн ХI хорооны нутаг дэвсгэр Зайсангийн эцсийн буудал дээр автомашинтай иргэн З буу гаргаж бусдыг сүрдүүлсэн байна. Тодруулбал, “Зайсан- Хайлааст” чиглэлийн автобусны жолооч 33 настай эрэгтэй Б- г зорчигч тээвэрлэж явах үед нь буугаар сүрдүүлжээ. Сэжигтэн “Wrangler jeep” автомашин жолоодож явсан 59 настай эрэгтэй З автобусны жолоочтой замын хөдөлгөөний улмаас маргасан байна. Түүний Герман улсад үйлдвэрлэсэн “RG-800 CAL.8мм K” хийн гар бууг цагдаагийнхан эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Сэжигтэн З-г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл анги буюу олон нийтийн газарт танхайрсан гэх хэргээр шалгаж байгаа.

Сэжигтний биедээ авч явсан хийн гар буу зөвшөөрөлтэй байсан. Хэргийг шалгаж эхэлсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Мөн 2014 оны эхээр ийм төрлийн хэрэг удаа дараа гарч байсан санагдана. Жишээлбэл, Сонгино хайрхан дүүргийн ХII хорооны I байрны арын зам дээр 39 настай эрэгтэй Т нь 2013 оны аравдугаар сард согтуурсан үедээ “Benz-200” автомашинтай явж байхдаа “ИЖ-79-8 BAIRAL” маркийн хийн буугаар бусдыг айлган сүрдүүлж танхайрсан байдаг. Үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон. Мөн уг хэрэг гараад удаагүй байхад Сонгинохайрхан дүүргийн VII хорооны Автобусны буудал дээр иргэн Н-г зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар Hyundai Galloper автомашинтай 40 настай эрэгтэй Б нь буу гаргаж танхайрч байжээ. Замын түгжрэл ихтэй манай улсын хувьд галт зэвсэг нээтлээ бухимдаж эхэлбэл байдал хурцадна. Засгийн газар 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахтай холбогдож хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон юм. Үүнд бууны албан татварын хэмжээг 50-100 мянга болгож өөрчилөхөөр болсон. Тэгвэл дээрх галт зэсвэгтэй “танхайчуудад” түүнээс илүү татвар ногдуулж, хуулийн байгууллага хараандаа авч, хариуцлага тооцох хэрэгтэй байна. Саяхан буюу 2016 оны зургадугаар сарын 17-нд Зайсанд буун дуу гарлаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Нэг ч биш нэлээн хэд дуугарсан талаар шуугиад өнгөрсөн. Хэргийн эзэн “Доён” Болд гэгч байсныг цухас дурдаад энэ чимээ намжсан. Хэргийг тодруулбал, “Доён” Болд бусадтай архидан согтуурч яваад “Макаров” маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 10 гаруй удаа буудаж танхайрсан байна. Гэтэл Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Доён” Болд гэгч этгээдийг барьж шалгасан боловч архидан согтуурч, галт зэвсэг хэрэглэн танхайрсан этгээдийг эрүүлжүүлэх нь битгий хэл барьж, саатуулалгүй гаргаж явуулан, энэ мэдээллийг олон нийтээс нууцалсан талаар иргэд гомдоллож буй. Дээрх нэр бүхий этгээд нь иргэд, бизнес эрхлэгчид, төрийн эрх бүхий хүмүүсийг олон удаа дарамтлан айлгасан, дээрмийн гэмт xэрэг үйлдэж шалгуулж байсан боловч түүнд прокурор, шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэдэггүй ажээ. Өмнө нь Центрпоинтын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгуулж явсан энэ этгээд зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашигладаг байлдааны галт зэвсгийг хэрхэн олж авч биедээ хадгалж явсан нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Он гарсаар нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл ангид заасан “Танхайрах” гэмт хэрэг 9.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ба хэргийн илрүүлэлт 73.7 хувьтай гарчээ. Эндээс үзэхэд Галт зэвсгийн тухай хуулиа эргэн харж, жилдээ нэг удаа тоог нь гаргах биш хэн хэрэглэж байгааг нь мөн судлах хэрэгтэй болж байх шиг. Жирийн нэг залуу галт зэвсэг барьж банк дээрэмддэг, зам тавьж өгсөнгүй гэж хөрөнгөтнүүд нь буугаар сүрдүүлдэг, гэртээ өлгөөд орхисон буугаар хүүхдүүд нь буу сум алдаж биенээ хороодог ийм л хариуцлагагүй, айдастай нийгэмд бид аж төрж байна.

                                                                                                                                                              Б.ДЭЛГЭР

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.21.120.66)

    2016-08-02

    Юу бичээд байгаам вэ ямарч утга агуулаагүй хүн ойлгоход тун бэрх юм болжээ сэтгүүлчид минээ ичмээр юмаа 4-р ангийн хүүхэд л нэг иймэрхүү юм бичих байхдаа

  • (203.91.118.180)

    2016-08-01

    Хориглох тусам л хүн гэдэг амьтан сонирхох нь их шүүдээ. Тийм болохоор хуулиа чангалж хүн айлгаж сүрдүүлсэн этгээдэд хатуу хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ иргэдэд галт зэвсэгтэй зөв харьцах талаар сургалтыг сайн зохион байгуулах Галт *****, буудлагын спорт сонирхогчдыг дэмжих хэрэгтэй. Энэ нь эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тустай, маш том сахилга батыг олгодог сайн талууд бий.

  • M (122.201.22.254)

    2016-08-01

    tgd yamar buuduulaltai n bish ***** olj awhaasda haha