Нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг сугалаагаар явуулна
- 2016-08-03
- Топ сэдэв
- 0
Шинэ Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь ажлаа авснаас хойш анх удаа сэтгүүлчидтэй нүүр тулж уулзлаа. Түүний өгсөн их дээд сургуулийн төлбөрийг шинэ хичээлийн жилд нэмэхгүй байхаар төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй ярилцаж тохиролцсон тухай мэдээлэл нь таатай мэдээ байсан юм. Үр хүүхдээ мэргэжил боловсролтой болгохын төлөө байдгаа барж байгаа эцэг, эхчүүдийн хувьд их дээд сургуулийн төлбөр Монголд байж болох дээд хэмжээнд хүрсэн байх. Өнгөрсөн хичээлийн жилийн байдлаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн сургалтын төлбөр хамгийн өндөр буюу кредит нь 150480 төгрөг байжээ. Суралцагч жилд 30 кредит цагийн хичээл үзэж судалдаг гэхээр нэг тоо гарна. Үүгээр жишиж тооцвол ШУТИС-ийн кредитийн төлбөр 50300 байлаа. Мөн МУИС-ийн хамгийн өндөр кредит цагийн төлбөр 96600 төгрөг байсан юм. Харин МУБИС, ЭМШУИС, ХААИС нь суралцагчийн мэргэжлийн чиглэл, хичээлийн сонголтоос хамааран жилийн төлбөр нь 2.0-2.3 сая төгрөг болж байлаа. Энэ жилийн хувьд дээрх жишгээр тооцох бололтой. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө эцэг, эхчүүдийн “шүдний өвчин” болдог том асуудлын нэг нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах явдал байдаг. Намрын намарт “Их дээд сургуульд оюутан элсүүлэхээс дутахгүй ажил боллоо” гэж иргэдийн уур бухимдлыг бардаг энэ ажлыг эртнээс зохион байгуулах юм байна. Одоо баригдаж буй 4000 орчим хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий 31 цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахын төлөө чармайн ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгажээ. Мөн ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт тус бүр нэг өрөө нэмж гарган тохижуулснаар 400 хүүхэд хамруулах боломжтой болох гэнэ. Үүнээс гадна хувийн цэцэрлэгүүдийн дотоод нөөц боломжийг ашиглаж 187 бүлэг нэмж нээснээр 2100 ор нэмэгдэх юм. Хувийн хэвшлийн 44 цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг олгох зэргээр хүүхдийн орны тоог нэмснээр улсын хэмжээнд нийт 16 мянган хүүхэд гэр орондоо цоожлогдох явдлаас ангижрахаар болжээ. Дээрээс нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт багагүй үр дүнд хүрнэ гэж салбарын сайд, удирдлага үзэж байгаа юм. Үүнд хүүхдийн хоол хүнс, урсгал зардлыг төрөөс даах учраас эцэг эхчүүд сарын 50-60 мянган төгрөгөөр энэ үйлчилгээнд хамрагдахаар байна. Улсын хэмжээнд хүүхэд харах 4000 орчим төв үйл ажиллагаа явуулах урьдчилсан тооцоо гаргажээ. Үүний үрээр сум орон нутагт сургуулийн өмнөх насны хүүхдийн 84.6, аймаг нийслэлд 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Харин нийслэлд тойргийн хүүхдийн тоо, хамрагдалт зэргээс шалтгаалан ачааллыг зохицуулах үүднээс мөн л сугалаагаар бүртгэлийг явуулахаас өөр аргагүй байгаа гэсэн. Бүртгэл энэ сарын 22-ноос эхлэх юм.
Сэтгэгдэл (0)