ХХБ-ны хөрөнгийг санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Эрдэнэтийн хувьцааг авахад оруулаагүй гэдгээ нотлох хэрэгтэй!

                                        

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хаацайлахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ гэж мэдэгдсэн байгаа.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэр, 400 сая.ам доллар хэрхэн босгосон бэ гэдэг асуудлыг Монголбанк шалгаж тогтоохоор ажиллаж эхлээд буй юм. Ер нь бол уг асуудлыг үнэн мөнөөр тогтоохоос нааш Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудал намжихгүй гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон. Судлаач Х.Д.Ганхуяг эрхэм хэлэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын зээлийн баталгааг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан эсэх, тэр зээл нь ХХБ-ны бондоор хэлбэржсэн үү? Эсвэл “27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө” үү ? гэдгийг ялгаад гаргаад ирэхэд асар их мөнгөний манхинаци ил болно доо гэж байсан.

Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон эрхэм санхүүжилтийн эх үүсвэрийн талаар зөрүүтэй зүйл хэлж яриад байгаа. Монгол телевизийн “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт орохдоо “Энэ асуудал  чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа.” гэж байсан бол medee.mn сайтад 10 дугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн ярилцлага өгүүлэхдээ “Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.” гэж хэлж яриад байгаа.

Тэгэхээр 200 сая ам.долларын санхүүжилтийг компани өөрөө гаргасан гэж байснаа сүүлдээ банк гаргасан болж таараад байгаатай холбоотой анхаарал татсан асуулт тавигдаж буй. Ер нь Худалдаа хөгжлийн банк Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг  Эрдэнэтийн хувьцааг худалдаж авах санхүүжилтэд гаргачихаагүй биз? Худалдаа хөгжлийн банкинд данс, хадгаламж эзэмшигчид өөрсдийнхөө мөнгийг асуудалд ороогүй гэж бодож байна уу гэхчлэн асуудлууд гарч ирж байна.

Эдийн засагч Д.Жаргалсайхан уг асуудлын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхий сайд мэдээлэл хийсэн орой энэ бүх юм нууц явчихлаа, үүнийг шүүмжилнэ. Нийтийн хөрөнгийг зарахдаа нийтийн санал бодлыг асууж болдоггүй юм уу гэсэн саналаа би илэрхийлсэн.” гэж байсан бол хуульч О.Алтангэрэл “Төрийн нууцын тухай хуульд зааснаар нууцын зэрэглэлийг ҮАБ зөвлөлөөс тогтоодог. Тэгвэл ҮАБЗ-өөр энэ асуудал орсон юм уу.” гэж байсан. За харин МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан “ХХБ банкны хөрөнгийг хууль бусаар санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ нотлох ёстой.” гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Олон улсын гэрээ хэлэлцээр УИХ-аар батлагддаг. Сая энэ үйл явц хийгдээгүй. Засгийн газар энэ гэрээ хэлэлцээр явуулж байгаа тухай УИХ-д мэдэгдэх үүрэгтэй. Энд л асуудлын зангилаа яваад байгаа юм.” хэмээн хэлж ярьсан байгаа.

Сануулахад, 2016.06.13-ны өдрийн Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонхи дэмжсэн байдаг байна. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266  тоот тушаал гаргажээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн гэх зүйлийг хэлж байгаа юм. Гэхдээ  хоёр талын хэлэлцээрийг цуцлах, батлах бүрэн эрх УИХ-д байдаг тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлж байгааг энд тодотгоё.

Тэгэхээр хүлээлт үүсгээд байгаа гол асуудал бол Худалдаа хөгжлийн банк 49 хувийн хувьцааг авах санхүүжилтийг үнэхээр цэвэр зарчимаар босгосон уу гэдгийг яаралтай тодруулах шаардлага юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.212.117.225)

    2016-10-17

    энэ бохир банкийг татан буулга

  • (24.14.168.146)

    2016-10-14

    Mongol ulsiin huuli tor zasagiin ondor deed tushaaltai humuust uilchilehee boliod udaj bna Neg heseg hugatsaand boon shuugian bolood daraa ni zamhardag bichegdeegui huuli duremtei bolson shuu dee MAN ene asuudaliig shudragaar shiidehiig ard tumen harj huleej bna

  • (24.14.168.146)

    2016-10-14

    Mongol ulsiin huuli tor zasagiin ondor deed tushaaltai humuust uilchilehee boliod udaj bna Neg heseg hugatsaand boon shuugian bolood daraa ni zamhardag bichegdeegui huuli duremtei bolson shuu dee MAN ene asuudaliig shudragaar shiidehiig ard tumen harj huleej bna