А.Гылымхан: Ажлын байрыг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 100 ХОНОГ
 

 

 

 

        Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Баян-Өлгий аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ямар байна вэ?

 

-Аймгийн Засаг даргын хариуцлагатай албыг хүлээж аваад юуны өмнө өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж ажилласны дүнд 60 гаруй мянган тн өвс тэжээл бэлтгээд байна. Эрүүл мэнд боловсролын болон бусад байгууллагууд бэлтгэлээ сайн хийсэн. Аймгийн дулааны станц өвлийн нүүрсээ татаж авсан. Иргэд ч өөрсдийн нөөц, боломжоор өвөлжилтийн бэлтгэлээ хангачихаад байна.

 

-Танай аймагт нэн шаардлагатай тулгамдсан ямар асуудал байна вэ?

 

-Аймгийн хэмжээнд ажилгүйдэл тулгамдсан гол асуудал болж байна. Аймаг нийт 101 гаруй мянган хүн амтай. Хүн амын тоогоор баруун бүсдээ тэргүүлж байгаа. Хөдөлмөрийн насны 49 мянган хүн байгаагаас 19 мянга нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Гуравхан сарын хугацаанд бид иргэдээс 2600 орчим өргөдөл хүлээж авсны 85 хувь нь ажлын байр хүссэн байна. Тиймээс шинээр ажлын байр бий болгох нь бидний эрхэм зорилго болж байна. Цаашлаад төрийн байгууллага, хувийн хэвшил хамтарч, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж ажиллана.

 

-Орон нутагт ямар мэргэжлийн илүүдэл их байна вэ?

 

-Ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дунд шинээр их, дээд сургууль төгсөөд ирсэн залуу мэргэжилтнүүдийн тоо давамгайлж байгаа. Үүний ихэнх нь цэцэрлэгийн болон багш, хуульч, эдийн засагчид зонхилж байна. Эдгээр иргэдийг аймаг бие даан ажилтай болгох асуудал маш хүнд байгаа.

 

-Аймаг өөрийн нөөц, боломжоо ашиглаж ажлын байраар хангах боломжгүй юм уу?

 

-Бид боломж, бололцоог эрэлхийлж байгаа ч харамсалтай нь төсвийн байгууллагын орон тоо хязгаартай тул энэ онд ямар ч боломж харагдахгүй байгаа. Сургууль төгсөгчид эрхэлсэн ажилгүй байна гэдэг нэн хүнд. Тиймээс ирэх дөрвөн жилд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газар болон орон нутгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө иргэдийг ажилтай болгох талаар тодорхой зорилт тусгагдсан. Үүнийг бодит ажил хэрэг болгохоор боломж, бололцоо, гарц хайж байгаа.

 

-Тухайлбал, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ?

 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ялангуяа МАА-н бүтээгдэхүүн боловсруулах, уул уурхайн салбарыг хөгжүүлэхээр зорьж байна. Ингэснээр иргэд эрхэлсэн ажилтай, орлогын эх үүсвэртэй болох юм. Орон нутаг өөрийн давуу талдаа түшиглэсэн үйлдвэрлэл байгуулах нь чухал байна. Мэдээж зах зээлийн эрэлт, хэрэгцээг судална. Ингэснээр түүнд нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал юм.

 

-Танай аймагт цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэлээд тааруу гэсэн мэдээлэл өмнө нь сонсож байсан. Өнөөдөр нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

 

-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж сайнгүй байна. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Тиймээс ирэх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэгтэй болох боломж, бололцоог эрэлхийлж байна.

 

-Аймгийн төсөв, санхүүгийн байдал ямар байна вэ?

 

-Нэлээд хүндхэн байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал хуралдаж, аймгийн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр маань аймаг, орон нутгаа хөгжүүлэх гол бодлогын баримт бичиг юм. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр Таван бүлэг, 300 гаруй заалтаас бүрдсэн. Хөтөлбөрөө боловсруулахдаа иргэдээ сонсож, судлаачдын түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, хийх ажлын чиглэлээ тодорхойллоо.

 

-Та тэгвэл ажлаа зөв эхэлж байгаа юм байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

 

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн байр 1975 онд ашиглалтад орсон. Тухайн үед аймаг 50 мянган хүнтэй байсан. Одоо хүн амын тоо 100 мянга буюу хоёр дахин өссөн. Тиймээс эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэд үйлчилгээ авахад бэрхшээл байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх шаардлага бий. Эрүүл мэндийн сайд манай аймагт ирж эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж шинэ эмнэлэг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудал яригдсан. Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй ч цаг алдалгүй шийдэхээр дээд байгууллагуудад хандан зураг төсвийг гаргаад байна.

 

-Орон нутагт ямар төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

 

-Арьс шир боловсруулах үйлдвэр барих, ноос, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Мөн уул уурхай ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмэлт хөрөнгө оруулалт бий болгосноор ажлын байр бий болгох боломжтой. Мөн барилга, замын салбарыг хөгжүүлэх, газар тариалангийн хөгжлийг дэмжих боломжтой.

 

-Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд ямар ажлыг эхлүүлсэн бэ?

 

-Аймгийн хэмжээнд үерийн гамшиг тохиолдох эрсдэл нэмэгдсэн. Манай аймаг олон өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог тул Өлгий хотыг үерийн эрсдэлээс хамгаалах зорилгоор үерийн далан байгуулахаар болсон. Мөн Өлгий хотын дундуур урсдаг Ховд голын гүүр хуучирч муудсан тул шинэ гүүр барих, төв замыг шинэчлэх зэрэг ажлыг хөтөлбөртөө тусгасан. Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж хүнд нөхцөлд байгаа. Үүнийг шинэчлэх зураг төсөл нь гарсан. Ирэх оноос барилгынх нь ажлыг улсын болон олон улсын байгууллагын зээл, тусламжаар эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэх чиглэлээр ажиллаж байгаа. Аймгийн төвийн замын засвар нөхөөсийг хийлгэсэн.

 

-Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаа цөөн аймгийн нэг нь Баян-Өлгий?

 

-Тийм ээ. Нийслэлээс алслагдсан хязгаар нутгийн зовлонг тоолж барамгүй. Энэ хэрээр иргэдийн амьжиргааны өртөг, зардал ч нэмэгддэг. Улаанбаатар хүртэл нислэгийн ирэх очих зардал нь 700-800 мянган төгрөг, автомашинаар ирэх зардал 70-100 мянган төгрөг. Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох замын ажил энэ онд нэлээд удааширалтай явагдаж байгаа. Нөхцөл байдлыг газар дээр нь очиж судалсан. Зам ашиглалтад орсноор иргэдийн амьдралд сайнаар нөлөөлнө. Тухайлбал нэг кг ачааг газраар 500-1000 төгрөгөөр тээвэрлэж байгаа. Зам сайжирвал энэ зардал буурна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ханш буурах давуу талтай.

 

-Аймаг бүр өөр өөрсдийн эдийн засгийн тэргүүлэх салбараа тодорхойлсон байдаг. Танай аймгийн хувьд аль салбарт түлхүү ач холбогдол өгч байгаа вэ?

 

-Монгол Улс уламжлалт хөдөө аж ахуйн салбартаа тулгуурласаар хөгжиж ирсэн. Манай аймаг 2.7 сая малтай. Тиймээс малын махыг боловсруулах, малын гаралтай түүхий эдийг нэмж боловсруулах, өртгийг нь нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт анхаарахаар төлөвлөж байна. Аймаг хүнсний ногооныхоо 30 хувийг өөрөө хангаж байгаа ба ойрын жилүүдэд 50 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Асгат, Дулаанхар зэрэг томоохон орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулахыг дээрээс дэмжиж өгвөл багагүй асуудал шийдэгдэнэ. Олборлолт, ашиглалтын зөвшөөрөлтэй цөөнгүй компани бий. Тэднийг дэмжиж ажилд оруулбал олон хүн ажилтай болох боломжтой юм.

 

-Та уул уурхайг дэмжинэ гэлээ. Танай аймагт хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Манай аймагт ашиглалт, хайгуулын нийт 90 орчим лиценз олгогдсоноос ашиглалтын лицензтэй 10 хүрэхгүй байгууллага байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа нэг л компани бий. Эдийн засгийн байдлаас шалтгаалж зарим компани үйл ажиллагаагаа зогсоосон. Дэд бүтцийн хөгжил сул, төвөөс алс болохоор зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тул компаниудын идэвх тааруу байна. Уул уурхай хөгжиж, орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ажлын байр нэмэгдэж, орон нутгийн хөгжилд ч нэмэр болно гэж харж байгаа. Тиймээс хариуцлагатай уул уурхайг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллана. Мөн бичил уурхайг хуулийн дагуу хөгжүүлэхэд анхаарна.

 

-Цагааннуурын чөлөөт худалдааны бүсийг түшиглэн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж бий. Аймгийн зүгээс чөлөөт бүсийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллахаар байгаа вэ?

 

-Цагааннуурын чөлөөт худалдааны бүс чухал ирээдүйтэй газар. Үүнийг арваад жилийн өмнө байгуулсан. Саяхан тус бүсийн удирдлага солигдсон. Би шинэ захирагчтай нь уулзсан. Чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах хэрэгцээ, шаардлага их байна. Үүнийгээ ч илэрхийлсэн. Одоогоор Цагааннуурын боомтоор шатахуун, гурил, түүхий эд импортоор орж ирж байгаа. Цаашдаа малын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой.

 

-Аялал жуулчлал хөгжих боломжтой томоохон бүс нутгийн нэг Баян-Өлгий аймаг мөн. Энэ утгаараа хувийн хэвшлийн анхаарлыг ихээхэн татдаг. Танай аймгийн орлогын нэг чухал эх үүсвэр нь аялал жуулчлал байх.

 

-Тийм ээ. Аялал жуулчлалын салбар манай улсад тэр дундаа баруун бүсэд шинэхэн хөгжиж буй салбар. Манайд үндэсний гэж хэлж болох “Бүргэдийн баяр” жил бүрийн аравдугаар сард болдог. Үүнийг салбарын яамнаас онцгойлон дэмжиж, тус арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орноос жуулчин ирдэг. Энэ жил Ховд аймагт малын халдварт өвчин гарсан ч шаардлагатай арга хэмжээг даруй авч, уламжлалт баяраа аймгийн төв орчим тэмдэглэсэн. “Бүргэдийн баяр”-т нийт 800 гаруй жуулчин оролцсон. Тэр үеэр зочид буудлын хэрэгцээ маш их байсан. Жуулчны компаниуд зарим жуулчнаа гэр барьж, уламжлалаараа угтаж авсан. Манай аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэж үздэг. Дээрх арга хэмжээний үед онгоцны нислэг, дэд бүтцийн асуудал, зочид буудлын хүрэлцээ, үйлчилгээний хангамжийг сайжруулах, анхаарах зүйл их байгаа нь харагдсан. Аялал жуулчлал бол ажлын байр бий болгох, иргэдийн орлогоо нэмэгдүүлэх сайн боломжийн нэг мөн. Манай аймгийн хувьд нисэх буудлын хүчин чадал, нислэгийг нэмэгдүүлэх, нислэгийн тариф хямдруулах нэн их шаардагдаж байна.

 

-Өлгий сумын нутагт үер болж, нөхцөл байдал хүндэрсэн. Иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад ямар ажил хийгдсэн бэ?

 

- Өнгөрөгч зун олон өрх үерийн гамшигт өртсөн. Үерийн улмаас 360 гаруй айл, 1480-аад иргэн хохирол амссан. Орон нутгийн өмнөх удирдлагууд тодорхой хэмжээний ажил эхлүүлснийг бид үргэлжлүүлэн шуурхай шийдвэрлэж 160 айлд газар олгож, шинэ хороолол бий болгосон. Хороололд эрчим хүчний шугам сүлжээг татаж, улсаас олгосон 90 гаруй гэрийг байр сууцгүй болсон иргэдэд хуваарилсан. Мөн зургаан гүний худаг барьж, хоёр км цахилгаан татуулж 40 м.кв талбай бүхий байшин барьж өгсөн. Гамшигт өртсөн өрх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд 20 гаруй газраас тусламж ирснийг иргэдэд хүргэсэн. Гамшгийн хохирлын хэмжээ хоёр тэрбум төгрөг давсан. Бидэнд ирсэн дэмжлэг тусламжаар 1.4 тэрбум төгрөгийн тусламжийг айл өрхүүдэд өгөөд байна. Олон компани аж ахуйн нэгж гараа сунгасан. Энэ дашрамд бидэнд тусламж үзүүлсэн Засгийн газар болон бусад байгууллага, гаднын байгууллага хүмүүст Өлгийчүүдийнхөө өмнөөс талархал илэрхийлж байна.

 

- Та Монгол-Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцоод ирсэн. Энэхүү чуулга уулзалтын талаар ярих уу?

 

-ОХУ-ын Новосибирск хотод аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд «МонголОросын хамтын ажиллагаа – 2016» эдийн засгийн форум болсон. УИХ-ын зарим гишүүд, ХХААХҮ-ийн дэд сайд, баруун 5 аймгийн Засаг дарга нар, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо. Манай аймгаас Асгат-Кент компанийн захирал Сайдолда, ХАҮТ-ийн дарга Мурат нар оролцсон. Чуулга уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, талууд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гаралтай органик хог хаягдлыг боловсруулж эрчим хүч гаргах шинэ экотехнологийг Монгол Улсад нэвтрүүлэн нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Мөн баруун бүсийн аймгуудаас ОХУ-руу мах экспортлох асуудлыг хөндөж, хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн орон нутагт мах, сүү боловсруулах үйлдвэрүүд барих, мал эрүүлжүүлэх талд хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээрүүд хийгдлээ. Цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж авахаар тохиролцлоо. Орос хэлний багш урьж ажиллуулах, улмаар залуучуудыг ОХУ-ын их, дээд сургуулиудад сургахаар тохиролцлоо. Чуулга уулзалтаар Цагааннуурын чөлөөт бүсийн талаар тайлан тавьж, танилцуулга хийсэн. Мөн Новосибирск хотод Баян-Өлгий аймгаас суралцаж байгаа оюутнуудтай уулзаж сургууль, дотуур байртай танилцаж ректор, багш нартай нь уулзсан. Манай аймгаас тус хотод 35 оюутан сурч байгаагаас 12 нь бэлтгэл курст, найман оюутан I курст, зургаан оюутан II курст, дөрвөн оюутан III курст, гурван оюутан IV курст, магистрт-1, докторантад-1 хүн тус тус сурч байгаа. Тэд жилд 55 мянган рубль сургалтын төлбөрт төлдөг. Сард дотуур байранд 500 рубль төлж байна. Энэ нь бусад оюутнуудаас 30 хувийн хөнгөлттэй сурч байна гэсэн үг. Тус хотын ХАА-н Их сургуультай хамтран ажиллаж онц сурдаг оюутнуудыг үнэгүй сургах талаар гэрээ хийсэн.

 

100 ХОНОГТ ХИЙСЭН ТОМООХОН АЖЛУУД

 

АЙМГИЙН ТӨВИЙН 328 М2 ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙЛГЭВ

 

        Баян-Өлгий аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох замын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Уг замыг Хятадын «Хуашинг» компани гүйцэтгэж 2018 он гэхэд ашиглалтад өгнө. Засаг дарга А.Гылымхан ажлын явцтай танилцаж хугацаандаа багтааж чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тус замын ажлыг хянаж зөвлөгөө өгөхөөр Улаанбаатараас зөвлөх инженер Энхжаргалаар ахлуулсан мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

 

“АВГАФ” САНГИЙН 60 МЯНГАН ДОЛЛАРЫН ТУСЛАМЖААР ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ӨРХҮҮД ЭРЧИМ ХҮЧ, ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛОВ

 

        Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт болсон байгалийн гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон ард иргэдэд Кувейт улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ХАЛИД ИАТИМ АЛЬ ФАДЛИГын дэмжлэгээр КУВЕЙТ ДАХЬ АВГАФ ОЛОН НИЙТИЙН САНГИЙН санхүүжилтээр гамшигт өртсөн айл өрхүүдэд дэмжлэг үзүүлж, цахилгаантай болгох, гүний усны худгийг барих хөрөнгийг шийдвэрүүллээ.

 

ГАМШИГТ НЭРВЭГДСЭН 360 ӨРХӨД 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

 

        Үерийн улмаас 360 гаруй айл, 1480- аад иргэн хохирол амссан. Орон нутгийн өмнөх удирдлагууд тодорхой хэмжээний ажил эхлүүлсэн байсан. 160 өрхөд газар олгож, шинэ хороолол бий болгосон. Хороололд эрчим хүчний шугам сүлжээг татаж, улсаас олгосон 90 гаруй гэрийг орон гэргүй болсон хүмүүст хуваарилсан. Мөн 6 гүний худаг барьж, 2 км цахилгаан татуулж 40 м.кв талбай бүхий байшин барьж өгсөн. Гамшигт өртсөн иргэдийн нөхцөл байдлыг сайжруулахад 20 гаруй газраас тусламж ирсэн. Үүнийг иргэдэд хүргэсэн. Гамшгийн хохирлын хэмжээ хоёр тэрбум төгрөг давсан. Бидэнд ирсэн дэмжлэг тусламжаар 1.4 тэрбум төгрөгийн тусламж айл өрхүүдэд өгөөд байна. Олон компани аж ахуйн нэгж гараа сунгасан.

 

ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТҮРГЭНИЙ МАШИНААР ХАНГАХ, ЭМНЭЛЭГ БАРИХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН

 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн байр 1975 онд ашиглалтад орсон. Тухайн үед аймаг 50 мянган хүн амтай байсан. Одоо хүн амын тоо 100 мянга буюу хоёр дахин өссөн. Тиймээс эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэд үйлчилгээ авахад бэрхшээлд гарч байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх шаардлага бий. Эрүүл мэндийн сайд манайд айлчилж, эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан. Шинэ эмнэлэг барих, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх талаар яригдсан. Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй ч уг асуудлыг цаг алдалгүй шийдэхээр төлөвлөж дээд байгууллагуудад хандаад зураг төсвийг гаргаад байна.

 

НОВОСИБИРСКИЙН ФОРУМД ОРОЛЦОЖ МАХ ЭКСПОРТЛОХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

 

ОХУ-ын Новосибирск хотод 2016 оны 10-р сарын 26-30-ны өдрүүдэд «Монгол-Оросын хамтын ажиллагаа – 2016» эдийн засгийн форумд оролцож хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, талууд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гаралтай органик хог хаягдлыг боловсруулж эрчим хүч гаргах шинэ экотехнологийг Монгол Улсад нэвтрүүлэн нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. Мөн баруун бүсийн аймгуудаас ОХУ-руу мах экспортлох асуудлыг хөндөж, хамтран ажиллахаар боллоо. Мөн мах, сүү боловсруулах үйлдвэрүүд барих, мал эрүүлжүүлэх тал дээр хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээрүүд хийгдлээ. Цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж авах, орос хэлний багш урьж ажиллуулах, залуучуудыг ОХУ-ын их, дээд сургуулиудад сургахаар тохиролцов.

Ж.НАСАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)