М.Саакашвили Одессын захирагчаас огцорно гэв
- 2016-11-12
- Орон нутаг
- 0
Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Украины мужийн захирагчийн суудлаас огцрох хүсэлтээ илэрхийллээ. М.Саакашвили нь эх нутгаасаа зугтан гарч Украинд ирсний дараагаар өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхийлөгч Петр Порошенко түүнийг Одесс мужийн захирагчаар томилсон юм. Тухайн үед Украины Ерөнхийлөгч авлигын эсрэг тэмцэх асуудлыг нэгдүгээрт тавьж, Михаил Саакашвилийн Гүржийн Төрийн тэргүүн байхдаа авлигын эсрэг хэрэгжүүлж байсан бодлогыг нь өндрөөр үнэлэн, мужийн захирагчаар томилжээ. Гэтэл Михаил Саакашвили “Биеийн байдал сайнгүй байгаагийн зэрэгцээ орон даяар аалзны тор мэт сүлжсэн авлига, хээл хахуулиас залхаж байна” гэв. Мөн тэрбээр Украины Засгийн газрын зүгээс авлигын эсрэг тэмцэх арга хэмжүүрүүд нь хангалтгүй, үр дүнгүй байгаа тухай ч дурджээ. Тэрбээр Украин шиг их авлигын хэрэгтэй нүүр тулж байгаагүй бөгөөд авлигын бүлэглэлүүдийг хүчээ авахад Ерөнхийлөгч П.Порошенко нөлөөлсөн хэмээн мэдэгдэж байсан юм. Иймд мужийн захирагчийнхаа суудлыг хүлээлгэн өгч, өөр шинэ тэмцэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)