УИХ-ын гишүүн С.Жавхлан телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэр болон дээрх хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсан үйл явдлын талаар телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэвлэлийнхэнд мэдээллээ. 

Хэвлэлийн хурлын эхэнд тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг монголын тал худалдан авсан талаарх асуудал олон нийтийн дунд тодорхойгүй байгаа Тиймээс миний бие Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” сувгийн захиралд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын Засгийн газар худалдан авахаас татгалзсан, дотоодын аж ахуйн нэгж 49 хувийг нь эзэмших болсонтой холбоотой асуудлаар бүх талыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийнэ үү гэдэг хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн юм. Уг бичгийн хариу ирсэн бөгөөд “Таны хүсэлтийн дагуу уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох хүмүүсийг нэвтрүүлэгт оролцуулахаар урьсан ч ирсэнгүй. Үйл явдалд холбоотойгоор талууд урилгыг хүлээн авсан тохиолдолд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад бэлэн байна” гэсэн байсан. Ингээд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах бэлтгэл ханган, өдөр, цагаа товлон ажиллаж байхад нь "Монголын мэдээ" сувгийн захирлыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захирал арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ажлаас нь халсан байна. Нээлттэй хэлэлцүүлэг явуулахад яагаад ийм саад тотгор тавьж байна вэ. Тиймээс Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ миний бие албан бичгээр хүргүүллээ.

Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захиралд 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт “Монголын мэдээ” сувгаар дээрх асуудлаар холбогдох талуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг явуулах цаг олгож өгнө үү гэсэн хүсэлтээ хүргүүлсэн. Мөн энэхүү хэлэлцүүлэгт оролцоно уу гэж зайлшгүй үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал, тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж буй “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн захирал зэрэг хүмүүст урилга хүргүүллээ. Түүнчлэн өмнөх Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүдийг санаачилгаараа ирнэ хэмээн найдаж байна. Улсын Их Хурлын гишүүн, ард түмний төлөөллийн хувиар ийм санаачилга гарган, 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт эдгээр хүмүүстэй болзоо тогтоон, үүнийгээ ажил хэрэг болгохоор явж байна” хэмээв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)