УИХ-ын дарга М.Энхболд өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзлаа
- 2016-11-23
- Топ сэдэв
- 0
ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна.
Манай улсаас 2016 оны Азийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат, 2016 оны Азийн аварга Мөнхдэмбэрэлийн Пагамдулам, 2016 оны Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Наранболдын Содбилэгт, Зүүн өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Нямдаваагийн Энхболор, 2016 оны сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Баттулгын Тэнүүнболд нарын зэрэг 22 хүүхэд оролцох аж.
УИХ-ын дарга М.Энхболд тэднийг хүлээн авч уулзах үеэрээ:
-Дэлхийн хэмжээний тэмцээнд Монголоо төлөөлж оролцох гэж байгаа багачууд та нартай Монголын төр, засгийг төлөөлж уулзаж байгаадаа баяртай байна. Оюун ухааны спорт шатрыг төр, засгаас байнга дэмжиж байдаг. Сүүлийн жилүүдэд олон сайн шатарч, шүүгчид манай улсаас төрөн гарлаа. Ялангуяа хүүхэд багачууд маань тив, дэлхийн болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байгаад би их баяртай байдаг. Монголдоо шатрыг хөгжүүлэх үйлсэд хүн бүр хичээн зүтгэх ёстой. УИХ шатрыг ивээлдээ авсан. Миний хувьд Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээнийг ивээлдээ авч зохион байгуулж байна. Төв аймгийн бүх сумын дунд сургуулиудад шатрын клуб байгуулсан.
Шатар бол хүүхдийн оюун ухааныг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг, тэвчээр хатуужил, зөв хүмүүжил олгодог сайхан спорт. Та бүхэндээ Дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөөрэй гэж захья гэв.
Уулзалтын дараа УИХ-ын дарга М.Энхболд хүүхдүүдэд бэлэг гардуулж, дурсгалын зураг татуулсан бол шатарчин багачууд УИХ-ын даргад өөрсдийнхөө гарын үсэгтэй шатрын хөлөг бэлэглэв.
Уулзалтад Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Ц.Цогбаяр, Т.Сумъяа, багийн ахлагч, дасгалжуулагч, Олон улсын мастер Ц.Лхагвасүрэн нар байлцав.
Монгол Улсын өсвөрийн баг, тамирчид 2006 оноос эхлэн дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 5 алт, 5 мөнгөн медаль хүртжээ.
Сэтгэгдэл (0)