Тогтвортой хөгжил 2030:Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган болж байна

 

 

“Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд үндэсний чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт Төрийн ордонд боллоо. Чуулганыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, БОАЖЯ, Сангийн яам болон түнш байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Уулзалтад Ерөнхий сайд илгээлт ирүүлж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Беате Транкманн, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Ногоон эдийн засгийн асуудал хариуцсан дарга ноён Асад Наки нар нээлтийн үг хэлэв.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүгийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэлээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улс байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, олон мянган жилийн тэртээгээс байгальтайгаа зохицон амьдарч ирсэн, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй, эрчимтэй хөгжиж байгаа цөөн орны нэг” хэмээн нээлтийн эхэнд онцоллоо. “Уур амьсгалын өөрчлөлт эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгаль орчны бохирдол, доройтол нь өнөө үед экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын тогтвортой хөгжилд сорилт болж байна. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Тухайлбал, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2,1 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас 3 дахин их байгаа юм. Үүний улмаас гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг хайлах, бэлчээрийн доройтол, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна. Түүнчлэн, хотжилтын нөлөөгөөр агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2,4 дахин нэмэгдсэн. Тиймээс манай орны төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж, байгальд ээлтэй хөгжлийн загвар бий болгохыг эрмэлзэж байна. Бидэнд тулгараад байгаа өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тэргүүлэх салбаруудыг байгальд ээлтэй “ногоон” болгох зайлшгүй шаардлага тулгарч байна хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцлон хэлэв. 

НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Асад Накви  “Монгол Улс нь ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг амжилттай хэрэгжүүлж, бусад оронд дууриал болж буй орон юм” хэмээн энэ үеэр онцоллоо.

Мөн энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж батлуулахын зэрэгцээ бодитой үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, ногоон барилгын үндсийг тавьж, сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулж байгуулах, ногоон үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийг дэмжих ногоон зээлийн сан, эко урамшуулал зэрэг эдийн засгийн хөшүүргүүд бий болгох зэрэг багагүй ажлыг эхлүүлснээ дурьдаж “Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ногоон хөгжил, ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн уриалга”-ыг санаачилж байгаагаа танилцууллаа. Монгол Улс хүртээмжтэй ногоон эдийн засагт шилжих хөдөлгөөний явцат гарсан чухал амжилт нь УИХ-аас 2014 онд Ногоон хөгжлийн бодлогыг баталсан явдал юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Засгийн газраас уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөнд 225 үйл ажиллагааг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард УИХ-аас Тогтвортой хөгжлийн 2030 хөгжлийн үзэл санаанд суурилсан, өөрийн орны онцлог нөхцөл, тэргүүлэх чиглэл, тулгамдаж буй асуудлуудыг нягт уялдуулсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Уг үзэл баримтлалд Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхрага давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, ардчилсан засаглалтай улс болно гэсэн зорилгыг дэвшүүлж 14 чиглэлээр хэрэгжүүлэх 44 зорилтыг тодорхойлсон юм.

Эдгээр зорилтод хүрч чадсанаар Монгол Улс 2030 он гэхэд эдийн засгийн жилийн дундаж өсөлт тогтвортой 6.6 хувиас доошгүй байж,нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17,500 ам долларт хүрч, ядуурлын бүр төрлийг эцэс болгон, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөл хангагдаж, дундаж наслалт 78-д хүрч, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий дэлхийн эхний 70 орны нэг болж, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 оронд багтсан орон болох юм.

БОАЖЯ-ны зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж батлуулахын зэрэгцээ бодит үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ногоон барилгын үндсийг тавьж, сургууль цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулж байгуулах, тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, ногоон зээлийн сан, эко урамшуулал, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслийн санал боловсруулж Уур амьсгалын ногоон санд хандах ажлыг бусад яамд анентлагтай хамтран хийж байна.   Хамгийн сүүлд л гэхэд Японы Засгийн газартай Хамтсарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжүүлсөн төслөөс анхны нүүрстөрөгчийн кредитийг аваад байна.

Өнөөдөр эдийн засгийн асалт буурч, гадаад дотоодын хөрөнгө оруулалт багассан байгаа хэдий ч үндэсний урт хугацааны бодлого, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтоосоо ухралгүй төр хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлж , санхүүжилтийг нэмэгдүүлснээр өмнөө тавьсан зорилтодоо хүрнэ хэмээн зохион байгуулагчид онцоллоо.Үндэсний чуулганы хүрээнд өнөөдөр “Тогтвортой хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, инноваци”, “Санхүүгийн системийг хөгжлийн бодлоготой уялдуулах нь” салбар хуралдаанууд, “Хөгжлийн шийдэл, хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэсэн хэлэлцүүлгийг өрнүүлэв.  Дээд хэмжээний уулзалтад төр хувийн хэвшил болон орон нутгийн Засаг дарга нар, олон улсын байгууллагын 160 гаруй төлөөлөгчид оролцож байна. Үдээс хойшхи салбар хуралдаан “Бүс нутгийн тогтвортой хөгжил” сэдвээр Туушин зочид буудалд үргэлжилж байна хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)