Дөрвөн хүн үл мэдэх шингэнд хордож нас баржээ
- 2016-11-28
- Орон нутаг
- 0
Дорнод аймгийн Халх гол суманд “Зөв боломж” компанийн 13 ажилтан энэ сарын 26-нд үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордож, дөрөв нь нас баржээ. Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар хордсон хүний тоо 21 хүрчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй холбогдож, цахим хурал хоёр удаа яаралтай хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцсан. Энэ үеэр мэргэжил арга зүйн зөвлөмж өгсний дагуу яаралтай эмчилгээ хийж, таван хүнийг гемодиализын эмчилгээнд оруулсан. Хурлын шийдвэрийн дагуу нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай эм, тоног төхөөрөмжөө авч Дорнод аймагт очсон. Одоогоор эмчилгээгээ хийж байгаа бөгөөд зарим өвчтөний биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэсэн. Юунаас хордсон талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт /өнөөдөр/ гарах байх” гэв. Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнээс нөхцөл байдал ямар байгааг тодруулав. Түүний хэлснээр тухайн компанийн ажилтан махны агуулахаас үл мэдэх шингэн зүйл авч өрөөндөө тавьсан бөгөөд түүнийг нь хүмүүс ууж хордсон байна. Одоогоор хордсон хүмүүсийн тав нь аймгийнхаа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
С.Аз
Сэтгэгдэл (0)