Ж.Эрдэнэбат: Монгол Улсын хөгжлийн гарц нь эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай Монгол хүн
- 2016-12-18
- Топ сэдэв
- 0
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дэд дарга,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.
2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байж, олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид Монгол Улсын цаашдын хөгжлийн таамаглалыг боловсруулахдаа дунджаас дээгүүр орлоготой улс орнуудын бүлэгт шилжинэ хэмээн тооцож байсан бол өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна.
Монгол Улсын өмнө тулгараад байгаа хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах үндэсний чадавхийг бүх талаар бүрдүүлэх шаардлагатай байна.
Дэлхийн хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог хөгжүүлж, бүтээмжээ дээшлүүлэн мэдлэгт суурилсан, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарал, хүчээ төвлөрүүлдэг бөгөөд ур чадвартай хүний нөөц болон өндөр технологийн судалгааг хөгжүүлэхэд дээд боловсролын салбар чухал үүрэг гүйцэтгэж, хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ.
Манай улсын хувьд монгол хүний шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулж хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.
Цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан урт хугацааны хөгжлийн зорилтуудыг баримтлахын зэрэгцээ богино, дунд хугацаанд дараах чиглэлүүдийг баримтлан ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:
1. Төрийн бодлого, хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, байгальд ээлтэй технологи бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэхэд чиглүүлэх,
2. Монгол Улсад мэдлэгийн хүчийг төвлөрүүлэхийн тулд гадаадаас эрдэмтдийг урих, тэнд ажиллаж байгаа монгол эрдэмтдийг хамтарсан судалгааны ажилд татан оролцуулах замаар бүтээсэн мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадад экспортлох бодлого барих,
3. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, хөгжлийн ажилд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох зэрэг болно.
Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-той уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна. Үүнд:
· 2016-2020 онд: Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх түвшинд хүрэх,
· 2021-2025 онд: Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер, парк байгуулж, үндэсний дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах,
· 2026-2030 онд: Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоо 2030 он гэхэд бүрдсэн байхаар төлөвлөгдөж, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай боловсруулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:
“Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогыг тодорхойлсон.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дараах байдлаар багцлан авч үзэж болохоор байна. Үүнд:
1. Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
2. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх,
3. Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх,
4. Стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх,
5. Оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг болно.
Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн орчны шинэчлэл, баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулъя.
1. Дээд боловсролын хөгжлийн асуудлыг Боловсролын системийн нэгдмэл байдлын хүрээнд цогцоор нь судалж, эрх зүйн орчны шинэчлэлийг тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан хийнэ.
2. Мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлооход их, дээд сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгааны чадавх, үр өгөөжийг сайжруулах, үр дүнг нь зах зээлийн эргэлтэд оруулж инноваци болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, дэлхийн зах зээлд гаргаж улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багц зорилтыг хэрэгжүүлнэ. Бодлогын арга хэмжээг нэгтгэн багцалж, “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Их сургуулийн үйл ажиллагааг судалгааны чиглэлд хөгжүүлэхийн тулд багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны чадварыг тасралтгүй дээшлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, инновацийн төв болгон хөгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадамжийг дээшлүүлэх, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагыг энтерпренёр сургууль болоход дэмжих зорилгоор “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр нийт 5 сургуулийн 13 төсөлд 485,0 сая төгрөгийн, судалгааны ажлыг дэмжих зорилгоор байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 60 судалгааны төсөлд 1,6 тэрбум төгрөгийн тэтгэлэгт санхүүжилт олгосон байна. Тус төслүүд нь гарааны компанийг дэмжих, судалгааны ажилд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, технологийн шинэ, шинэлэг шийдэл хэрэгжүүлэх зорилготой.
Мөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай түншлэх, туршлагаас нь суралцах, нутагшуулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Монгол Улс- ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр Герман-Монголын Ашигт малтмалын технологийн их сургуулийг байгуулсан. Тус сургуулийн лабораторийн барилга барихад шаардлагатай 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг ХБНГУ олгохоор шийдвэрлэсэн.
Их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахаар 2015 онд “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд 1,2 сая ам.долларын санхүүжилтээр МУИС, ШУТИС-д 12 лаборатори байгуулсан. Цаашид 1,4 сая ам долларын санхүүжилтээр МУИС, ХААИС, ШУТИС, Багшийн их сургуульд дундын ашиглалтын лаборатори нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
3. Сургалтын үйл ажиллагааны чанарын шинэчлэлийн хүрээнд “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байна. Сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүн, төсгөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил хандлагыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээ, тэднээс авсан судалгаанд тулгуурлан урьдчилан тодорхойлж, түүнд зориулан сургалтын агуулга, арга зүй орчиноо сайжруулах, үнэлгээний аргачлалыг өөрчлөн, үр дүнгээ тасралгүй хянаж чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого баримтална.
Ингэснээр сургалтын үр дүнг зөвхөн оюутны мэдлэгийн үнэлгээгээр бус ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн байдлаар нь үнэлдэг системд шилжинэ. Эцсийн үр дүнд онолын өндөр мэдлэгтэй, бүтээлч, практик ур чадвар, чадамжтай, зөв төлөвшил хандлагатай мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Түүнээс гадна хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, судалгааны ажлаа танилцуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаад оршино.
4. Дээд боловсролын чанарын үнэлгээний зөвхөн мэдлэгийг олгодог, шалгадаг аргаас мэдлэгээ хэрэглэх, дүн шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх, үр дүнг тооцох чадвар, бүтээлч сэтгэхүй төлөвшил хандлагыг нь үнэлдэг системд шилжих бодлого баримталж байна. 2016 оны 4 дүгээр сард батлагдсан Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх зүйн байдалд олон нэмэлт өөрчлөлт орсон, түүний дагуу илүү тодорхой болгон баталсан.
Үүнд нийцүүлэн “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” бусад дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд ажиллаж байна.
Дээд боловсролын байгууллагуудад дотоод хяналтын болон хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх, сургууль, хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттай хамруулах, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийг чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийж байна.
Олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрөөс анхдагч нь болж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Хүний их эмч" хөтөлбөр нь Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Энэ хөтөлбөр нь манай улсын олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн 16 дахь хөтөлбөр боллоо.
4. Оюутнуудын нийгмийн баталгааг хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд тэднийг тодорхой хэмжээгээр орлого олох эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлж сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэл, бэрхшээлгүй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг харъяаллын дагуу авдаг, тав тухтай орчинд сурч амьдрах орчин бүрдүүлэх бодлого баримталж байна.
- Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлуулан сургалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодод суралцагчдын сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий байгууллага бөгөөд тухайн байгууллагын төсөвт дотоодын оюутны зээлийн эх үүсвэрийн санхүүжилтэд 2017 оны төсөвт 90.0 тэрбум төгрөг батлагдсан.
- Оюутнууд суралцангаа цагийн ажил, сайн дурын ажил эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг батлан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Боловсролын талаар төрөс баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улс оронд хэрэгцээтэй, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт тавин ажиллах болно.
Боловсролын тогтолцооны хөгжил нь төрийн зөв бодлого, их дээд сургуулийн чанартай сургалтын тогтолцоо, суралцагчдийн суралцах хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт гэсэн олон талуудын тэгш оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр амжилтад хүрэх боломжтой юм.
Иймээс урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан боловсролын салбарын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэн гаргахын төлөө бүхий л талуудын идэвхитэй оролцоо, санаачлага, бодлогын дэмжлэг цаашид ч нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсыг хөгжлийн шинэ дээд шатанд гаргах чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтэн улам бүр олширч байхын ерөөлийг дэвшүүлье.
Монгол Улсын хөгжлийн гарц нь зөвхөн эрдэс түүхий эд бус, эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхийн дахинд нотлон харуулцгаая гэлээ.
Сэтгэгдэл (4)
chuka (43.242.242.182)
uurteigee adilhan hvmvvsiig chi beldeh gee yu
(139.5.217.113)
эх оронд чинь эрдмийн уурхай их байна түүнээ ашиглах . гадаадаас юу ч сураагүй, мөнгөөр диплом авсан хүн юу ч бүтээхгүй.
(122.201.31.21)
ÐÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. Ó¨Ó©ÑÑдөө ÐÐЯÐÐÐÐ. ÐÐÐ ÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ .ÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. ÐÑд ÑүмÑн Ð¥ÐÐÐÐ. Ò®Ñ Ð´Ò¯Ð½ Ð½Ñ ÐÐ. ÐÐРСÐÐÐ Ð±Ò¯Ñ Ð½Ð¸Ð¹Ð³ ÐУРÐÐÐÐ ,ÐУЦÐÐÐÐ. Ðайгаа Ð±Ð¾Ð´Ð¸Ñ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð» ЧÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ . ÐÐ- Ñ Ð°Ð½ ÐÒ¯ÑÑÑÐ»Ñ Ñанааг ÐÐ¥ÐÒ®Ò®ÐÐРХÐÐ ÐÐÐÒ®Ò®ÐÐÐ. ÐÑ Ð¾Ñноо бодÑондоо л ÑÑÑ. Ðдоогийн байдал ÐÑоÑÑ 49 Ñ Ñвиа ÑÑгүүлж Ó©Ð³Ó©Ñ ÑÑÑÑ ÑалÑал, Ðлон Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг Ð°Ð¶Ð»Ð°Ð°Ñ Ñ Ð°Ð»Ñан Ñ Ð¸Ð¹ÑÑ Ñл, 60 ÑÑÑбÑмÑн аÑн-Ñ Ò¯ÑгÑлжлÑл, Ðалга дов Ñанил ÑалÑн авилгал, ÐÐÐÐ- г ÑойÑÑон бÑлдÑÑÑлал, Ð¥ÑÑадÑг Ñ Ò¯ÑÑмжилÑÑн Ð¸Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó©,Ð¥Ò¯Ò¯Ñ Ñд Ñ Ó©Ð³Ñдийг ÑлгаваÑлаÑан ÑÓ©Ñийн бодлого,Ð¥Ò¯ÑÑÑгүй жиÑÑмÑлÑлÑийг Ð½Ð¾Ñ Ð¾Ð¹Ð´ Ñ Ð°Ð½Ð´ÑÑлÑан ХоÑÑн бодлого ÐÑгÑж бÑÑаж бÑдилÑан ÑаÑваÑÑн бодлого ,ÑÐ½Ñ Ð±Ò¯Ñ Ñнд дÑÑгүйÑÑÑн аÑд ÑүмÑн л Ð±Ð°Ð¹Ñ Ñив дÑÑ
(182.160.34.36)
Arabiin bayan ornuud ehleed tuuhii edee ashiglaj bayajsan. Daraa ni hunee undur hugjiltei ornuudad surgasan. Yahaaraa Mongol buhniig esgereeree hiij baidag yum be. Ehleed offshort bgaa munguu oruulj irj ulsaa bosgiyo.
Хоосон байна
Хоосон байна