”Аймгийн онцлох байгууллага”-аар тодорлоо
- 2017-01-09
- Орон нутаг
- 0
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж, ард иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд идэвх, санаачлага гарган, иргэдээ хүндэтгэн, тэдэнд үйлчлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлснээр тус аймгийн Онцгой байдлын газар 2016 оны “АЙМГИЙН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөгдлөө.
Тус газар нь аймаг, орон нутгийн тогтвортой хөгжил, ард, иргэдийн амар тайван амьдралыг хангахад чиглэсэн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд албан тушаалтан, ард иргэдийг сургаж дадлагажуулахад ихээхэн анхаарч ажилласан юм.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий Гал түймэр унтраах, аврах ангийн шинэ депогийн барилгыг ашиглалтанд оруулж, улсын төсвийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагаас 679,9 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татаж, гал унтраах тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлийг бүрэн хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлсэнээр 2016 онд хээрийн түймрийн гаралтыг 100 хувь бууруулж ажиллалаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)