Бүсгүйчүүдийн ЦУСТ гоёл

Барселона хотод цусанд будагдсан 30 гаруй бүсгүй -10 хэмийн хүйтэнд чулуун шалан дээр гурван цаг хэвтэж үслэг ан тэр дундаа булганы арьсаар хийсэн үслэг эдлэл өмсч, хэрэглэхийг эсэргүйцэн үзэл бодлоо илэрхийлсэн аж. 
Нэг булган шубанд ойролцоогоор 65 булганы арьс ордог ба АМЬДААР нь арьсыг нь өвчвөл илүү сор сайтай байдаг гэнэ. 
Халуун амь нөмөрсөн хачин ГАНГАН бүсгүй та ЦУСТ гоёлоос татгалзвал нэг ч болов амьтны амь аврах юм шүү.

Энэ бол үслэг эдлэлээр гангарах дуртай хүмүүст зориулан хэдэн сая амьтдыг тамлан алдаг явдлыг эсэргүүцсэн чимээгүй хэрнээ хамгийн аймшигт жагсаал байлаа. 

Булган шубаны үнэ сүүлийн жилүүдэд эрс хямдарсныг та анзаарсан уу.
Нэг сая төгрөгөөр хүртэл эвтэйхэн хийцтэй шуба худалдаад авчихаж болохоор болж. Зарын сайтууд, фэйсбүүкт эндээс ирсэн, тэндээс явуулсан булган шуба хямдхан зарна гэсэн зар дүүрэн болжээ.

Булгаар гангарах хүсэлтэй ч чадал нь хүрдэггүй хүүхнүүдэд энэ явдал аятайхан зүйл болж байна. Барууны орнууд амьтныг харгисаар тамлан байж, гоёх шаардлагагүй хэмээн үзэж үслэг эдлэлээс татгалзаад эхэлчихсэн.
Дээр дурдсанчлан үслэг эдлэл үйлдвэрлэгчдийг эсэргүүцсэн жагсаал олноороо болж байна. Энэ шалтгаанаар Хятадаас манайд нийлүүлж байгаа булган шубаны тоо огцом өсчээ. Тэр хэрээр нийслэлийн гудамжаар булганы арьс нөмрөөгүй бүсгүйчүүд цөөхөн харагдах боллоо. 
Харин бидний өмсөөд үзчихвэл л энэ насны хүсэл биелж, олны дундаас онцгой нэгэн болж харагдана хэмээн эндүүрдэг энэ гоёлыг хийхэд нүд хальтирам дүр зураг гардгийг та мэдэх үү. 

Хэн нэгний нууцаар хийсэн бичлэгт хятадуудын гарт хананд савуулж буй тэр хөөрхий амьтны нүдэнд юу болоод байна вэ хэмээн хүн танаас асуусан айдас харагдаад өнгөрнө. 

Булган дээл, туулайн үсэн гоёл, үнэгэн захтай шуба гээд соргог сайхан харагддаг үстэй төрсөндөө буруутан болсон амьтдаар гоёх дуртай, хүсэлтэй та youtube-д тавигдсан тэр бичлэгийг олоод нэг үзээрэй.

Бидний бардам гэгч нь нөмөрдөг нэг шубанд дунджаар 18 үнэг, 27 илбэнх, 55 булга, 60 суусар, 170 шиншилла, 250 хэрэм амиа өргөдөг. 
Жилд тавин сая хол давсан амьтан хүмүүсийн гарт балмадаар амиа алддаг байна. Балмадаар гэдэг нь учиртай. Хэрэв амьтны амь тасарвал арьсан дахь сорлог үс нь дагаад үхэждэг учир амьдаар нь өвчдөг.
Ингэж өвчүүлсэн амьтан 10-15 минут тарчилж үхдэг байна. Хамгийн аймшигтай нь 3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог байдаг учир нялхаар нь тэднийг хяддаг гэсэн үг. 
“Энэ бол хүн байгалийн л харьцаа шүү дээ” гэж гангарагчид өөрсдийгөө өмөөрдөг юм билээ. 
Гэвч 250 амьтны арьсыг биедээ нөмөрч, тэдний тарчилж үхсэн гомдолтой сүнсээр гоёно гэдэг хүсэж, мөрөөдөхөөр сайхан зүйл мөн үү. Олон улсад үслэг эдлэлийг эсэргүүцсээр байна.
Тэргүүлэгч брэндүүд үслэг эдлэлээс татгалзсаар байна
Амьтадтай эелдэг харьцахын төлөө олон улсын нийгэмлэгийг “РЕТА” гэж товчлон нэрлэдэг аж. 
Тус нийгэмлэг анх 1980 онд АНУ-д арьс ширний салбарт амьтадтай зэрлэгээр харьцаж буйг эсэргүүцэн нүцгэн жагсаал хийсэн гэдэг. 
Тус нийгэмлэгийн “Амьтны үс нөмөрснөөс нүцгэн явах минь” уриатай эсэргүүцлийн кампанит ажиллагаанд шоу-бизнесийн одод үнэ төлбөргүй оролцсоор иржээ.
1990-ээд оны секс бэлгэдэл гэгддэг Памела Андерсон, “Оскар”-ын шагналт жүжигчин Пенелопа Круз, загвар өмсөгч Жоанна Крупа гээд энэ уриан дор нүцгэлсэн одод цөөнгүй.
Энэ ажиллагааны ачаар дэлхийд нэртэй хүмүүс булга, суусар зэрэг амьтдын үсээр хийсэн хүрэм өмсөхөөсөө бараг тэр чигээрээ татгалзжээ. 
Чанар сайтай үнэ хүрэх хүрэм хийхийн тулд Хятадын наймаачид булга зэрэг амьтдыг амьдаар нь өвчиж буй видео бичлэгийг үзсэн хэн бүхний сэтгэл сэртхийнэ. 

Чухам тэр видеог үзээд домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни Бээжингийн олимпийн нээлтэд оролцохоос татгалзан “РЕТА” нийгэмлэгт элссэн ажээ.
Зөвхөн Хятадад бус ангийн үслэг эдлэл хийдэг бусад бүх оронд сор сайтай эдлэл хийхийн тулд булга, суусар төдийгүй үнэг, туулай, тэр ч бүү хэл муур, нохойг хавхаар бариад тогонд цохиулах юм уу хорт хийгээр хэсэг хугацаанд ухаан алдуулан амьдаар нь өвчдөг байна.
Хятадад нууц камераар авсан видео бичлэгт арьсаа хуулуулсан ч амь тэмцэн тийчлэх суусруудыг овоолон шидэж буйг дуустал нь харж чадах хүн ховор. Ийм ч учраас АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, “Spice Girls” хамтлагийн гишүүн асан Виктория Бэкхем гээд олны танил цөөнгүй хүн ангийн үсэн хувцсаас бүрмөсөн татгалзсанаа мэдэгдэж байгаа юм. 
АНУ-ын Калифорни мужийн Вест Холливуд хот ангийн үсэн эдлэл худалдахыг бүрэн хориглосон дэлхийн анхны хот болсон бол Норвегийн нийслэл Осло хот хувцасны загварын алдарт “Oslo Fashion Week” шоунд ангийн үсэн бүтээгдэхүүнээр оролцоход цээр тавьжээ. 
Мөн Израильд ийм бүтээгдэхүүн худалдахыг хориглосон хууль баталсан байна. 
Түүнчлэн дэлхийд тэргүүлдэг хувцас загварын "Ralph Lauren”, “Vivien Eastwood”, “Calvin Clein”, “Stella McCartney”гээд олон брэнд үнэт үсэн эдлэлээс бүрмөсөн татгалзсанаа зарлажээ.

Ч.Дуламсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)