Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
- 2017-01-11
- Топ сэдэв
- 0
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдах бүртгэл энэ сарын 23-27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Япон төвд явагдах юм байна.
Энэхүү хөтөлбөрт Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын чиглэлээр сурч байгаа 2 эсвэл 3-р курсын оюутнууд хамрагдах боломжтой аж. Мөн Японд суралцах талаар ганцаарчилсан дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг нэгдүгээр сарын 24-27-ний өдрүүдэд авч болох юм байна. Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2017 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй гэнэ. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдох юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
Монгол Улсын иргэн байх.
1987 оны 4 дүгээр сарын 2-ноос 1999 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
- Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
- Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
- Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
- Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
- Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
- Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
- Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
- Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.
Бүрдүүлэх бичиг баримт:
Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)
Дүнгийн тодорхойлолт
Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3х4 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.
Шалгалтын журам:
Бичгийн шалгалт: Япон хэл
Хэзээ: 2 дугаар сарын 19-ний өдөр (Ням)
Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/
Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн 320-777 утаснаас лавлаарай.
Амжилт хүсье.
Сэтгэгдэл (2)
Maitsetseg (103.57.95.211)
Mergejil deeshlvvlex surguuli bag ym bolwuu 26 Nastia baga Angiin bagsh
(202.179.29.190)
bayarlalaa