Н.Энхтайван: Хуулийг шинэчилснээр үл таних юмуу “Цүнх баригч”нэг нөхөр дарга болдгийг таслан зогсооно

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.ЭНХТАЙВАНТАЙ ярилцпаа.

-МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэ хуулийг өөрчлөн шинэчлэх шаардлага, нөхцөл юу байв?

 

-Төрийн дархлааг бататган бэхжүүлэхийн нэг үндэс нь төрийн албан хаагчийн боловсрол, чадамж, ажлын ур чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэ нь төрийн ажлын залгамж чанар, дархлааг хадгалах гол нөхцөл болох нь тодорхой.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албыг төрлийн алба болгож, төрийн албан хаагчдын нэр хүнд унасныг бид мэдэж байгаа. Үүнийг засч залруулахын тулд Төрийн албаны тухай хуулийг өөрчлөн сайжруулах, зарим зүйл заалтыг тодорхой, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж манай намын бүлэг үзсэн.

Төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж буй аливаа алба нь мэргэжлийн, бүх нийтэд тэгш, шударга үйлчилдэг байх учиртай. Сүүлийн үед энэ зарчим алдагдаж хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж, олон нийтэд хүнд сурталтай хандаж байна гэсэн шүүмжлэл их гарах болжээ. Эдгээр нөхцөл байдлын улмаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж буй аливаа алба нь мэргэжлийн, бүх нийтэд тэгш, шударга үйлчилдэг байх учиртай. Сүүлийн үед энэ зарчим алдагдаж хэсэг бүлгиин эрх ашигт нийцүүлэн ажиллаж, олон нийтэд хүнд сурталтай хандаж байна гэсэн шүүмжлэл их гарах болжээ. Эдгээр нөхцөл байдлын улмаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Төрийн албаны тухай хуулийг хамгийн сүүлд 2008 онд шинэчлэн баталсан байдаг. Энэ хууль нь нийт долоон бүлэг, 41 зүйлтэй цомхон байсан бол одоогийн хууль долоон хэсэг, 33 бүлэг, 109 заалттай байх юм. Төрийн бүх шатны албаны харилцааг зохицуулахаар шинэчлэн боловсруулсан учраас ийнхүү том болсон хэрэг.

-УИХ-ын сонгуулиар олонх болсон нам өөрийн мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа эмхлэн байгуулж, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг хийж, томилгоо явуулдаг. Гэтэл төрийн албанд ажиллаж байгаа жирийн албан хаагчид нэг л айдас хүйдэстэй байх шиг санагддаг юм. Энэ байдлыг халах, багасгах ямар хамгаалалт хуулийн төсөлд тусгагдсан бэ?

-Төрийн алба, төрийн бодлого тогтвортой байхыг хэн хүнгүй хүсч байдаг. Гэтэл дээд талдаа Засгийн газар тогтворгүй байгаа нь төрийн албыг сулруулж буй нэг нөхцөл болж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэг Засгийн газрын нас ердөө 1.7 жил байжээ. Аливаа улс орны хөгжлийн гол хүчин зүйл нь төрийн тогтвортой байдал гэж үздэг. 

Тухайлбал, Азийн хөгжингүй 15 оронд хийсэн судалгаагаар төр, засаг нь тогтвортой байсан нь хөгжлийн түлхүүр, татах хүч байжээ гэж дүгнэсэн байх жишээтэй. ХБНГУ-ын Засгийн газар 1990 оноос хойш гурван удаа л солигдсон гээд бодит нотолгоо баримт байна. Манайд Засгийн газар солигдох бүрт яам, агентлагийн нэр, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулдаг. Үүнээс улбаалаад төрийн албан хаагчдын итгэл үнэмшил алдагдах, айдас болгоомжлол төрөх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Энэ байдлыг засч залруулахын тулд хуульд зарим нэг зүйл заалт шинээр оруулсан. Тодруулбал, яамдыг зургаан жил өөрчлөхгүй байх, төрийн нарийн бичгийн даргыг мөн хугацаанд албанд нь тогтвор суурьшилтай ажиллуулах, энэ албанд томилогдох хүн 16-аас доошгүй жил төрд ажилласан байх зэрэг заалтыг тусгасан байгаа.

-Үүнийг “шат дамжуулан албан тушаал ахиулах” гэж томъёолоод байна уу, үгүй юу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Аль нэг яамны газрын дарга гэхэд л төрийн албанд наймаас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан нь тодорхой шалгуур үзүүлэлт юм. Тэгэхгүй бол нам ялангуут л нэг үл таних нөхөр юм уу “цүнх баригч” дарга болоод гараад ирж байна шүү дээ. Өнөөдөр төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байгааг нэмэх, цөөлөхдөө биш гол нь тэднийг тогтвор суурьшилтай, хашиж буй ажил албандаа чин сэтгэлээсээ ханддаг байлгах, ажиллах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлт чиглэж байгаа юм.

-Өндөр боловсрол, мэдлэг чадвартай залуу хүмүүс төрийн албанд ороход багагүй хүндрэлтэй байдаг. Дөнгөж сургууль төгссөн залууд төрд ажилласан дадлага туршлага гэж юу байхав дээ. Үүнийг нээлттэй болгох ямар боломж байна вэ?

-Төрийн албанд тавигддаг шаардлагуудын нэг нь энэ. Залуусыг оюутан байхаас нь, дөнгөж төгсөөд гарч ирэнгүүт нь төрийн албанд бэлтгэх сургалт хөтөлбөрт хамруулахаар хуулийн төсөлд зааж өгсөн. Түүний дараа төрийн албаны шалгалтаа өгч, тэнцсэн тохиолдолд нөөцөд бүртгэх юм. 

Иймэрхүү байдлаар мэдлэг боловсрол, чадвартай залуусаа төрийн албанд татах бодлого барих болно. Бас нэг шалгуур буюу ёс суртахууны байдал, хүмүүжил нэлээд өндөр төвшинд тавигдаж байна. Төрийн албанд үнэнч шударгаар зүтгэх сэтгэлтэй, төр, олон нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёс зүйтэй боловсон хүчин хамгийн чухал болжээ.

-Төрийн албаны шалгалт шударга бус явагддаг, хээл хахуульд идэгдсэн гээд шүүмжлэл, үнэн худал нь үл мэдэгдэх яриа их байх юм. Үүнийг олон нийтэд ил тод явуулж болдоггүй юм уу? 

-Таны хэлсэн шалгалт, төрийн албаны томилгоо зэрэгтэй холбогдсон асуудлыг ихэвчлэн шүүхийнжурмаар шийддэг байсан. Шинэчилсэн хуулийн төсөлд тусгаснаар Засгийн газар төрийн албаны шалгуурыг тогтоох, хариуцлага тооцох эрх мэдлээ бодитоор хэрэгжүүлнэ. Мөн Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, гурван гишүүнтэй байхаар хуульчилж байгаа. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болж ажиллах бөгөөд төрийн албыг мэддэг, ойлгодог, өөрсдөө энд олон жил ажилласан туршлагатай хүмүүс байх юм.

Нөгөө талаар төрийн албан хаагчдыг улс төр, нам бүлэглэлийн эрх ашиг, сонирхлоос ангид байлгахад ихээхэн анхаарч, өмнө нь намын гишүүнчлэлээс түдгэлзүүлдэг байсан бол шинэ хуульд татгалзуулахаар заасан нь нэлээд шийдвэртэй, дэвшилттэй алхам болно гэж найдаж байна.

-Төрийн алба ялангуяа өндөр албан тушаалд очиход тэдэн сая төгрөг өгдөг, намдаа хандивладаг гэхчлэн яриа их гардаг. Ухаандаа авлига гэмээр ч юм шиг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Чих худалч, нүд үнэнч гэдэг дээ. Үзэж хараагүй болохоор мэдэхгүй юм. Ер нь авлигын асуудлыг өөр хуулиар шийддэг. Төрийн албаны тухай хуульд энэ талын зохицуулалт байдаггүй. Зохицуулах ч боломжгүй юм. Гэхдээ төрийн алба сул дорой байгаагаас ийм хэл яриа гардаг байх. Олон улсын байгууллагын судалгаанаас харахад манай улсын авлигын индекс буурахгүй, төрийн алба хүнд сурталтай гэсэн үзүүлэлттэй байдаг нь төрийн албаны сонгон шалгаруулалт муу гэж дүгнэхэд хүргэж байна. Үүнээс зайлсхийхийн тулд хариуцлагыг өндөржүүлэх, сахилга батыг сайжруулах нь чухал юм.

Иймд хуулийн шинэчилсэн төсөлд авлигад өртсөн төрийн албан хаагч эргэж энэ албанд орох боломжгүй гэх ч юм уу буруу, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан түүнээс үүсэх хор хохирлыг өөрөө хариуцахаар тусгасан байгаа. Жишээ нь, хэн нэгнийг ажлаас нь халчихлаа гэж бодоход энэ шийдвэр нь хууль бус болохыг шүүхээс тогтоовол ажилтанд учирсан хохирлыг тухайн албан тушаалтан өөрөө барагдуулах юм.

Өнөөдөр төрийн дунд болон доод албан тушаалтан, албан хаагчдын хувьд хүнд суртлын асуудал багагүй яригддаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд хатуу чанд хариуцлага тооцдог байхаар хуулийн төсөлд тусгасан.

-Хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Хэрэгжилтийг хэдийд эхлэхээр тусгасан юм бол?

-МАН-ын бүлэг болон хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс ирэх хаврын чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлуулах зорилготой байгаа. Хуулийг баталснаар төрийн албанд тулгарсан бүх асуудлыг “өргөс авсан мэт” нэг дор шийдчихгүй л дээ. Гэхдээ ямартай ч төрийн албыг хүчтэй, тогтвортой, ил тод байлгах, олон нийтэд эрх тэгш үйлчлэх нөхцөл бололцоо, хууль эрх зүйн боломжоор хангах зөв суурийг тавих хууль болно гэдэгт итгэл төгс байгаа. Үүнийг дагаад төрийн дархлаа, залгамж чанар улам батжиж, төрийн албыг боловсрол чадвартай, шударга үнэнч, ёс суртахуунтай боловсон хүчнээр бүрдүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж харж байна.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bolih (202.9.43.182)

    2017-01-26

    Хуулийг санаачилж байгаа гишүүд чинь цүнхээ бариулах байтугай хүмүүсийг ажилд авдаг томилдог байсан байж яаж Төрийн албаны хуулийг шинэчилж чадах юм бэ. Өвөрхангайн Тогтохсүрэнгээс өгсүүлээд чааваас даа.